Ордны хуйвалдааны олиггүй жишээ нь хоёр намын гэрээ юм биш үү

20141028020713Үүл баатрыг нойргүй хонуулж, жирийн гишүүдийг нь “Арай ч дээ манай дарга галзуурчихаагүй биз дээ” гэж бачимдаж тэмцэхэд хүргэсэн АН, МАХН-ын хамтын ажиллагааны 10 жилийн гэрээ дөрөвхөн хоногийн л настай байж. Угаасаа ардчиллын үнэт зүйл, чөлөөт сонгуулийн зарчмын хил хязгаарыг давсан ийм гэрээ  “амьдрах” ямар ч орон зайгүй нь ойрын өдрүүдэд шил шилээ даран өрнөсөн үйл явдлуудаас тод харагдаж байна. Гэрээг УИХ-ын 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсны маргааш нь яаран сандран үзэглэсний цаад зорилго нь цөөнхийн шаардлагад хаалт тавьж, засгийн тэргүүний суудлаа ямар ч үнээр хамаагүй авч үлдэх гэснийх. Даанч хоёр талын санаж бодож мөрөөдсөнөөр хэрэг явдал бүтсэнгүй. Олны шаардлагаар замын дунд хоёр тал далан таваар бууж өглөө.

АН-ын одоо байгаа статусыг доош хийж, МАХН-ыг өөд татах гэсэн энэхүү гэрээний агуулгаас харвал 10 жилийн турш хамтран ажиллах малгайн дор өөрсдийн ноёрхлоо тогтоох, өрсөлдөгч намаа хүчгүйдүүлэх, сөрөг хүчнийг орон зайгүй болгоход л чиглэгдсэн нь шууд утгаараа ойлгогдож байгаа. 15 заалт бүхий уг гэрээнд хоёр нам зүү орох зайгүй сүлэлдэн нийлж, эв хамтын зарчмыг баримталж нэг цул хүч болон нэгдэх холын зорилт дэвшүүлсэн. Жишээ нь, хүнээ сөөлжүүлж нэр дэвшүүлэх, нэг тойрогт нэгэн зэрэг дэвшүүлэхгүй байх, нэг нэгнийхээ боловсон хүчнийг дэмжиж ажиллах, 2016 оны сонгуулийн өмнө улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж эвсэл болж оролцох эсэхээ шийдэх гэх мэт заалтууд зориуд оруулсан байна. Тэр ч бүү хэл улс төрийн намууд өмчтэй байхыг хориглож, хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулахаар заажээ. Ёстой л цаг ямагт “цагаан туг” өргөн хөтлөлцөн ажиллах зарчмыг тунхагласан дээрх гэрээ нь хоёр нам бие биедээ уусан орж, үзэл баримтлал, үнэт зүйлээ гээж, нэгэн дээвэрт багтах чин хүслээ ийн баталгаажуулсан хэрэг.

Гэрээний зорилго нь анхнаасаа л Ерөнхий сайдыг огцруулалгүй авч үлдэх, Засгийн газрын насыг уртасгахад зориулагдсан. Цөөнхийн огцруулах шаардлагын араас жинхэнэ “халуун жин” тавьж гарцгүй болгох гэж хэдэн талаасаа чармайсны үр дүнд бүтээсэн зүйл нь эл гэрээ. Тиймдээ ч хамтарсан Засгийн газрыг бүрэн эрхийн хугацаанд нь тогтвортой байлгах  санаа зорилго хамтын ажиллагааны гэрээнээс шууд уншигдаж байна.

Нөгөө талаар нэр зааж, үг өгүүлбэрээр шууд тусгаж өгөөгүй ч гэрээ нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн хамгаалалтад авч, хэрэг төвөгт шалгахгүй байх баталгааг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр гэдэг хүн рүү хэн ч халдаж болохгүй хана хэрмийг АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн гараар босгож өгсөн гэсэн үг. Улс төрийн найдвартай “вакцин” шахуулчихсан хүнийг одоо хууль хяналтын байгууллага ч оролдож чадахааргүй болсон нь маргашгүй үнэн. Э.Бат-Үүлийн хэлснээр авлигатай алагчлалгүй тэмцэх уриатай АН-ын зорилт хоёр жил засгийн эрх барьсны дараа саармагжина гэж ёстой хэн санах билээ.

Тэгэхээр МАН-ыг задлах, МАХН-ын удирдлагуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй байх, Ерөнхий сайдыг огцруулахгүй байх, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцох гэх мэтчилэн өнөөх ад үзэгдэж, тагнуулынхныг сандаргасан гэрээний нууц хавсралт гэгчид дурдагдсан дөрвөн заалт АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээнд үг үсгээрээ биш ч гэлээ агуулгаараа ийнхүү дурайж байх юм. Ардчилсан сонгуулийн үнэт зарчмыг үгүй хийж, өрсөлдөгч намаа өмчгүй болгож,  буланд шахаж, өөрсдөө хугацаагүй засаглахаар гэрээ байгуулах нь өөрөө ардчиллын амыг барьж, амийг  “хороосон”-той агаар нэг биш гэж үү.

Одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэндээ хандаж үг хэлэхдээ танхимдаа агаар оруулж, шинэ бүтцээр ажиллахаа зарлаж “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байсан. Овоо доо, ордны хуйвалдаан гээчийг жинхэнэ илчлэх нь дээ гэж олон нийт түүний энэ үгийг илүү олзуурхаж хүлээж авсан. Харин тэр ордны хуйвалдааны олиггүй жишээний жинхэнэ эзэн нь болчихлоо. Өнөөх ордны хуйвалдаанаас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллана гэж амлалт өгч сүртэй гэгч нь зарлаад байсан чинь яалаа. Олон түмний санаа бодлыг сонсдоггүй юмаа гэхэд намынхаа нөхдийн саналыг авчих ухаан байгаагүй нь даанч харамсалтай.

Нийтлэлч Б.Цэнддоогийн шоглосончлон АН-ын даргын санаатай үйлдлээс болж “Өчигдөрхөн л Энхбаяртай тэмцсээр байж арай гэж ялж засгийн эрхэнд намаа гаргаад дотор онгойн унтсан АН-ын гишүүд өглөө нь  “Энхбаярын талын хүн” болчихоод сэрэв”. Ийм сонголтыг олон нийт ч биш, сонгуулийн үр дүн ч биш, зөвхөн АН-ын дарга Н.Алтанхуяг намынхандаа “бэлэглэсэн”. Монголынхоо агаар салхиар амьсгалж, ааруул ээзгий идэж биеэ тордохоор ирсэн нэг намын даргад л чадуулчихаад байна шүү дээ, энэ эрх баригчид.

 

Н.Цэцэрлэг

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих