АН-ын бүлэг завсарлага авч шогтох вий дээ

66eabfjgc96lqi5sg8gu49at8k

Нохойн дуу ойртож байна гэдэг шиг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ АН-ынхан завсарлага авч шогтохгүй бол шүү дээ. Учир нь АН-ын гишүүдийн нэлээдгүй нь Ерөнхий сайдыг огцруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.  Тэгэхээр АН-ын бүлгийн хувьд нэг талаас санал өргөн мэдүүлсэн 28 гишүүн, нөгөө талаас өөрийнхөө бүлгийн 10-аад гишүүнтэй “байлдах” их ажилтай учир завсарлага авах хэлбэрээр огцруулах асуудлыг хойшлуулж магадгүй байна. Түүнчлэн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг огцруулах кноп дарахыг намын гишүүддээ уриалсан. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намынхаа эсрэг кноп дарах нь АН-ыг буудахтай адил гэж мэдэгдээд байгаа.  Гэтэл УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Д.Ганбат нар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж  гарын үсгээ зурцгаасан.  Тэгэхээр хэл амаа ололцоогүй, саналаа хайрцаглаж чадахгүй байгаа АН-ынхан маргааш завсарлага авч шогтох бололтой.

 

Уг нь Засгийн газар унах, босох нь тодорхойгүй өөх ч биш булчирхай ч биш энэ өдрүүдэд олон ажил урагшилж, олон шийдвэр албажих байлаа. Харамсалтай нь эрх баригчид энэ мэтээр төрийн ажлыг гацааж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт уг асуудлаар “Шударга ёс” эвслийнхэн завсарлага авсан.  Мэдээж энэ нь гэрээний дагуу тавигдсан санал. Учир нь АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ хийсэн.  Энэхүү гэрээнд хэн хэнийхээ сайдуудыг огцруулна гэж гүйхгүй гэх утгатай зүйл заалт орсон гэж байгаа.  Тиймээс Н.Энхбаяр дарга “Шударга ёс” эвслийн бүлгийг завсарлага авахыг даалгаж, Н.Алтанхуягийн сайдын суудлыг хэд хоногоор сунгасан.

Нөгөө талаар эрх баригчид сөрөг хүчин болох МАН-ыг  “төрийн ажил гацаалаа” хэмээн байнга шүүмжилдэг.  Тэгэхээр АН-нд улс орныхоо ажлыг гацаахгүй, асуудлаа хурдан шийдээд явах хоншоор хэр байгаа бол. Дахин хэлэхэд маргааш АН-ын бүлэг завсарлага авч шогтохгүй байлгүй дээ.

Д.Анар 


URL:

Сэтгэгдэл бичих