500 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгоно

Хан-Уул дүүрэгт шинэ суурьшлын бүсэд иргэдээс өргөдөл авч, газар олгож байгаа. Энэ талаар Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Л.Отгонбаатараас тодруулсан юм.

-Шинэ суурьшлын бүс хаана байрлаж байгаа вэ. Хаанаас хаа хүртэлх нутаг дэвсгэрийг хамарч байгаа вэ?
-Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Шувуун фабрикийн орчимд шинэ суурьшлын бүс олгохоор төлөвлөсөн байгаа. Энэ газарт ерөнхий төлөвлөгөөний дагуу 500 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор бэлтгэл ажлыг нь хангаад, газрыг бэлэн болгосон.

-Нийт хэчнээн га газрыг хамарч байгаа вэ?
-Нийтдээ 35 га орчим газар байгаа.

-Иргэдийн өргөдлийг ямар байдлаар хүлээж авах вэ?

-Ерөнхийдөө Монгол улсын үндсэн хуулинд газрыг хуваарилах, хун болгон тэгш эрхтэй гэсэн байгаа. Мөн газрын тухай хуулинд Монгол Улсын 18-аас дээш настай иргэн газар эзэмших эрхтэй гэсэн заалт байдаг. Тэгэхээр үүнийг бид бүхэн төсөл зарчмаар иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх үүднээс хэвлэл мэдээллээр нээлттэй зарлаад байна. Энд аль нэг дүүргийн харьяаллаар хязгаарлах юм байхгүй. Зарласан хугацаанд ирээд өргөдлөө өгөөд асуудлаа шийдэх боломжтой.

-Газар авах хүсэлтэй иргэд ямар ямар материал бүрдүүлж ирэх шаардлагатай вэ?
-Газар хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, тухайн амьдарч байгаа хорооны тодорхойлолт шаардлагатай. Мөн манай албан газраас болон бусад дүүргээс газар авах гээд олон жил явсан иргэдийн асуудлыг шударгаар шийдэж өгөх болно.

-Хэднийг хүртэл иргэдийн өргөдлийг хүлээж авах вэ?
-Өргөдлийг өнөөдөртөө багтааж авахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ 500 иргэний тоо гүйцэхгүй бол сунгасан хугацаагаар хүлээн авна.

-Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг яаж шийдэж байгаа вэ. Тухайлбал зам, тог цахилгаан гэх мэт олон асуудал байгаа шүү дээ?
-Дэд бүтцийн хувьд одоохондоо шийдэгдээгүй байгаа. Дэд бүтцийн асуудал газрын албанаас хамаарахгүй. Бид бүхэн төлөвлөгөөний дагуу газраа олгоно. Дэд бүтцийн асуудлыг холбогдох яамд л бодлогын хэмжээнд ярьж шийдэх ёстой. Хан-Уул дүүрэг өнгөрсөн жил 800 орчим иргэнд газар заасан. Тухайн үед газар заасны дагуу холбогдох газруудад нь ийм газар заалаа дэд бүтцийг нь шийдэж өгнө үү гэж санал тавьсан ч одоогоор шийдэгдээгүй л байна. Энэ асуудлаар холбогдох газрууд нь бас анхаарч үзмээр байна.

-Шинэ суурьшлын бүсэд ямар айлуудыг байрлуулах вэ. Орон нутгаас ирсэн иргэд болон үерийн аман дээр буусан айдуудын өргөдөл хүлээн авах уу. Эсвэл зөвхөн Хан-Уул дүүргийн иргэдийн өрөгдлийг хүлээн авах юм уу?
-Улаанбаатар хотын иргэн гэсэн иргэний үнэмлэхтэй иргэнд газар олгоно. Орон нутгаас шилжиж ирчихээд шилжүүлгээ хийлгээгүй иргэдэд газар олгохгүй. Зөвхөн шилжүүлгээ хийлгэсэн иргэдийн өргөдлийг хүлээн авна.

Ц.Мядагмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих