Болзоо /өгүүллэг/

7946Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ. Генерал Грантын төмөр замын төв буудлын орой дээр байрлуулсан том дугираг цагийн зүү зургаан цагт зургаан минут дутуу болохыг зааж байлаа. Өндөр нуруутай, наранд түлэгдэж борлосон хүрэн царайтай армийн залуу дэслэгч галт тэрэгнээс дөнгөж буугаад цаг яг хэд болж байгааг харахаар мөнөөх цаг уруу харав.

Дэслэгч Брандфорд зугаахан минутын дараа урьд өмнө нь хэзээ ч зүс царайг нь хараагүй эмэгтэйтэй уулзах болзоотой юм. Түүнд дайны үеэр сэтгэл түгшин айж байгаа тухайгаа захидал бичиж байснаа гэнэт эргэн санажээ. Мөн байлдааны хамгийн аймшигтай мөчийг дурсан бодлоо. Сөнөсөн нисэх онгоцноосоо шүхрээр буухад дайсны цэргүүд бах нь ханасан байдалтай малийталй инээгээд өмнө нь зогсож байхыг хэзээ ч мартаж чаддаггүй билээ.

Тэрхүү тулалдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өнөө эмэгтэйгээс авсан захианд “Мэдээж, чи айж байгаа. Зориг зүрхтэй бүх л хүн айдаг. Хуучин гэрээний алдарт Давид хаан айж эмээхийг мэддэггүй байсан гэж үү? Тэрбээр айсандаа л Библийн хамгийн нэртэй 23-р Дууллыг бичсэн шүү дээ.

Ширүүн тулалдаан дунд чамд өөрөө өөртөө итгэхээ болих цаг ирж магадгүй. Үхлийн сүүдэр дунд алхаж явахдаа Бурханы гайхамшигтай ивээл чамтай хамт байна гэдгийг ойлговол чи чөтгөрөөс ч үл айх болно.” хэмээн бичсэн байлаа. Урам хайрласан ийм сайхан захидал бичсэн эмэгтэйн дуу хоолойг Брандфорд төсөөлж үзлээ. Дөрөвхөн минутын дараа түүний ярихыг яг бодитоор нь сонсоно гэхээс зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилно. Хажуугааар нь шүргэх шахан өнгөрөх нэгэн эмэгтэйг хараад дэслэгч Брандфорд эргэлзэв. Энгэрт нь улаан өнгийн цэцэг зүүлттэй харагдав.

Гэхдээ тэр нь ярьж тохирсон бяцхан улаан сарнай бус, гүн улаан өнгийн алтан зул гэгч өөр цэцэг байлаа. Бас тэгээд дэндүү залуу, хорь орчим настай байжээ. Холлис Мэйнил өөрийгөө гучин настай гэдгээ нуулгүй хэлсэн. “Би гучин хоёртой, бид хоёрхон насны зөрүүтэй” гэж бодоход Брандфордод нэг л сайхан санагдана. Флоридын цэргийн сургуулийн номын санд байсан “Хүмүүн боол” гэсэн ном түүний анхаарлыг ихэд татсан юм.

Хүний дотоод зүрх сэтгэлийг эмэгтэй хүн тийм нинжин сэтгэлээр ойлгож чадна гэдэгт Брандфорд огтхон ч итгэдэггүй байлаа. Гэтэл тэрхүү номын хавтсан дээр Холлис Мэйнил гэсэн эмэгтэй зохиолчийн нэр байв. Брандфорд Нью-Иорк хотын телефон утасны жагсаалтаас түүний хаягийг олж авснаар тэд захидлаар харилцдаг болжээ. Тэд арван гурван сарын туршид бие биедээ тасралтгүй захидал бичжээ. Ямар ч хүнд хэцүү сэдэв хөндөж бичсэн байхад Мэйнил түүнд үнэчээр хариу өгдөг байлаа. Ийнхүү Брандфорд түүнд итгэж, түүнийг хайрлах сэтгэлтэй болжээ.

Гэвч Мэйнил Брандфордын хүссэнээр зургаа явуулахаас татгалзсан байна. Энэ нь төдийлөн сайхан санагдаагүй нь мэдээж хэрэг. Гэхдээ Мэйнил “Чи намайг ойлгож надад үнэнч сэтгэлээр хандаж байгаа л бол миний ямар харагдах нь огтхон ч хамаагүй. Намайг гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж битгий бод. Эс тэгвэл чи миний гаднах төрхөнд татагдаж мөрөөдөх болно. Тийм өнгөц хайр надад ердөө ч хэрэггүй агаад миний сэтгэлд эгдүүцэл төрүүлнэ. Намайг жирийн нэг эмэгтэй гэж бод. Ер нь ч би жирийн л нэг эмэгтэй. Зургаа явуулаач гэж надаас дахин бүү хүсээрэй.

