Мэдэгдэхгүй аялгуу (өгүүллэг)
Манай хажуу талын дэлгүүрийн үүдэнд “гармони” хегжим барьсан хараагүй хүн сууна. Yргэлж хөгжимдөн дуулна. Өмнө нь амыг нь дэлгэсэн цүнх харах тоолон юм хайрла гэж хэлж байх шиг санагдана. Өвлийн хүйтэн өдөр ч өдөржин дуулна. Оройхон тийшээ ямар аялгуу, ямар дуу болох нь мэдэгдэхгүй нэгэн зүйлийн гиншилт болж хувирна. Тэр хавиар явах хүмүүсийн нүд чих дасаж өрөвдөх битгий хэл харахаа байх бололтой. Түүнийг тэр даанч эс мэдрэн дуулсаар сууна. Нүдээ халхалсан шил нь цантаж, бээрсэн хуруу нь ертөнцийн аз жаргалын ганцхан эгшигийг эрэх мэт тэмтчинэ. Тэр хулжсан аялгуу хаанаас амархан олдох аж даа.
Овоо хэдэн задгай төгрөг цүнхэнд орохын алдад тэнэмэл хүүхдүүд ганцхан шур гээд л шүүрээд алга болно. Алдчихсан хойноо л сая цүнхнийхээ амыг тэмтчин хаана. Бүхий л өдрийн дуулж хөгжимдсөний нь үнэ тэр болно. Ядаж яваагаа, ядарч яваа нь хүртэл хайрлахгүй ямар гээчийн цаг үе вэ ч гэж бодогдоно. Энийг ч мартъя. Бүүр их сэтгэлийн тэнхээ гаргаж мартъя гэж бодъё. Нэлээд дэгжин хоёр залуу дэргэдүүр нь өнгөрөх гэснээ азнан хоёр халааснаасаа баахан хог цаас, голоор нь хуваасан сурагч дэвтэр гаргаж ирснээ базан цүнх рүү нь сарр хийтэл шидээд бахтай инээлдэн одоход өнөөх хөөрхий хараагүй хөгжимчин дуулж байснаа дуугаа тасдан . . . миний хүүхдүүд урт насалж яваарай гэж хойноос нь чанга гэгч нь багтаж ядталаа баярлан хэлж билээ.
Бавуугийн Лхагвасүрэнгийн “Гашуун өвс” номноос
URL: