Улайдаг, улайдаггүй ХАМЕЛОН
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд яг 17 хонов. Түүнийг ирээд буцсан энэ ахархан хугацаанд Н.Энхбаяр гэж хэн юм бэ, ямар хэмжээний манлайлагч, улстөрч вэ гэдгийг олон хүн харж, хүссэн эс хүссэн сүрдэв, хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөв. Нөгөө талаар Н.Энхбаяр өөрийн тойрон хүрээлэгчдийнхээ хэн нь хэн бэ гэдгийг бас таньсан явдал болов. Товчхон түүх сөхье.
Н.Энхбаяр МАХН-ын нэрийг дахин сэргээж, үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд МАН хэмээх нүсэр аппарат яахаа мэдэхгүй мэгдэж, түүний толгой улстөрчид хувийн шийдвэрээ гаргах эгзэгтэй цаг үетэй нүүр тулсан билээ. Энэ үед Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нарын олонд танигдсан улстөрчид МАХН-ын батлахаа сэргээж, Н.Энхбаярыг түшихээр ирснээ зарлаж, хэвлэлийнхэнд амьсгаа өндөртэй мэдэгдэж байв. Энэ бол чухамдаа Н.Энхбаярыг Төрийн ордонд 300 хуудас баримт дэлгэж хэвлэлийн хурал хийсний маргааш үүрээр дамжлан ачсан 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнөтэй давхцдаг. Тэд МАНАН-гийн засаглал яаж ялзарсныг харснаа хэлж, хувь хүнийхээ болон улстөрчийнхөө хувьд Н.Энхбаярыг дагаж, МАХН-ын батлахаа сэргээж байна, энэ үеэс улс төрд шударга ёсыг тогтоох тэмцэл эхэллээ хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед олон нийтийн зүгээс дээрх нэр бүхий улстөрчдийг дараагийн сонгуульд өндөр сэнтийд залрахын тулд өнгө зүсээ хувилгаж байна, удахгүй зангаа таниулна, Д.Тэрбишдагва ч тэр, Ч.Улаан ч тэр ХАМЕЛОН гэцгээж байсныг өнөөдөр санах нэг нь санаж байгаа биз ээ. Ямартай ч эл үйл явдлын дараагаас МАХН хэмээх улс төрийн хүчин дээрх эрхмүүдийн удирдлагад шилжиж, шат шатны сонгуульд Н.Энхбаяр гэсэн ганцхан нэрээр нүүр тахалж, тэр нь ч үр дүнгээ өгсөн гэхэд өнөөдөр үгүйсгэх хүн бараг гарахгүй. Сайн эцгийн нэрийг арав хувааж иддэг гэдэг шиг Н.Энхбаярын буянаар Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн, Шадар сайд болсон бол Ч.Улаан УИХ-ын гишүүн, Сангийн сайдын өндөр сэнтийд давхар дээлтэй халууцаж суух ямбыг олж авсан хувь заяаны шоглоом ингэж эхэлсэн түүхтэй.
Н.Энхбаяр намаа төвхнөхийг, бэхжиж, тогтворжиж, цар хүрээ нь тэлэх тэр үед эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорив. Эзэнгүй үлдсэн энэ намыг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын хүмүүс авч явах үүргийг давхар хүлээх нь угаас илэрхий зүйл байлаа. Н.Энхбаяр ч тэдэнд сайдын сэнтий, гишүүний суудал бэлдэж өгсөн хүний хувьд намаа амаар нь шороо үмхүүлэхгүй, ардуур урдуур нь хор гүйлгэхгүй шиг аваад явчихна гэж найдсан биз. Харамсалтай нь Н.Энхбаярын эзгүй хоёр жилд МАХН яг ямар байдалд орсон юм бэ?
Намын нарийн бичгийн даргаар Г.Шийлэгдамба сонгогдов. Нийтдээ МАХН чиглэл тус бүрийг хариуцсан найман нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж, бусад улс төрийн хүчнүүдийн нэгэн адилаар намын үйл ажиллагаа, цар хүрээг тэлэх, хөдөө гадаа дахь хөл гараа бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийж, хэрэндээ л хөдөлгөөнтэй байв. Гэхдээ алсад суугаа Н.Энхбаярын хувьд хангалтгүй санагддаг зүйл байсан биз, байсхийгээд л МАХН-ын удирдлагууд Солонгос ниснэ, Монголд буух тоолондоо ямар нэг гэнэтийн үйлдэл гаргана. Энэ нь өөрөө гэрийн эзнийг эзгүй хойгуур итгэл өгсөн зарим хүмүүсийн ил далд гар хөлнөөс ч үүдсэн байхыг үгүйсгэхгүй. Ингэсээр хоёр жил ч өнгөрөв. Харин хоёр давхар цагаан байшингаас хоригдож одсон Н.Энхбаяраар нүүр тахлан байж төрийн сэнтийд заларч авсан улайдаггүй Улаан, улайдаг Дагва хэмээх хоёр сайдын сураг гаралгүй, усанд хаясан чулуу, ууланд төөрсөн ишиг шиг юм болов. Юу яасан намын дэд дарга, хэний юуны гишүүн мишүүн. Энэ байдал намын эгэл жирийн гишүүдийн уур бухимдлыг ихэд төрүүлээд зогссонгүй яг хоёр жилийн өмнө намын батлах горьдож зогссон харцны цаана албан тушаалын атгаг санаанаас өөр юу ч байхгүй дээ гэсэн таамгыг баталчихсан хэрэг болов. Сүүлийн нэг жилийн хугацаанд МАХН Шударга ёсны хуралдай бүсчилсэн зөвлөлгөөнийг зохион байгуулсан байдаг. Гэтэл энэ зөвлөлгөөнүүдэд шар чихний хэлтэрхий, улаан даавууны өөдөс ч олж хараагүй намынх нь гишүүд бүр ч их эгдүүцсэн нь ойлгомжтой. Олон хүүхэдтэй айлын авгай шиг Шийлэгдамба л шаварт унасан шарын эзний үлгэрээр нарийн бичгийн дарга нартайгаа хөдөө гадаа явж намынхаа гишүүдэд чихээ дөжиртөл загнуулж, Н.Энхбаяр даргыг нэхүүлсэн байдаг юм билээ. Нэг үгээр Н.Энхбаяр ирснээр албан тушаалдаа ташуурч одсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан мэтийг чөдөрлөж, бас зөв тийш нь ташуурдана гэсэн гишүүдийнх нь итгэл үнэмшил баттай оршиж байсан гэдгийг өнөөдөр илэрхий харж байна.
Н.Энхбаяр ч ирлээ. Тэр өөрөө хүссэн эс хүссэн МАХН хэмээх айлын эцэг хүний хувьд гэр доторх асуудлаа цэгцлэж, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ санал шүүмжлэлийн дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргах нь тодорхой зүйл. Түүнд гишүүдийнх нь зүгээс хамгийн ихээр захиж, анхааруулж хэлсэн зүйл бол мөнөөх л намын нэрээр төрийн өндөр албан тушаалд гарчихаад намаа мартчихдаг зарим нэг хүмүүстэй хариуцлага тооцох тухай байв. Нөгөө талдаа угаас Засгийн газрын бүтэц нүсэр гэсэн шүүмжлэл дагуулж, зарим сайд нарыг цомхотгох, бүр тэдгээр хүмүүсийн нэр дуулдаж эхэлсэн.
МАХН-ын даргын хувьд хэн энэ намд юу гийгүүлсэн хоёр жил байсан юм бэ гэдгийг дүгнэж, хэнийг яах вэ гэдэг нүүдлийг эртнээс тооцоолсон нь ойлгомжтой. Тэр угаасаа улс төрд энэ олон жил оршин тогтнож, нэр нөлөөгөө өнөөдрийг хүртэл хадгалж ирэхдээ шагнал зэмлэл хоёрыг өөрийн хүмүүстээ оновчтой өгч чадсаар ирсэн нэгэн. Тиймээс энэ тухай асуудал МАХН-ын XI дүгээр бага чуулганы халуун сэдэв болох нь ойлгомжтой байв. Нөгөө талаар нэгэнт Засгийн газрыг хамтран барьж байгаа хоёр нам урьд нь байгуулсан Хамтын ажиллагааны гэрээгээ урт хугацаанд үргэлжлүүлэх, зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах талаар өмнө ярьж байснаа баталгаажуулах магадлал өндөр байсны зэрэгцээ, тус хоёр намын нэгдүгээр эгнээнийхэнд энэ мэдээлэл ойлгомжтой байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч эхнээсээ жиг жуг хийгээд амжив.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг харин энэ үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва сүүлээ гэнэтхэн шарваад БНСУ руу зугатчихав. Уг нь бол намын дэд даргын хувиар Д.Тэрбишдагвыг Н.Энхбаяр их л хань болно гэж найдсан ч өнөөх нь сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг ахиад л өнгө зүсээ хувилгаад зугатсан нь тэр. Хоёр нам ч Хамтын ажиллагааны гэрээгээ байгуулав, МАХН ч Бага чуулганаа хуралдуулав. Хэрэг явдал нэгэнт дуусангуут сэргэлэн шар маань их л ягаавтар царайтай “Зүүн Азийн паралимпийн нээлтэд тамирчдаа дэмжиж, урам өгсний ачаар тэд арван алтан медальтай ирлээ дээ” гэсэн шүү юм яриад сууж байхав. Ер нь бол мань эр энэ үйлдлээрээ өөрийгөө Шадар сайдын болоод намын дэд даргын суудалд ямар их хайртай байгаагаа харууллаа. Өөрийнх нь сэнтий ганхаад эхлэнгүүт суудлаа хамгаалахын төлөөх арга саам сэдэхдээ Солонгос хүртэл явж жүжиг дэглэх вэ дээ. Хэрэв тийм биш юм бол намынх нь дарга нь ирж байхад, дэд даргын хувьд хамтарч улс төрийн ажлаа ярилцаж, мөн шийдэлцэх хамгийн чухал хүн нь явж явж өөр хэн ч биш Тэрбишдагва.
Гэхдээ нэг л бишээ Дагва, намынхаа даргатай битүүхэн дайн зарлаад төлөвлөсөн ажилд нь тус дэм болсонгүй. Олны үг ортой гэж тэр үнэхээр МАХН гэдэг айлын эзний орыг булаахаар санаархсан ч байж мэдэх. Н.Энхбаяр МАХН нэрийг сэргээж улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй бол МАН-д мажийх гэж байсан Дагва кадрт Шадар сайд битгий хэл шалдан гишүүний суудал олдох улс төрийн ямар ч таамаг, тооцоо тухайн үед байгаагүй. Тийм ч болохоор тэр намаа сольж, батлахаа сэргээсэн гэдэг нь өнөөдөр Шадар сайдын сэнтийгээс дүүжлэгдээд ч болов салахгүй гэж улайрч байгаагаас нь тод харагдаад байх юм. Түмний нэрийг барьж төрийн хэргээр түвчигнэдэг дуракууд мөн ч их юм. Мартсанаас илжиг их дэлдэн амьтан.
Харин Ч.Улааны хувьд Сангийн сайдын суудал нэгэнт өөрөөс нь холдсоныг гадарлаад УИХ-ын чуулганы танхимаас “Намайг манай нам суудлаа өг гэлээ” гэсэн товчхон үгийг хэлээд өөрийгөө цэвэрхэн авах гэж үзэв. Тэр бүү хэл эдийн засгийн хүндрэл валютын ханшийн галзуурлаас болж 7000 аж ахуйн нэгж дампуурч хаалга барьсан гэсэн мэдээлэл байна. Мөн улсын гадаад өрийн хэмжээ 19.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-тэй харьцах харьцаа 63 хувьд хүрсэнээс гадна өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш 24-87 хувиар өссөн гэсэн судалгаа Сангийн яамтай ямар нэг байдлаар хамаардаггүй, Улаан сайдад падгүй гэж хэлэв. Эцэст нь сайдын суудлаас сугарахдаа хүрэхдээ намынхаа нэрээр нүүрээ хамгаалаад үлдэх аргад шилжив.
Хүлгийн сайныг унан байж мэддэг гэх билээ. Морь байсан бол энэ хоёр эрхэм хээр явгалах унаа байж. МАХН-д матрын нулимс унагаж ирсэн эл хоёр эрхэм эцэст нь хоёулаа уснаас хуурай гарах арга замыг эрж ийнхүү өнгөө хувиргав. МАН-аас МАХН руу анх орсон шалтгаан, одоо МАХН-аа манжлаад арьсаа хамгаалж байгаа энэхүү үйлдэл нь ч магадгүй тэдний улс төрд өнөөдрийг хүртэл явж ирсний нууц байх. Улааны нэр нь улаан гэх өнгийг заах боловч тэр улаан биш шар хүн. Тэрбишдагвын хувьд шав шар хүн атал улайх нь тун амархан. За тэр ч ямар хамаа байхав, хүний эрээн дотроо, могой эрээн гаднаа гэдэг үнэн юм.
Н.БАТАА /MNB.MN/
URL: