ТӨСВӨӨ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАЯ
2015 оны төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг хуультай. Энэ жишгээр төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг ч дуусаагүй байхад “Төсвийг байгаа чигээр нь хугацаандаа батлах хэрэгтэй” гэсэн үгийг бүлгийн хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлсэн. Харин өнгөрсөн баасан гаригт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Ирэх оны мөнгөний бодлого батлагдлаа гэхэд гадаадын хөрөнгө оруулалт муудсан, төлбөрийн тэнцлийн хямралаас үүдэлтэй ханшийн дарамт өндөр байгаа нөхцөлд төсвийн төсөл энэ чигээрээ батлагдвал ирэх оны эдийн засагт гэгээтэй зүйл харагдахгүй болно.
Хоёр жилийн өмнө Шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бондыг гадаад зах зээлээс босгосон. Түүний эхний хэсгийг хоёр жилийн дараагаас эхлэн төлөх учиртай. Ингэснээр 2017 оны хоёрдугаар сард Засгийн газрын 500 сая ам.доллар, харин арваннэгдүгээр сард Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларын гадаад өрийг төлөх үүрэг хүлээж буй юм. Гэрээ бол гэрээ, зээл авсан бол цаг хугацаандаа төлж таарна. Гол нь үүнийг ямар эх үүсвэрээс бий болгох вэ. Үүнд УИХ одоо л нухацтай хандаж, суурийг нь тавих ёстой аж.
Хэд хоногийн өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэрээ дээрх асуудалд онцгой анхаарч найман зүйл бүхий санал гарган, Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Түүгээр 2017 онд төлөх Засгийн газрын 500 сая ам.доллар, Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларын гадаад өрийг төлөх санхүүгийн эх үүсвэрийг 2015-2016 оны төсвөөс бүрдүүлэх. Чингэхдээ 30 хувийг нь 2015 оны улсын төсвийн хуримтлалаас, 40 хувийг нь 2016 оны улсын төсвөөс бүрдүүлж, үлдэх 30 хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх гарц бий гэж үзжээ.
Мөн 2015 оны улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар батлах. Үүний тулд төсвийн нийт зардлыг хамгийн багадаа 1 их наяд төгрөгөөр бууруулах. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд шилжүүлэх, улсын төсвийн хэмнэлтийг бий болгох, хувийн хэвшлийн идэвхжилийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтад хүүний дэмжлэг үзүүлэх механизмыг болох. Үүний тулд зөвхөн хүүний дэмжлэгэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт төсөвлөдөг байх. 2015 оны төсвийн төслийн орлогын өсөлтийн төсөөллийг 2014 оны хүлээгдэж буй өсөлт (4%)-өөс нэмэгдүүлэхгүй байлгах. Төсвөөс гадуур санхүүжүүлж ирсэн Хөгжлийн банк, Чингис бонд, Самурай бонд болон концессийн гэрээгээр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн зарцуулалтыг 2015 оноос эхлэн улсын нэгдсэн төсөвт оруулж тооцох. Хөгжлийн банк, Чингис болон Самурай бондуудын хүүний төлбөрөөс гадна үндсэн өрийн эргэн төлөлттэй холбоотой зардлыг төсвийн зардалд оруулан, төсвийн нийт тэнцлийг тооцдог болох. Импортын татварын хөнгөлөлтүүдийг түр хугацаагаар зогсоох, гадаад валютын эрэлтийг бий болгох нөлөө бүхий төсвийн зардал (450 тэрбум төгрөг)-ыг бууруулах. Улсын төсвөөр худалдан авах бараа, үйлчилгээг зөвхөн дотоодоос авдаг болох. Энэхүү зохицуулалтыг зөвхөн нэг жил хэрэгжүүлээд зогсоох бус, жил бүрийн төсөв батлахдаа тууштай мөрдлөг болгох шаардлага байна хэмээн үзжээ.
Бүсээ чангалах эдгээр саналуудыг хэрэгжүүлж чадвал ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд оруулж, хүлээгдэж буй их өр төлбөрөө бага багаар дарах боломжийг бий болгох нь гарцаагүй. Нэг товчлуур дараад л аливаа асуудлыг батлах нь амархан боловч ирээдүй хойч үеээ бодсон ухаалаг сонголт хийхэд төрийн түшээд маань арай илүү ул суурьтай хандах цаг нь иржээ.
Э.Заяа
URL: