Ч.Хүрэлбаатар: МАН шинэ Засгийн газарт орохгүй

1415585033_10268444_656193841101457_4459674023418160480_n-МАН-ын тогтоолын төслөөр Ерөнхий сайдыг огцруулчихлаа. Улс төр цаашид хэрхэн өрнөх гээд байна вэ. Одоо МАНАН-гийн Засгийн газар байгуулахаас өөр замгүй боллоо гэх юм?
Эдийн засгийн алдаатай бодлого явуулж улс орныг хямралд хүргэсэн энэ Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналыг УИХ-ын 28 гишүүн гаргасан.  Үүнийг хуралд оролцсон 66 гишүүний 36 буюу 54 хувь дэмжсэнээр Ерөнхий сайд огцорлоо. Улс төр цаашид хэрхэн өрнөх нь тодорхой бус байна. УИХ-д олон суудал авсан АН Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлнэ.  Одоо хэн нэгнийг Ерөнхий сайд болголоо гэхэд тэр хүн нь намынхаа дарга болж чадахгүй бол яах юм бэ? Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг дүрэм АН-д байгаа гэж сонссон. АН-ын шинэ дарга сар хагасын дараа тодрох юм байна гэж ойлгосон. Тэр хүртэл тодорхой бус байдал үргэлжилнэ л дээ. Одоо байгуулагдах Засгийн газар нь түр Засгийн газар байх юм уу.  Өнгөрсөн 2 жил эрх барьсан Иргэний Зориг Ногоон нам, Шударга бус эвсэл бас 3 бие даагч нартайгаа АН ярилцаж шийдлээ гаргаад явна биз дээ. МАН  хамтрахгүй.
-Танай бүлгийн гишүүд түнэр харанхуй байснаар МАНАН-твал ядаж арай дээр гэж байна гэж байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг та дэмжих үү. Үгүй гэж байсан танай гишүүд болохгүй нь юу байхав гэж байна?
МАН энэ Засгийн газарт орохгүй ээ.  Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан УИХ-ын 28 гишүүний 26 нь МАН-ы гишүүд. Засгийн газарт нь орох гэж биш, харин  хэлээд засдаггүй алдаатай бодлогыг нь зогсоох гэж огцруулсан юм.  МАН-ын дарга М.Энхболд хамтрахгүй гэдгээ УИХ-ын чуулган дээр маш ойлгомжтой хэлчихсэн шүү дээ.   Одоо УИХ-д сөрөг хүчин ганцхан байгаа, энэ бол 26 гишүүнтэй Монгол Ардын нам.  Үлдсэн 50 гишүүн бүгдээрээ эрх баригчид шүү дээ.  Элдвээр хуйвалдаж, Засгийн газарт гоё нэр өгч, улс төрөөр тоглох шаардлагагүй. Энэ 50 хүн үлдсэн хугацаанд эрхээ барь, Ардын нам сөрөг хүчин байя, харин 2016 онд ард түмнээр дүнгээ тавиулъя. Өөх ч биш, булчирхай ч биш байх шаардлагагүй.
-Одоо манай улс Засгийн газар ч үгүй, эдийн засаг ч үгүй болж хохироод байгаа юм биш үү. Дараагийн ямар ч Засгийн газар гарч ирээд байдал дээрдэхгүй. Хуучнаараа явсан бол ядаж улсын ажил цалгардахгүй байсан юм шиг ээ?
Засгийн газар ямар хугацаанд байгуулагдахыг Ерөнхий сайдыг санал болгох эрхтэй УИХ-д олон суудал авсан АН мэднэ.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон АН-ы хурлаас харахад тодорхой бус, ойлгомжгүй байдал лав л сар хагасын хугацаанд үргэлжлэх юм байна. Эрх баригч намууд үүнийгээ бодож, тооцсон байлгүй дээ. Засгийн газрын өнгөрсөн 2 жилийн алдаатай бодлогуудыг одоо хүртэл засаагүйгээс үүдэн 2015 оны эдийн засгийн байдал маш хүнд болно гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй.  Сая огцордог Засгийн газар алдаагаа ойлгохгүй, засах чадваргүй байсан учир улс орныг хямралд оруулсан. Хэрэв хуучнаараа явсан бол улс орон бүрэн дампуурах байсан юм.  Шинээр байгуулагдах Засгийн газар маш хариуцлагатай, сахилга баттай бас нэгдсэн бодлогоор ажиллаж байж хямралыг давна. Хэрэв ингэж ажиллаж чадахгүй бол байдал бүр хүндэрнэ.
-АН хагарал улс орны нийгэм эдийн засгийн байдлыг хүндрүүлж байна уу, ардын намын хэт улс төржилт улсыг самарч байна уу?
Сая огцордог Засгийн газрын алдаатай бодлого л эдийн засгийг хямралд оруулсан шүү дээ.  УИХ-ын хяналтаас гадуур, төсвөөс гадуур арваад их наяд төгрөгийг хуульгүй, хяналтгүй юм шиг л зарцууллаа ш дээ.  Төсвийн болон мөнгөний бодлогын арга хэрэгслэлүүдээр бус тэнгэрээс асууж эдийн засгийг удирдан 2 жил улс орныг самарлаа ш дээ.  Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Ардын Нам сөрөг хүчнийхээ хувьд Засгийн газрын алдааг нь хэлж, хариуцлагатай бас туршлагатай намынхаа хувьд засах арга замыг нь хүртэл зааж ирсэн. Даанч эрх баригчид чихгүй бас нүдгүй юм шиг аашилж байсан юм.
-Та МҮОНТВ-ийн төсвийг арилжааны ТВ-үүдэд тарааж өгөх ёстой гэж хэлсэн. Таны ингэж хэлэх болсон шалтгаан ардын намын талаар мэдээлэл МҮОНТВ-ээр гарахгүй байна гэсэн гомдолтой холбоотой юу?
Тэгэж хэлсэн.  Төсвийн 2-р хэлэлцүүлгийн үед энэ саналаар санал хураалгуулна.  Дэмжиж байгаа гишүүд ч их бий.  Яагаад ингэж хэлэх болсон бэ гэхээр, манай нийгэмд байгаа ужгирсан, болохгүй бүтэхгүй байгаа олон асуудлыг зөвөөр шийдэхэд үнэн бодит мэдээлэл ус, агаар мэт чухал үүрэгтэй.  Хуулиараа ийм үүрэг хүлээсэн МҮОНТВ нь сүүлийн үед эрх баригчдыг магтан дуулдаг, нэг талыг хэтэрхий барьсан мэдээллийг ард иргэдэд хүргэдэг, тархи угаадаг телевиз болсон.  Сая огцордог Засгийн газрыг магтаад л, магтаад л байсан, ард иргэдийн амьдрал муудаад л, эдийн засаг муудаад л байсан шүү дээ. Хойд Солонгосын телевиз үзэж байгаа юм шиг байлаа шүү дээ. Хэрвээ үнэн бодит мэдээллийг ард иргэдэд хүргэж, Засгийн газрын бодлогын алдааг ил тод хэлж байсан бол одоогийнх шиг хямрал нүүрлэхгүй л байсан гэж би боддог. Үнэн бодит мэдээлэл өгдөг эрүүл телевизүүд зөндөө л байна шүү дээ.
-Та өмнө Сангийн сайд байхдаа МҮОНТВ-ийн төсвийг батлаад явуулчихдаг байсан биз дээ. Тэр үедээ төсвийг нь арилжааны ТВ-үүдэд өгч болоогүй юм уу. Тухайн үед танд албан тушаал ч байсан шүү дээ?
Би Сангийн сайд байгаагүй ээ. МҮОНТВ ч ийм байгаагүй.  Цөөхөн телевизтэй байхад хөдөө орон нутагт нэвтрүүлгээ гаргадаг телевизүүдэд улсын төсвөөс мөнгө өгдөг байсныг санаж байна.
-Улсын төсөв батлагдахад тав хоногийн хугацаа үлдлээ. (Даваа гаригт 11 сарын 10-н) Ирэх оны төсөв хэр болох шинж харагдаж байна?
Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2015 оны төсөв бол маш муу, дампуу төсөв ш дээ. Эдийн засгийн байдалдаа бодит үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, урсгал зардлаа нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтаа бууруулсан, үр ашиггүй зардал ихтэй, худал тоо ихтэй төсөв орж ирсэн. Хэрэв өөрчлөхгүй бол хямрал улам гүнзгийрнэ.  Хуулийн хугацаандаа буюу 11-р сарын 15 гэхэд төсвийг УИХ батлах ёстой.  Хууль зөрчих эрх УИХ-д байхгүй.  2015 оны төсөв бол хямралын төсөв л байна.
-Монголбанкны валютын нөөц шавхагдаж хасах 650 сая ам.долларт хүрсэн гэж байна. Валютын ханш нэмэгдэх боломж байгаа болов уу? Ам.долларын ханш ирэх онд ямар байх бол?
Валютын нийт бас цэвэр нөөцийн хэмжээ, төлбөрийн тэнцлийн алдагдлын хэмжээ, ирэх онд гадаад валютаар хийгдэх зээлийн хүү, үндсэн төлбөрийн хэмжээг хараад ирэх жил хүнд жил болно гэдгийг олон нийтэд хэлээд байгаа юм.  Бизнес эрхлэгчид, хувь хүмүүс эдийн засгийн талаар үнэн бодит мэдээлэлтэй байж ирэх жилийн ажлаа төлөвлөнө биз дээ. Цэвэр нөөц хасах болсон гэдэг нь үнэн. Нийт нөөц нь 1,3 тэрбум доллар ч төлбөрийн тэнцлийн алдагдал нь 1,4 тэрбум долларт хүрсэн.  Бас ирэх онд төлөгдөх улсын болон хувийн хэвшлийн төлөх гадаад өрийн хэмжээ валютын нийт нөөцтэйгээ тэнцүү болчихсон байгаад хамаг гол асуудал үүсээд байгаа юм.  Төгрөгийн ханш ирэх онд үргэлжлэн унана.
-Төсвөөс гадуурх мөнгөнүүдийг ирэх онд хэрхэн ашиглах вэ? 708 тэрбумын хүү төлнө гээд байгаа. Цалин, тэтгэвэр нэмэх боломжууд Ирэх онд бүсээ чангалах нь дамжиггүй юм биш үү?
Хямралыг давах, бодлогын алдаануудыг засахын тулд ирэх 2015 оны төсөвт дараахь таван өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Нэг. Төсвөөс гадуур хэрэгжиж буй Чингис, Самурай бонд болон үнэ тогтворжуулах төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсөвт тусгаж, хуульд нийцүүлэх. Хоёр. Төсвийн алдагдлыг хуульд нийцүүлэн ДНБ-ий 2 хувьд барих. Гурав. 2012 оноос хойш данхайгаад байгаа төрийн бүтэц, үүнтэй холбоотой зардлыг эрс бууруулж, үр ашиггүй, тэвчиж болох бүх зардлыг танах шаардлагатай. Дөрөв. Хямралд өртөгдөж буй бага орлоготой иргэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд онцгой анхаарал тавих. Тав. мөнгөний бодлоготойгоо нягт уялдуулах.  Хэрвээ ингэж чадвал хонгилын үзүүрт гэрэл гарах боломжтой.

Ч.Хүрэлбаатар: МАН шинэ Засгийн газарт орохгүй.


URL:

Сэтгэгдэл бичих