Хотын захиргаа болон цукубагийн их сургууль ногоон хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Япон улсын Цукубагийн их сургуулийн Тогтвортой байгаль орчны судалгааны докторын хөтөлбөрийн дарга Маки Цужимуратай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Цукубагийн их сургуульд нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх богино болон дунд хугацааны сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулах, хотод тулгамдаж буй асуудлын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, сургалт, зөвлөмж авах зэргээр урт хугацаанд хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль, орчин ногоон хөгжлийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын 7 албан хаагч Цукубагийн их сургуулийн Байгаль орчны шинжлэх ухааны сургуульд “Байгаль орчны шинжлэх ухаан-Тогтвортой байгаль орчин” сэдэвт сургалтад 2014 оны 10 дугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд хамрагдлаа.
Сургалтаар агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийн чиглэлээр шинжлэх ухааны ололт, амжилтыг тусгасан, сүүлийн үед ашиглагдаж буй арга, технологийн талаар туршлага судалж, мэргэжил дээшлүүлсэн байна. Цукубагийн их сургууль нь Япон улсын хамгийн эртний, улсын их сургуулийн нэг бөгөөд 28 салбар сургуультай бөгөөд Япон Улсын шилдэг 10, Азийн 22000 их сургуулиас шилдэг 20-д багтдаг, экологи-байгаль хамгаалал, эдийн засаг, хууль, физикийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, сургалтаар дэлхийд танигдсан шилдэг их сургууль юм. Цаашид Улаанбаатар хотыг эко-ногоон, эрүүл, аюулгүй хот болгох зорилтын дагуу Цукубагийн их сургуультай хамтарч олон ажил хийхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: