Н.Алтанхуяг: Би намын даргын ажлаа өгөхөд бэлэн
Өнөөдөр 18.00 цагт Төрийн ордонд АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ. Хурал хаалттай болж байна. 17.00 цаг гэхэд ордонд байсан бүх сэтгүүлчийг ордноос гаргажээ.
УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр дүрмийн бус ҮЗХ-ны хуралд суухгүй гэж мэдэгдсэн. Харин хурлын ирц хангалттай сайн байгаа бөгөөд ширүүхэн хурал болж байгаа аж.
АН-ын ҮЗХ нийт 228 гишүүнтэй. Эдгээрээс 174 гишүүн хуралдаа сууж байгаа юм байна.
Хурлыг нээн, АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлжээ. Тэрээр МАХН-ын удирдлагатай байгуулсан гэрээнийхээ талаар тайлбар өгсөн байна. Дараа нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үг хэлжээ.
Намын дарга Н.Алтанхуяг “Шаардлагатай бол би намын даргын ажлаа өгөхөд бэлэн байна. Иймд Их хурлаа зарлан явуулъя” гэсэн байна. 400-аад мянга орчим гишүүнтэй тус намын Их хурал хуралдсанаар ҮЗХ-ноос гаргасан шийдвэрийг эцэслэн баталгаажуулдаг. Тэгэхээр өнөөдрийн ҮЗХ-ноос Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах санал гарсан ч Их хурлаар баталгаажуулах шаардлагатай аж.
Энэ хурлын үр дүнгээс эрх баригч намын хамгийн хүчтэй фракц гэгддэг Алтангадасынхан нам дотроо цөөнх болсон, эсэх нь тодорхой болно. Гэхдээ олон нийтэд хэн АН-ыг даргалах нь хамгийн чухал асуудал болчихоод байна.
Тус нам Алтангадас /Н.Алтанхуяг/, Шонхор /З.Энхболд/, Нэг ардчилал /Х.Тэмүүжин/, МҮДН /Н.Батбаяр/, МоАХ /Х.Баттулга/, Кроун /Д.Нямхүү/, Зүүн Хойд Ази /Л.Болд/ гэсэн фракциудтай.
Дашрамд хэлэхэд АН-ын хяналтын хорооноос Ерөнхий сайдын эсрэг санал өгсөн найман гишүүнийг /М.Зоригт, Б.Наранхүү, Р.Бурмаа, Х.Баттулга, Д.Батцогт, Ж.Батзандан, Р.Амаржаргал/ намаас хөөх шийдвэр гаргасан. Тус хороог казино Л.Байгаль тэргүүлдэг. ҮЗХ-ны хурлаар тэрхүү эсэргүү гишүүдийг хэрхэх нь тодорхой болно. Гэхдээ Хяналтын зөвлөлөөс нэгэнт гарсан шийдвэр шууд хүчин төгөлдөр гэдгийг Л.Байгаль дарга мэдэгджээ.
АН-ын дүрэм ёсоор ҮЗХ-ны хурлыг 30 хоногийн өмнөөс зарлах ёстой байдаг. Харин энэ удаад цаг үеийн асуудлаар ээлжит бус хурал зарласан нь энэ юм.
Хурал түр завсарлаад одоо үргэлжилж байна. Мөн хурал удирдах тэргүүлэгчдээ одоог хүрэл сонгож чадаагүй байна. Хурлын тэргүүлэгчид хэлэлцэх асуудлуудыг танилцуулан, санал хураалт болон тооллого явуулах учир ихээхэн чухал үүрэгтэй. Хурлыг Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл даргалж байгаа юм.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Шонхор бүлгийнхэн өнөөдрийн хуралдаанаар намын даргын асуудлаа нэг мөр эцэслэн шийдэхээр улайрч байгаа аж. Тэд Их хурал зарлан цаг алдах сонирхолгүй байгаа бололтой.
http://news.gogo.mn/r/149796
URL: