Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

hui112Нотариатын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ойртуулах үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, үйлчилгээний хөлс, зардлыг хэмнэх зорилгоор нотариатын үйлчилгээ үзүүлэх субьектийн хүрээг өргөтгөн хуульчилжээ. Тухайлбал, нотариатч ажиллаагүй сумдад тухайн сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны эрх зүйн ажилтан, түүний эзгүйд сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн ажлын албаны дарга, түүний эзгүйд төрийн сангийн төлөөлөгч, эсхүл нийгмийн бодлогын ажилтан нотариатын үүрэг гүйцэтгэхээр төсөлд тусгажээ.

Төрийн байгууллага түүний дотор бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуульд заасан үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулж нотариатч өөрсдийн гэрчилсэн үйлдлийн мэдээллээр цахим сан үүсгэх, мэдээллийн санд байршуулах, бүртгэлийн байгууллагад дамжуулах, баяжуулах, түүнчлэн бүртгэлийн байгууллагад лавлагаа, хүсэлт гаргах зэргээр цахим үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг шинээр нэмж тусгажээ.

Нотариатын үйлчилгээг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Нотариатын тухай хуульд тус тус зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж байгаа одоогийн зохицуулалтыг өөрчилж, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн дээд сургууль, гадаад улсад эрхзүйн чиглэлээр суралцаж бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн мэргэшлийн шалгаруулалтад оролцох эрхтэй байхаар, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгох зэрэг олон өөрчлөлтийг тус хуулийн төсөлд тусгажээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар,

Нотариатын үйлчилгээний хүртээмж дээшилж, үйлчилгээ иргэдэд ойртоно. Олон улсын жишигт нийцсэн нотариатын зарим төрлийн үйлдлийг гэрчлүүлэх (үйлчилгээ авах) хууль зүйн боломж иргэдэд бий болно.

Нотариатын үйл ажиллагаа эрхлэх хуульд заасан нөхцөл, шаардлага өөрчлөгдөж, мэргэшлийн шалгалтыг шударга, ил тод явуулах боломж бүрдэнэ. Нотариатын үйл ажиллагаанд гардаг түгээмэл зөрчил эрс багасч, зөрчил гаргасан нотариатчид хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэнэ.

Хууль тогтоочдоос эрх олгосны дагуу өмнө нь баталсан дүрэм, журмыг хуульчилж, хариуцлагын тогтолцоог хуулиар нарийвчлан тогтоодог болно гэж үзэж байгаа юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нотариатын тухай хуулиар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байна. Энэ зөвшөөрлийг нийт 281 хүн авснаас нийслэлд 192, орон нутгийн тойрогт 74 нотариатч үйлчилгээ үзүүлж, 15 нотариатч тусгай зөвшөөрлөө хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих