Хувьцааны ногдол ашгаа хэрхэн авах вэ?
Тэртээ 1992-1995 оны хооронд өмч хувьчлалын үр дүнд хүн бүр хөрөнгө оруулалтын цэнхэр тасалбараа ашиглан аль ашигтай гэж үзсэн компанийхаа хувьцааг худалдан авч өмчтэй болж байсан.
Иргэдийн дийлэнх нь хувьцаагаа зарж борлуулан, хэрэглэсэн байдаг ч өнөөдрийг хүртэл хувьцаагаа заралгүй ногдол ашгаа хүртээд явж байгаа хүмүүс ч багагүй бий. Чухам зарсан нь дээр байсан уу аль эсвэл хадгалж үлдсэн нь хожсон уу гэдэг тухайн компанийн үйл ажиллагаа, хувьцааны ханш болон, цаг хугацаа зэргээс хамааран харилцан адилгүй.
За юутай ч хувьцаатайгаа үлдсэн хүмүүст зориулан ногдол ашгаа яаж авах талаар бяцхан зөвлөмж бэлтгэв.
Юуны өмнө та тухайн хувьцаат компани ногдол ашиг тараасан эсэхийг мэдэх хэрэгтэй.
Хувьцаат компаниуд жилийн эцэст санхүүгийн тайлангаа гарган хэрэв ашигтай ажилласан бол ямар хэмжээний ашигтай ажилласан, түүнээсээ хэдэн төгрөг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилах талаар Төлөөлөн удирдах зөвлөл нь саналаа боловсруулаад Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэж баталдаг.
Хувьцаа эзэмшигчдийн хурал ихэвчлэн дараа оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтан зохион байгууллагддаг бөгөөд хурал болох өдрөөс 20 орчим хоногийн өмнө хувьцаа эзэмшигчдээ бүртгэдэг. Энэ өдөр та тус компанийн хувьцааг эзэмшиж байсан бол дээр дурдсан эрхүүдийг эдлэх болно.
Тухайлбал 2014 онд дараах компаниуд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бөгөөд бүртгэх өдрийг хүснэгтээр хамтад нь харуулав.
Хэрэв таны хувьцааг нь эзэмшдэг компани ногдол ашиг тараасан бол түүнийг хэрхэн авах аргыг доороос уншина уу.
Хувьцаат компаниуд ногдол ашгаа тараахдаа Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд (ҮЦТТТХТ) байрших таны нэрийн дансанд мөнгийг шилжүүлэх, эсвэл Хувьцаат компани дээрээ тараах гэсэн хоёр хэлбэрээр тараадаг. Чухам аль хэлбэрээр тарааж байгааг та дээрх хүснэгтийн арын баганаас харна уу.
Хэрэв ҮЦТТТХТ дэх таны дансаар дамжуулан тарааж байгаа бол та харилцдаг Үнэт Цаасны Компани (ҮЦК) дээрээ очин мөнгө хүсэх өргөдөл бичин ногдол ашгаа авна. Харин Хувьцаат компани нь өөрийнхөө кассаараа дамжуулан тарааж байгаа бол та харилцдаг ҮЦК дээрээ очин “Бүртгэх өдөр” нь тухайн хувьцааг эзэмшдэг байсан талаар лавлагааг гаргуулан Хувьцаат компани дээрээ очин ногдол ашгаа авах боломжтой.
URL: