Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудалдаа үлдэхийн тулд намын гишүүдийнхээ эсрэг намынхаа гишүүдийг турхирч байна
АН-ын бүлэг хуралдаж чадалгүй хэд хонов. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хамгаалах асуудал дээр саналаа нэгтгэх гэхээр бүлгийн гишүүдийнх нь ирц хүрэхээ байсан аж. Өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа Ерөнхий сайдыг огцоруулахгүй. Тэгэхдээ гишүүн бүр гарын үсэг зурж бичигээр баталгаажуулья гэж намынх нь удирдлагууд санал гаргасан гэдэг. Үүнийг нь олон гишүүн эсэргүүцсэн юм. Бид АН-ынхан болохоос биш Хойд Солонгосын Коммунист нам биш гэсэн хэрүүл болсон сураг гарсан. УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд бүлгийн хурлаа хаяад гарч явсан тухай мэдээлэл ордноор тараад удлаа. Тэгвэл өчигдөр бас л АН-ын бүлгийн хурал болох гэтэл ирц нь хүрээгүй аж. Орой болтол удирдлагууд нь гишүүдээ хүлээж утас цохицгоожээ. Эцэст нь нэгэн мэргэн арга олж гишүүдээ ганц ганцаар нь дуудаж гарын үсэг зуруулжээ. Хичнээн гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцоруулахгүй гэж гарын үсэг зурж, ам тангарагаа өгсөн талаарх мэдээлэл алга. Зарим нь утсаа салгаад алга болсон сураг ч гарав.
Үүнээс гадна УИХ дахь АН-ын гишүүд ихээхэн ууртай алхах болов. Намын дарга бацаануудаар биднийг дарамтлуулах гэж байна. Тийм юм байхгүй. Тэгж хандвал харин ч өөрөөр ярина шүү гэсэн хэдэн гишүүнтэй таарав. Учир нь АН-ын удирдлагын зүгээс Н.Алтанхуягийг хамгаалах олон акцийг хийж ирсэн. Тухайлбал:
1. УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга, хотын захирагч Э.Бат-Үүл нарыг огцоруулах асуудлыг хөндүүлсэн. Э.Бат-Үүлийг огцоруулах гарын үсгийг ч зураад эхэлчихсэн.
2. МАН-ынхантай нийлж гарын үсэг зурсан Ж.Батзанданг намаас хөө гэсэн бичигийг аймгуудын АН-ын дарга нараар бичүүлж, түүнийгээ цахимаар олон нийтэд түгээх ажиллагааг өрнүүлсэн.
3. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцоруулах гарын үсэг цуглуулж байгаа УИХ-ын гишүүн М.Зоригт түүний туслахыг тагнуулын байгуулгаас шалгасан.
4. Аймаг, сумын анхан шатны байгууллагын гишүүдээр АН-ын далбаан дээр Н.Алтанхуягийг огцоруулахгүй байхыг уриалсан гарын үсэг зуруулж Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нарт гардуулсан.
5. Аймгуудын АН-ын дарга нараар УИХ-ын дарга З.Энхболдод дарамт үзүүлэх гэсэн оролдлого хийсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн.
6. Н.Алтанхуягийг огцоруулахгүй байх уриалгыг АН-ын гишүүд дэмжигчидийн холбоо гэгчээр гаргуулсан.
7. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайдыг огцоруулах кноп дарна гэдэг АН-руу буудаж байгаа хэрэг шүү” гэж намын гишүүддээ анхааруулсан гэх мэт олон үйлдлийг хийсэн. Харин үр дүн нь өнөөдөр гарна.
Эндээс харвал Н.Алтанхуягийг хамгаалан босч байгаа АН-ын нөлөө бүхий гишүүн алга. Ахмадын холбооны Г.Баасан, шүүмжлэгч Т.Хасбаатар, аймгуудын АН-ын дарга нар гэсхийгээд л дуусч байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын УИХ дахь гишүүд удирдлагынхаа эдгээр дарамтын харьцаанд ихээхэн дургуйцэх болсон гэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр акциуд нь үр дүнгээ өгөхөөсөө илүү ардчилалыг ярьдаг гишүүдэд дарамт болон ойлгогджээ. Ялангуяа АН-ын гишүүд дэмжигчидийн холбооны Т.Хасбаатар гэгчийн урилга УИХ-ын гишүүдийн дургүйцэл, эгдүүцэл хоёрыг зэрэг хүргэсэн гэнэ. Уг холбооноос “Н.Алтанхуягийг огцоруулахаар санал өгсөн гишүүдийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх”, “Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг огцоруулахын төлөө саналаа өгсөн гишүүдийн тойрогт очиж хариуцлага тооцон ажиллана” гэсэн марзан мэдэгдэл уриалга гаргасан юм. Шууд л рекет юм даа. Т.Хасбаатар гэх нөхөр байнга л иймэрхүү шүүмжлэл өрнүүлж явдаг этгээд л дээ гэж АН-ын УИХ-ын гишүүд өөр хоорондоо ярилцаж байна. Тэр ч бүү хэл манай тойрогт очиж надтай хариуцлага тооцог л дээ харья, намайг ирэх сонгуульд дэвшүүлэхгүй байхыг үзье л дээ, Н.Алтанхуяг иймэрхүү бацаануудыг илгээх тусам уур хүрч байна гэж ярих гишүүд олон болжээ.
Ийнхүү Н.Алтанхуяг суудалдаа үлдэхийн тулд намын гишүүдийнхээ эсрэг намынхаа гишүүдийг эрчимтэй хөдөлгөсөн нь хир үр дүнтэй болсныг өнөөдөр харах үлдлээ.
24tsag.mn
URL: