Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны ээлжит бус 43 дугаар хуралдаан хоёр өдөр дараалан шөнө хүртэл хуралдлаа.
Эхний өдөр хуралдаан үдээс хойш 18:00 цагаас эхэлсэн бөгөөд шөнийн 24:00 цаг хүртэл зөвхөн хуралдааныг даргалах гишүүдийг сонгосон юм. Намын дүрэмд ҮЗХ-ны гишүүд хурлыг удирдаж даргалах хүнийг сонгох ёстой байдаг аж. Гэтэл хуралдааны эхэнд Н.Алтанхуяг хурал даргалахаар эхэлсэн бөгөөд үүнийг нь нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл эсэргүүцэж дүрэмд намын дарга нар хурал даргалахгүй гэж заасан байгаа болохоор хурал даргалагчийг гишүүдийн зүгээс сонгоно гэдгийг хэлжээ. Үүний дараа Н.Алтанхуяг “Өөрсдөө индрээс буугаад хурал даргалахад нэрээ дэвшүүлье, ҮЗХ-ын гишүүд үүнээс сонгог” гэсэн саналыг гаргасан аж. Үүний дараа ҮЗХ-ын гишүүд хурал даргалах намын гишүүдийг сонгожээ. Ингэхэд намын гишүүн Д. Баттулга, Д.Бадарсан, Э.Бат-Үүл нар олонхийн санал авч. Харин Н.Алтанхуяг Э.Бат-Үүлээс гурван саналаар дутуу байсан аж. Ингээд хуралдааныг намын удирдлагууд даргалж болохгүй хэмээн тайлбарлаж байсан хэдий ч нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ҮЗХ-ын хурал даргалахаар болжээ. Үүгээр эхний өдрийн хуралдаан өндөрлөсөн байна.
Харин дараагийн өдрийн буюу бямба гарагийн хуралдаан өдрийн 14:00 цагаас эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлаа баталсан байна. Ингэхэд:
1.Цаг уеийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, үүнд АН-ын даргын МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн гэрээний талаар авч хэлэлцэх
2.АН-ын Их хурал хуралдах товыг зарлах
3.Зарим гишүүдэд хариуцлага тооцох тухай Үндсэн дүрмийн хорооны мэдээлэл сонсож шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.
АН-ын даргын МАХН-тай байгуулсан гэрээг Н.Алтанхуяг хүчин төгөлдөр бус гэдгийг хэлж байсан байна. Гэвч Э.Бат-Үүл болон зарим гишүүд гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа хэдий ч УИХ-ын сонгуулиар МАХН нэгэнт гэрээ байгуулж гарын үсэг зурсан гээд шүүхэд хандах боломж байгаа учраас энэ асуудлаас сэргийлэх хэрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг батлаж намын ҮЗХ-ны хуралдаанаас тогтоол гаргах хэрэгтэй гэсэн санал гаргасан аж. Үүний дагуу доорх тогтоолыг гаргажээ.
Мөн хуралдааны үеэр Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах тухай асуудал хөндөгдсөн боловч олонхийн санал авч чадаагүй байна. Товчхондоо бол ҮЗХ-ны хуралдаанаар намын даргаа огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх журам байдаггүй аж.
Түүнчлэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдох Ерөнхий сайдад УИХ-д суудалтай АН-ын үлдсэн 33 гишүүний нэрийг дэвшүүлж үүнээс ҮЗХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг сонгох санал гаргасан байна. Гэвч хэсэг хугацааны дараа З.Энхболд энэ саналаа буцаан татжээ.
Үүний дараа ҮЗХ-ны гишүүд ирэх 12 дугаар сарын найманд намын Их хурлыг хуралдуулах талаар ярилцаж санал нэгдсэн байна. Уг Их хурлын үеэр шинээр сонгогдох Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээс гадна “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр болжээ.
Харин хуралдааны төгсгөлд намын даргыг огцруулахад санал нэгдсэн найман гишүүнийг хөөх тухай асуудал байсан бөгөөд намын гишүүдийг хөөхгүй гэдэгт ҮЗХ-ын гишүүдийн олонх нь санал нэгджээ. Тодруулбал, намаасаа найм эсвэл 15 гишүүнийг хөөсөн тохиолдолд УИХ-д АН олонх болж чадахгүй. Тиймээс АН засаг барих бус харин бусад намуудтай эвсэхээс өөр аргагүй болох тул доорх шийдвэрийг гаргасан байна.
Дээрх асуудлуудыг хэлэлцсэний дараа АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хуралдаан шөнийн 02:00 цагт тарсан байна.
12 сарын 8 болтол тэгээд ЕС-ын үүргийг Тэрбишдагва гүйцэтгэх үү. Энэ хооронд самраад хаях вий дэ. Нааш нь болгож болдоггүй юм уу.