Согтуугаар машин бариад хохирол учруулбал тээврийн хэрэгслийг нь дуудлага худалдаанд оруулна
С.УЯНГА
Баян-Өлгий аймагт хичээлээсээ тараад харьж явсан долоон настай бяцхан хүүг согтуу жолооч дайрч амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн сард гарсан…. Гэр бүлийг нь гийгүүлдэг эрдэнээ согтуу жолоочид алдсан эцэг эхийн сэтгэл ямар байгаа бол. Тэр өдөр “алуурчин” согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй бол бяцхан хүү өдийд найзуудтайгаа тоглож, хичээлдээ гүйж яваа. Тиймээс найз нөхөдтэйгээ наргиж цэнгээд ганцхан татсан хэмээн өөрийгөө хуурч жолооны ард суудаг хэнэггүй хүмүүс үрээ алдсан эхийн оронд өөрийгөө нэг тавиад үзээрэй.
Дэлхий даяар “тахал” гэж нэрлэгдээд байгаа зам тээврийн ослоор жил тутам манай гариг дээр 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн тахир дутуу болж байгаа гэсэн сэтгэл өвтгөм баримт бий. Энэ “тахал” манай улсад эрчтэй түгсээр сүүлийн 15 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 5041 хүний амь нас хохирч, 11020 хүн насан туршийн тахир дутуу болсон тоон үзүүлэлт гарчээ. Зөвхөн 2013 онд 460 хүн нас барж, 1282 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Тэдний 37 нь хүүхэд байжээ. Энэ бол хүн ам цөөн манай улсад дэндүү эмгэнэлтэй үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өдөр бүр автын ослоор 1-2 хүн цаг бусаар амиа алдаж байна гэсэн үг юм. Тэгвэл согтуугаар машин жолоодож хүний амь нас хохироогоод байгаа хэрэг яагаад буурахгүй байна. Магадгүй тооцох хариуцлагатай нь холбоотой байх. Тэгвэл гадны улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол маш өндөр хариуцлага оногдуулдаг юм байна. Хятад улсад л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол их хэмжээний торгууль ногдуулж, хорих ял оноогоод хэрэв хүний аминд хүрвэл цаазаар авдаг юм байна. Герман улсад их хэмжээний торгууль ногдуулж сэтгэлзүйн сорил авдаг гэнэ. Харин Дани улсад согтуу жолоочийн тээврийн хэрэгслийг хураадаг бол Украйнд хууль сахиулах болон төрийн албан хаагч согтуугаар машин жолоодвол тав хүртэлх жилээр хорьж, жолоодох эрхийг бүх насаар нь түдгэлзүүлдэг гэнэ. Япон улсад хүний амь хохироовол бүх насаар нь хорьж, согтуу жолоочийн машинд сууж явсан хүмүүсийг 2950 ам.доллараар торгодог. Харин Италид согтуугаар машин жолоодоод хохирол учруулбал тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулдаг. Тэгвэл манай улсад 6 сараас хоёр жил эрхийг нь хасаж, хүний аминд хүрсэн бол цөөхөн жилийн ял оноогоод л өнгөрдөг. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан бол 7-30 хоногоор баричвлана. Тиймээс бусад өндөр хөгжилтэй улс орон шиг тээврийн хэрэгслийг нь дуудлагаар худалдаж, эдийн засагтай нь ярих хэрэгтэй юм шиг. Мөн насаар нь жолоодох эрхгүй болгоход гэмгүй байх. Хууль дүрмээ сахиж мэддэггүй, хүний амь насыг ганц лонх архинаас өгдөг хүмүүс насаараа явган явж л байг. Ингэж л өдөрт хэд хэдээрээ үрэгдэж байгаа цөөхөн хэдэн монголчуудаа хамгаалахаас өөр аргагүй. Ер нь олон түмний нүдэн дээр тээврийн хэрэгслээ дуудлага худалдаанд оруулж байгаа жолоочийг харсан хүмүүс согтуугаар жолооны ард суухдаа нэгийг боддог болох байх.
Зам тээврийн ослын гол шалтгааны 97,2 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс жолооч нарынхаа “но”-г үгүй болгочихвол гэр бүл элэг бүтэн байж архины хор хөнөөлөөс болж торны ард шаналж суух хүмүүсийн тоо ч буурах байх.
Тэд ихэвчлэн хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, архи, дарс хэрэглэсэн, аль эсвэл анхаарал болгоомжгүй явснаас болж осол аваар гаргадаг байна. Архи + Хурд=ҮХЭЛ гэдгийг хүн бүр санаж явах хэрэгтэй.
Баримт 1
2012 оны гуравдугаар сарын 2-ний өдөр ЧД, 7 буудлын замд 11 настай хүү машинд мөргүүлэн эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсаар нас барсан.
Баримт 2
2012 оны гуравдугаар сарын 01-ний өдөр Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсон жолооч машин жолоодож яваад хоёр хүүхдийг хүнд гэмтээж, нэг хүний амь насыг хохироосон байна. Жолооч осол гаргаж, хүн мөргөсөн ч мэдээгүй гэсэн байдлаар хөдөлгөөнөө үргэжлүүлсээр байжээ. Эл хэрэгт жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1.6 жилээр хасч шүүхээс дөрвөн жилийн хорих ногдуулсан байна.
Баримт 3
2012 оны тавдугаар сарын 30-ны өдөр Автобус компанийн жолооч 39 настай эрэгтэй нь үйлчилгээнд явж байх өдрөө найз Б хэмээх 31 настай эрэгтэйд жолоогоо шилжүүлсний улмаас нөгөө жолооч нь 7 настай хүүг дайрч амь насыг нь хохироосон байна. Талийгаач эмээгийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд шүүх эмнэлэгийн үзлэгээр аарцагны далд хугарал, нарийн бүдүүн гэдэс, чацархайн урагдалт, чацархайн няцралт зэрэг хүнд гэмтлийн улмаас нас барсан ажээ. Шүүхээс хэрэгтэн Б-ийн жолоо барих эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан байна.
Баримт 4
2011 оны 11 сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тасганы овооны урд замд 12 настай хоёр хүүхэд, 13 настай гурван хүүхэд тээвэрлэж явсан жолооч яаруу явсны улмаас машинтай мөргөлдөж хоёр хүүхэд нь маш хүнд гэмтсэн байна. Жолооч ослын урд орой нь архи уусан байсан бөгөөд өглөө нь пиво уусан байжээ. Шүүхээс жолоочид 1.6 жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна.
Баримт 5
2013 оны есдүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, хурд хэтрүүлэн явсны улмаас зам тээврийн осол гарч гурван хүүхэд нас барж, таван хүн хүнд гэмтжээ. Тодруулбал, 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр Мөрөн сумаас баруун тийш 10 км-т Тоёота Спринтер маркийн автомашины жолооч М нь хурд хэтрүүлэн явснаас онхолдож, гурван сартай нялх хүүхэд эндсэн бол маргааш нь буюу есдүгээр сарын 20-нд мөн Мөрөн сумын төвөөс баруун тийш 15 км-т Тоёота королла маркийн автомашины эмэгтэй жолооч Э нь хурд хэтрүүлэн явснаас мөн л онхолдож, 13 настай охин газар дээрээ нас барсан хэрэг гарсан байна.
Баримт 6
2013 оны есдүгээр сарын 24-нд Цэнхэрмандал сумын Цэнхэрийн голын гүүрнээс урагшаа 1 км-т Тоёота приус 11 маркийн автомашины жолооч Б нь зам тээврийн осол гаргаснаас 6 настай охин нас барж, 2 хүн хүнд гэмтжээ.
Баримт 7
2013 оны хоёрдугаар сарын 19-нд хоёр настай хүүхэд авто машины ослоор нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Баримт 8
2014 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 хороо буюу Таван буудалын зам дээр цагдаагийн автомашин зам хөндлөн гарч явсан 12 настай С охиныг мөргөж, амийг нь хөнөөсөн ноцтой осол гарсан юм… Цөөхөн баримт дурдахад л ийм.
Эдгээрээс харахад осол гаргаж, хүний аминд хүрсэн жолоочид шүүхээс хамгийн дээд тал нь дөрвөн жилийн хорих ял оногдуулсан байгаа бол зарим жолоочийг тэнсэн харгалзаад өнгөрч байгаа юм.
URL: