Хавар соёолсон Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын “мод” намар ургах нь

zaluu_54601d4182c71_1Дуулиан ихтэй ч шийдвэр багатай АН-ын ҮЗХ-ны хурал өндөрлөлөө. Цөөн хэдэн шийдвэрийн нэг нь ҮЗХ-ны хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэгт парламент дахь бусад бүлэгтэйгээ зөвшилцөх эрхийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн тавдугаар сард, хаврын чуулганы хаалтын хуралдаан дээр С.Баярцогт гишүүний дэвшүүлж байсан “Үндэсний эв нэгдлийг байгуулж болно” гэсэн зөвшөөрлийг ҮЗХ өгчихлөө. Бүр тодорхой хэлбэл, АН-МАХН-ын гэрээ бүтэлгүйтлээ, одоо МАНАН байгуулж болно гэж уншигдаж байх жишээтэй.

Дараагийн сонирхолтой шийдвэр нь дараагийн Ерөнхий сайдыг АН-ын дарга Н.Алтанхуяг танилцуулна гэж байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тохиолдолд хамгийн сайн ойлголцох Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг биш гэж үү. Харамсалтай нь “Огт биш” гэж хариулах хүн дэндүү олон тааралдах аж. Тэгээд хэн гэж. Арай анх санаачилсан С.Баярцогт биш биз. Түүнийг шинэчлэлийн Засгийн газрын хаалгаар оруулахгүй гэж Ерөнхийлөгч дөрвөнтөө эсэргүүцсэн гэдэг юм билээ. Харин өнгөрсөн хоёр жилийн дотор бодлоо өөрчилсөн байж болох л юм.

Хошин гэмээр дараагийн хувилбар нь “Женко” Х.Баттулга УИХ-ын дарга З.Энхболдыг “Чи л АН-ын дарга, Ерөнхий сайд болж чадна” гээд түлхээд байна гэнэ дээ. Ерөнхий сайд болохгүйгээ хамгийн түрүүнд мэдэгдэж олны санааг амраасан хоёр кандидат нэгнийгээ санал болгож нам үймүүлэх гэж байна гээд баахан хардав.

Эцэст нь “Авралын Засгийн газрыг байгуулъя” гэсэн санал гаргасан УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал тунаж үлдэж байна. “Хошой” Ерөнхий сайд АН-аас төрсөн тохиолдол ганцхан бий. Тэр нь эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Харин Р.Амаржаргал гишүүн өнөөдрийг хүртэл “Би биш” гэж тунхаглаагүй байна. Тэгээд ч шинэчлэлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж байхад түүнийг Батлан хамгаалахын сайдын суудалд “залах” гэхэд эсэргүүцсэн гэдэг. Үүнийгээ “Миний хувийн зарчмаар бол би Ерөнхий сайд байсан хүний хувьд өмнөх рангаас дооших албан тушаалд очихгүй гэсэн хувийн зарчмаа баримталсан юм” хэмээн тайлбарласан.

УИХ-ын гишүүн бол Ерөнхий сайдаас дээгүүр гэж тэр үзсэн. Мөн УИХ-ын гишүүнээс татгалзахад нь Сонгинохайрхан дүүргийн сонгогчдыг хүндэлсэнгүй, хүссэн суудлаа авч чадаагүйдээ гоморхлоо гэхчлэн шүүмжилж байв. Харин одоо тэр Ерөнхий сайдын суудлыг “Ерөнхий сайдаас дор” гэж үзэхгүй нь лавтай.

Гэхдээ Үндэсний эв нэгдлийн ч юмуу эвсэж хамтарсан Засгийн газарт бусдын эвийг олоод ажиллаад байхаар зөөлөн характертай фигур ч бас биш.

Энэ мэтчлэн яавал эдийн засгийн хүндрэлээс хурдан гаргаж, авралын төсвийг хугацаанд нь батлах вэ гэдэг талаас нь харахаас биш, өнөөдрийн байдлаар “өргөн цээж, өндөр нуруу, царай зүс харж байх цаг хугацаа даанч алга.

Ямартай ч хурд хэрэгтэй. Эвсэх эвсэл, холын хараатай улстөрчийн хожил чухал болохоос өс хонзон, өгөө авааны асуудлаа хойш тавих хэрэгтэй. Гэвч санаачилга АН-ын дарга Н.Алтанхуягийн гарт хэвээрээ байна. Тэрбээр энэ долоо хоногтоо багтан маш хурдтай “маневр” хийж чадаж гэмээнэ намын даргын үүргээ биелүүлчихээд намынхаа Их хуралтай золгоно. Тэр бол АН-ын асуудал. Харин Ерөнхий сайдтай, Сангийн сайдтай болж төсвөө баталж, төрийн дансаа нээлгэхэд яарч байна. Энэ бол бидний хэрэг.

Д.Мөнхмаа

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих