“Журам”-гүй Ж.Ганхуягийн дүрэмгүй тоглолт

Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг уншигчид сайн мэднэ. Тэдгээр байрнуудыг энэ жилээс дахин төлөвлөлтөд хамруулан нурааж буурин дээр нь цоо шинэхэн орон сууцнуудыг сүндэрлүүлэх болсон юм. Гэтэл иргэдийн хүсэн хүлээж байсан зүйлд дүүргийнх нь засаг дарга болон төрийн түшээдтэй харьцаад сурчихсан ичих нүүрээ элгэндээ наасан компани саад болсоор удсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсээр ирсэн.

Фүжи Холдинг нь монголчуудад хэдийнэ шалгарсан чанар болоод буй япон технологиор орон сууцнуудыг барина, тэр хугацаанд Нэхмэлийн шарын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгон, улмаар орон сууцуудаа барьж дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөө санал болгосон нь оршин суугчдад ихэд таалагдсан байна. Гэтэл Засаг дарга Ж.Ганхуягийн лоббигоор тендерт ялах гэсэн “Орчлон констракшн” ХХК-ийн зүгээс албан тушаалтнуудтай л учраа олж байвал иргэдийн юу гэх нь хамаагүй гэсэн байдлаар харьцаж эхэлсэн төдийгүйсонгон шалгаруулалтад хоцорсон хариуцлагагүй үйлдлээ засах гэж элдвээр оролдож эхэлжээ.

Урилга хүлээн авах хугацаа ёсоор 2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр 11.00 цагаас Нэхмэлийн шарын орон сууцнуудыг дахин төлөвлөж барилгажуулах саналаа Фужи Холдинг ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүлээлгэн өгсөн бол Орчлон констракшн дурдсан хугацаанаас хойш буюу 11.00 цагаас хоцорч ирэн саналаа өгөхөөр маргалдаж, “Сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга болох Ж.Ганхуягтай бид ярилаа, материалаа үлдээгээд яв гэж байна” хэмээн эрээ цээргүй аашилсан нь дүрс бичлэгээр баталгаажин үлдсэн байдаг.

Ийнхүү сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацаанаас хоцорсон Орчлонгийнхон дараагийн алхмаа хэрэгжүүлж эхэлсэн нь мөн л Ж.Ганхуяг даргын үйлдлээс харагдаж эхэлнэ.

Ингээд Ж.Ганхуяг эцсийн аргаа хэрэглэж тендерийг дахин зарлах ёстой хэмээн сонгон шалгаруулалтын журамд огт дурдагдаагүй заалтуудыг санаатай буюу санамсаргүйгээр мэдэн будилж буруу зөрүү ярих нь ихэсчээ.

Ж.Ганхуягийн саяхан хэвлэлд ярьснаар бол “…Үнэлгээний хорооны хурал хийгдэхээс өмнө Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг зарлаад материалаа хүлээгээд авсан байсан. Уг нь бол Үнэлгээний хороо байгуулагдаад, хуралдаж нөхцөл шаардлагаа тавьж байж дараа нь сонгон шалгаруулалт зарлах ёстой юм л даа…, үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд энэ урилга алдаатай болсон байна гээд дахин зарлах шийдвэр гаргасан байгаа” гэжээ.

Тэгвэл 2014 оны зургадугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-д Ж.Ганхуягийг буруу зөрүү ярьж олны толгой эргүүлж явааг батлах заалтууд тов тодорхой тусгагджээ.

“Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах” зүйлийн 6.1-д зааснаар “Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна” гэж заасан. Мөн журмын 6.4-т сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхой зааж өгсөн ба журмын 6.7-д “Нийслэлийн засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн төсөлд үнэлгээ хийж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулна” гэжээ.

Дээрх бүхэн Нийслэлийн зүгээс сонгон шалгаруулалт зарлаж оролцогчдыг тодруулсаны дараа л, Үнэлгээний хороо гээчийг байгуулах ёстой тул Үнэлгээний хорооны хурал хийгдэхээс өмнө Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хурлыг зарлаад материалаа хүлээж авсан нь зөв гэдгийг, сонгон шалгаруулалтыг Нийслэлээс томилсон Үнэлгээний хорооны хэдэн хүн биш Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь зарлах ёстойг, мөн сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг уг журамд тодорхой заасан тул Үнэлгээний хороо нөхцөл шаардлага гаргаж тавих эрхгүй гэдгийг тов тодорхой харуулж байна.

Түүгээр ч барахгүй журмын 6.8-6.11 хүртэлх заалтад Үнэлгээний хорооны хийх ажлыг нэг бүрчлэн зааж өгсөн ба тэнд Ж.Ганхуяг даргын ярьсанчлан “Үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд энэ урилга алдаатай болсон байна гээд дахин зарлах шийдвэр гаргасан байгаа” гэх мэтээр толгой мэдэн шийдэх эрх огтхон ч байхгүйг харуулж байна.

Журмын дагуу бол Үнэлгээний хороо нь ердөө л оролцогч компаниудын ирүүлсэн саналд үнэлгээ хийж урьдчилсан байдлаар шалгаруулаад Нийслэлийн Засаг даргад илгээх л эрх, үүрэгтэй аж. Тэрнээс биш сонгон шалгаруулалтын урилгабуруу зөв болохыг шүүх нь бүү хэл дахин тендер зарлаж том толгой гаргах мэдэл ч байхгүй юм байна.

Ийнхүү бүх зүйлийг нарийвчлан заасан журам байсаар байтал олныг төөрөгдүүлэн худал үнэн зүйлс ярьж байгаа нь Ж.Ганхуяг дарга яах аргагүй “Орчлон констракшн”-ы талд үйлчилсэн шийдвэр гаргахаар улайрч байгааг илтгэнэ. Тэрээр хэн ч уншаад ойлгогдох тов тодорхой заалт бүхий журмыг мэдэхийн дээдээр мэдэж, ойлгохын дээдээр ойлгож буй. Гэтэл ийн дүрэмгүй тоглолт хийх нь түүнд ямар ашигтай вэ.

Үүнийг холбогдох байгууллагууд нь тогтооно биз. Ямартай ч тэрээр иргэдийнхээ эрх ашгийн төлөө хэмээн ажлаа хийж ирсэн Э.Бат-Үүл даргынхаа эсрэг үйл ажиллагааг явуулж байгаа нь илт харагдана.

Б.Төмөр

http://www.bataar.mn/10028495


URL:

Сэтгэгдэл бичих