Чи Нью-Иоркод ирэхдээ надтай уулзана. Тэгээд яахаа шийдээрэй. Бид цаашид хамт байх уу, эсвэл болих уу? Алиныг нь ч сонгож авсан бид чөлөөтэй гэдгийг ойлгоорой” хэмээн юуны тулд зургаа явуулахаас татгалзсан байгаагаа тайлбарласан юм. Зургаан цагт нэг минут үлдлээ. Гэнэт Брандфордын зүрх сэтгэл нь түүний онгоц ч хүрээгүй тийм өндөрт байгаа мэт догдолж эхэллээ. Гоо үзэсгэлэнт нэгэн эмэгтэй түүний өмнөөс чиглэн алхана. Өндөр нуруутай, бас тэгээд гуалиг нарийхан Цайвар шаргал үс нь чихнийхээ араар мушгиралдан унжина. Тормолзсон алаг нүдтэй. Уруул нь булбарай болоод эелдэгхэн. Цайвар ногоон өмсгөл нь эгээ л хаврын навч адил. Дэслэгч түүний сарнай цэцэг зүүсэн эсэхийг нь үл анзааран өмнөөс нь угтан алхав. Брандфордыг дөхөж ойртмогц сээтэн хаясан бяцхан инээмсэглэл уруулд нь тодорч, бүсгүй “Цэрэг гуай, намайг дагаад явахгүй юу? Уулзах хүн тань энд байна.”гэж шивнэх аядан хэлэв.Тэгээд Брандфорд Холлис Мэйнилийг олж харлаа. Гуч нилээд гарсан, намхан нуруутай нэгэн эмэгтэй залуу бүсгүйн ард зогсож байлаа. Тэрбээр нилээд махлаг бүдүүн хөлөндөө намхан өсгийтэй шаахай угласан харагдана. Бас тэгээд хүрэн бор өнгөтэй хүрэмнийхээ үрчийж үнгэгдсэн заханд улаан сарнай цэцэг зүүсэн байлаа. Ногоон хувцастай өнөөх залуу эмэгтэй тэр дорхноо алга болсон байлаа.

Брандфордын зүрх сэтгэл хоёр хэсэгт хуваагдсан мэт санагдаж байлаа. Энд зогсож буй хижээл насны эмэгтэйн байдал түүнийг гүнээ эзэмдэж, түүнтэй уулзаж учирах ёстой байсан хэдий ч залуухан эмэгтэйн араас ухаан жолоогүй дагаад алхчихмаар санагдав. Өмнө зогсож байгаа эмэгтэйн махлагдуу тунгалаг царай нь эелдэг дөлгөөхөн болохыг нь тэр дөнгөж сая л олж харлаа. Сайхан хар нүд нь сэтгэлд дулаахан инээмсэглэнэ.

Энэ бол Холлис Мэйнил мөн гэдэгт дэслэгч Брандфорд огтхон ч эргэлзсэнгүй. Тэрээр өөрийн таних тэмдэг болсон цэнхэр хавтастай “Хүмүүн боол” номыг гартаа атган зогсоно. “Хайр дурлал байх албагүй шүү дээ. Энэ бол хайр дурлалааас ч илүү үнэ цэнэтэй байж чадах үерхэл нөхөрлөл юм” гэж дотроо гэнэт бодсоноо Брандфорд өргөн мөрөө хавчиж түүнтэй мэндэлж, урам хугарсан, сэтгэл балмагдсан хэдий ч гартаа атгасан мөнөөх номоо түүнд өглөө.

– Би дэслэгч Жон Брандфорд байна. Харин та .. Та хатагтай Мэйнил мөн үү? Надтай уулзахаар ирсэнд тань баярлалаа. Үдийн хоол хамт идэж болохсон болов уу? хэмээн асуухад эмэгтэйн царайд ичингүйрсэн инээмсэглэл тодорч:

– Энэ чинь юу гэсэн үг вэ? Хүү минь, би огтхон ч ойлгохгүй байна. Дөнгөж сая хажуугаар минь өнгөрсөн ногоон хувцастай залуухан эмэгтэй энэ сарнай цэцгийг хувцсан дээр чинь зүүж өгөх үү гэж надаас гуйсан юм.

Тэгээд чамайг надтай хамт гадуур явъя гэж хүсвэл, замын хажууханд байгаа тэр зоогийн газарт хүлээж байгааг дамжуулаарай гэсэн. Энэ нь нэг ёсондоо чамайг туршиж байгаа юм уу даа. Харин би хоёр хүүгээ галт тэрэгнээс буухыг хүлээж байгаа юм гэж саахь эмэгтэй тайлбарлав. Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих