Уурын зуухны яндантай тэмцэж эхэллээ

-28062014-1403940324-2060508178-uuriin zuuhУлаанбаатар хотын утаа сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа. Тиймдээ ч төр засгаас утааг бууруулахад чиглэсэн олон ажил хийж эхэлсэн. Утаанаас яаж салах вэ гэдэг асуултын хариулт уг нь амархан. Ердөө л гал түлж, утаа гаргахаа болих. Гэхдээ гал түлэхгүй болохын тулд яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манайхан гал түлэхгүй болтлоо зай ч байна, лай ч байна. Тиймээс ядаж гал түлсэн ч гэсэн утаа бага гаргадаг, хор бага ялгаруулдаг зуух ч болов тавьж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын утааны ихэнх хувийг гэр хорооллын иргэд үйлдвэрлэж байна. Түүний хажуугаар машин, уурын зуухны яндан ч бас нэрмээс болж байгаа.

Тухайлбал, Улаанбаатар хотод1300 гаруй уурын зуух байдаг. Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтыг шийдэх зорилгоор байгуулсан уурын зуухнууд шүү дээ. Эдгээр уурын зуухнаас ялгарч байгаа утаа нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг үүсгэдэг гэсэн тооцоо байгаа юм. Уг нь уурын зуухтай байгууллагуудыг төвлөрсөн шугамд холбочих юм бол нийслэлийн утаа 20 хувиар буурах боломжтой болох нь. Гэвч энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах болохоор тэр болтол хүлээвэл бүтэхгүй. Энэ жил гэхэд л нийслэлийн 113 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны байр, 100 айл дахь орон сууцңы барилга зэргийг төвлөрсөн дулаанд холбосон аж. Мөн 39 дүгээр сургуулийг төвийн шугамд холбож байгаа юм билээ. Энэ маягаар олон жилийн ажил болно.

Тэр хугацаанд дахиад уурын зуух нэмэгдэнэ. Тэгэхээр уурын зуухнаас гарч байгаа утааг бууруулах боломж юу байна, тэр чиглэлээр ажиллахаас, хөрөнгө мөнгө зарахаас өөр арга байхгүй. Тэгвэл төр засгийнхан уурын зуухны галч нарыг сургалтад хамруулж эхлээд байна. Үндсэндээ уурын зуухны яндангаас гарч байгаа утаатай тэмцэж эхэлсэн гэсэн үг. Бүр тодруулбал, уурын зуухыг зөв галлахыг галч нарт зааж байгаа юм. Хуучирсан технологитой уурын зуухнуудыг зөв галлах нь агаарт ялгарах хорт бодисыг бууруулах, тулшний зарцуулалтыг багасгах ач холбогдолтой юм билээ. Харин манайд болохоор галч нар нь нүүрсээ чихэж байвал барав гэсэн байдлаар ханддаг. Тиймээс усан халаалтын зуухны тоног төхөөрөмжийн бүтэц, зориулалт, ажиллагаа, галлах аргачлал зэргийг онол, практик хослуулан галч нарт зааж тайлбарлаж байгаа юм.

Тухайлбал, усан халаалтын зуухыг ямар горимоор ажиллуулбал нүүрсний механик болон химийн дутуу шаталт багасан ашигт үйлийн коэффициент дээшилдэг, шаталтаас агаар бохирдуулагч ямар нэгдлүүд ялгардаг, аюулгүйн ямар дүрэм мөрдөж ажилладаг зэрэг эрчим хүчний байгууллагуудад ажиллагсдын эзэмших ёстой анхан шатны мэдлэгийг олгож эхэлсэн юм. Ерөнхийдөө буруу галлагаа түлшийг бүрэн шатаадаггүй учраас утааны хийгээр дамжин азот, хүхэр, угаарын хий буюу нүүрсхүчлийн хий зэрэг хорт бодисууд ялгарч агаарыг бохирдуулдаг аж.

Хэрвээ зөв галлагаа хийх юм бол агаарт гарч буй хорт бодисын хэмжээ багасна гэсэн үг. Хорт бодисын хэмжээ багасаж байна гэдэг иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөө багасна биз дээ. Ийм л ач холбогдолтой. Уг нь бол улс хэдэн сургууль, эмнэлэг, хорооны барилгуудыг төвийн шугамд холбочих л хэрэгтэй юм. Бүр яаралтай. Харамсалтай нь энэ ажил хүн хүч, хөрөнгө мөнгө хаяхдаа жаахан хойргошоод байна уу даа. Тиймээс агаарын бохирдолдоо, утаан дунд байгаа хорт бодистоо дарлуулаад суухгүйн тулд нэн яаралтай арга хэмжээг авч байхаас биш өөр яах билээ.

Н.Пунцагболд

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих