Төлбөрөө төлөхгүй бол газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоно
-Газрын татвар хураалт хэдэн хувьтай явагдаж байна. Энэ хүрээнд татвараа төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагуудын эрхийг цуцлах гэж байгаа гэсэн үү?
-Нийслэлийн Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах тухай захирамж гарсан байгаа. Энэ дагуу бид татвар хураалтыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Уг нь Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны алба нь нийслэлийн төсөвт төлөвлөгөөр 742.2 сая төгрөгийн газрын төлбөрийн орлогыг хуримтлуулах үүрэг хүлээсэн байгаа. Одоогоор энэ ажил 74 хувьтай явагдаж байна. Гэтэл зарим нэгэн газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын хөтөлбөрийг төлөхгүй байна. Тиймээс газар ашиглах, эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор болсон.
-Танай дүүргийн хэмжээнд хэчнээн байгууллага газрынхаа төлбөрийг төлөөгүй байна вэ. Нэрийг нь дурьдаж болох уу?
-Одоогоор 13 аж ахуйн нэгж газрынхаа төлбөрийг төлөөгүй буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор байна. Тодруулбал, “ЗМБИ”, “Агурутан”, “Скай инфинит”, “Жи энд Ар”, “Байгаль эх шугуй”, “Эко тогтоол”, “Голланд байшин”, “Патитайм”, “Эл И Жи Пи”, “Маркиза” зэрэг компаниуд, “Зоос”, “Төрийн банк” гэсэн газрууд төлбөрөө төлөөгүй байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нийтдээ 22.4 сая төгрөгийн газрын төлбөр төлөх ёстой байтал төлөхгүй төсөвт хүндрэл учруулж байна. Ихэвчлэн зуслангийн зориулалтаар газар эзэмшиж, ашигладаг газрууд байгаа.
-Аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөө төлөхийг шаардсан албан шаардлага хүргүүлдэг биз дээ?
-Уг нь эдгээр аж ахуйн нэгжүүд газар эзэмших эрхтэй учир газрын төлбөр төлөх ёстой гэдгээ мэдэж байгаа. Газар эзэмшиж, ашиглах гэрээ ч байдаг. Гэтэл хуулийн дагуу үүргээ биелүүлэхгүй байна. Бид төлбөрөө төлөхгүй байгаа эдгээр газар эзэмшигчидтэй эхлээд утсаар холбогдож хэлсэн. Харин одоо хугацаатай албан шаардлага өгөхөөр бэлтгэж байна.
Энэ хугацаанд амжиж төлөхгүй бол Газрын тухай хуулийн дагуу эрхийг нь цуцална. Өөрөөр хэлбэл, хоёр жил дараалан газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1.6-д эзэмшиж буй газраа зориулалтын бусаар ашигдлаж байвал газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хуулийн зохицуулалт бий.
-Газрын төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоож өгдөг юм бэ. Аж ахуйн нэгж бүр өөр өөр байдаг уу?
-Ер нь газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа газрын хэмжээ нь янз бүр байдаг. Дээд тал нь хоёр га, доод тал нь 400 ам метр хүртэл газар эзэмшиж байна. Тиймээс төлбөрийн хувьд ч харилцан адилгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн газар эзэмшигч хэр хэмжээний газар, ямар зориулалтаар ашиглаж байгаагаас хамаараад Газрын тухай хууль болон НИТХ-ын тогтоолын дагуу төлбөрүүдийг ногдуулсан.
-Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор тухайн аж ахуйн нэгжид буцаан нөхөн төлбөр төлөхгүй биз дээ?
-Нөхөн төлбөр төлөхгүй. Учир нь аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн өмчийн газрыг зохих хууль тогтоомж, гэрээний дагуу түрээсээр эзэмшиж, ашиглаж байгаа. Гэтэл гэрээний дагуу ашиглаж, эзэмшиж чадахгүй байгаа учир төр эргүүлээд газраа авч байгаа гэсэн үг. Ер нь бол газрын төлбөр татвартай л адил орон нутгийн төсөв төвлөрүүлдэг татварын нэг төрөл юм.
Ж.Отгонмягмар
URL: