Нэг хувийн татвар уу? Арван хувийн татвар уу?

4-24-5МАН, АН хоёр архи, тамхи, спирт, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, гар утас зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг буулгахаар санал нэгдэв. Гэвч татварынх нь хувь хэмжээг яаж буулгах вэ гэсэн асуудал дээр алд дэлэмээр санал зөрөв.

    АН-ын бодлого

АН-ынхан 10 хувийн татвар авч 9 хувийн татварыг нь дараа жилийн эхний улиралд буцааж өгнө гэсэн бодлогыг дэвшүүлэв. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэсэн үг. Гэхдээ 9 хувийн татварыг “май” гээд шууд өгчихгүй. Татвараа үнэн зөв мэдүүлсэн, хугацаанд төлсөн байх гэх мэт олон шалгуур, болзолыг хангасан аж ахуйн нэгжүүдэд л өгнө. Энэ бодлогынхоо ач холбогдолыг жижиг, дунд үйлдвэрлэл хуримтлал үүсгэх чадвар бага учраас улсаас нэгдсэн аргаар хуримтлал үүсгэж өгөх, татвар төлөгчидөд хөрөнгө оруулалт хийх, шинээр тоног төхөөрөмж худалдан авах боломжийг бий болгох, татвар төлчихөөд буцаан авах нь татвар төлөх ухамсар соёлыг төлөвшүүлэх явдал гэж тайлбарлаж байна.

    МАН-ын бодлого

МАН аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шууд нэг хувь байх бодлогыг санал болгосон юм. Өөрөөр хэлбэл 10 хувийн татвар төлөөд есөн хувийн татварыг дараа жил нь буцааж авдаг биш нэг хувийг л төлдөг байх системийг санаачилав. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулахгүй, ямар нэгэн байдлаар ялгахгүй, шударга зарчим үйлчилсэн, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын ил тод байдал хангагдах, татварын байгууллагын ачаалал, захиргааны зардал буурах, төр бизнесийн байгууллагын харилцан итгэлцлийг бүрдүүлэх, татвараа шударгаар төлөх сонирхол ихсэх сайн талуудтай хэмээн тайлбарлаж байна.

    Дүгнэлт

10 хувийн татвар аваад 9 хувийг нь буцаан олгоно гэдэг бол АНУ-д хэрэгждэг бодлого л доо. АНУ-ын татварын систем ийм. Тэгэхдээ хугацаандаа төлсөн байх, үнэн зөв тайлагнасан гэх мэт элдэв шалгуур тавьдаггүй. Дараа жил ч гэж сунжирдаггүй. Тухайн жилийнхээ төгсгөлд л есөн хувийг нь өгдөг.

Харин манайд бол есөн хувийг нь буцааж олгох гэж бөөн чирэгдэл, хүнд суртал, нугалаа завхаралын системийг бий болгоно. Татвар төлөгчид есөн хувиа буцаан авах гэж татварын байцаагчидаас эхлээд дарга, сайд, гишүүн хүртлээ гүйж шат дамжлага бүртээ авлигын төлбөрөө хийнэ. Ингээд буцаан авах есөн хувийн нилээд нь авлигын төлбөр болно. Бас хугацаандаа татвараа төлөөгүй, цагтаа тайлангаа өгөөгүй гэх мэтээр миалаад нөгөөх есөн хувийг нэг хэсэгт нь огтхон ч буцаан олгохгүй. Үр дүнд танил талтай нь авлигадан байж есөн хувиа аваад нөгөө хэсэг нь авч чаддаггүй татварын ялгарал бий болно. Тэгэхээр есөн хувийг ямар нэгэн шалгуур хэмжүүрээр буцаан олгоно гэвэл ийм л болно гэсэн үг.

Харин нэг хувийн татвар бол ямар ч чирэгдэлгүй. Танил талын хэрэгцээ ч байхгүй. Хүн амьтан царайчлан гүйх хэрэггүй. Авлигын төлбөр гэж байхгүй. Цаг хугацаа алдахгүй. Татварын байцаагчийн өмнө элдэв шалгуураар эрэмблэн ангилагдахгүй. Аж ахуйн нэгж бүрийг ялгахгүй ижил тэгш, шударгаар хандана.

Бас аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэсэн МАН, АН-ын бодлогыг шүүмжлэн дургүйцэх хүмүүс олон байна. Тэд бүгдээрээ аж ахуйн нэгжгүй мөртлөө “аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэг хувь болгочихоор энэ улс юугаараа цалин тэтгэвэрээ тавих болж байна. Улс орныг нураах ийм бодлого хэрэггүй. Аль болохоор өндөр татвар авч байх ёстой” гэж хэлдэг. Тэдэнд бас тайлбарлах хэрэгцээ бий. Сүүлийн жилүүдийн татварын тайлангаас харахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч 80.000 орчим аж ахуйн нэгж байна. Үүний гурав хүрэхгүй хувь нь л улсын төсөвт төвлөрч байгаа аж ахуйн нэгжийн орлогын 85-87 хувийг төлдөг аж. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ихэнх хувийг архи, тамхи, спирт, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, гар утасны бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд төлдөг гэсэн үг. Тэгэхээр үлдэж байгаа 13-15 хувийг 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтай жижиг аж ахуйн нэгжүүд төлж байна. Ийм аж ахуйн нэгжүүдийг 2015 онд 70 орчим тэрбум төгрөг төлнө гэж төлөвлөжээ. Үүнийг өөр арга замаар нөхөх боломж бүрэн бий. Тэгэхээр зарим хүмүүсийн ойлгоод байгаа шиг бүх аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөхгүй, жижигүүдэд бага татвар ногдуулснаар улс орон дампуурчихгүй гэдэг нь эндээс харагдана.

    Шийдэл

МАН, АН хоёр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг багасгах аргачлал дээрээ тохирч чадахгүй байна. Эцсийн дүндээ адилхан л нэг хувь болгох бодлого. Гэвч нэг хувь болгох аргачлал, санаачилга нь өөр өөр. Үүнээсээ болж өргөн мэтгэлцээнийг зөвхөн төрийн ордонд өрнүүлж байна. Мэтгэлцээнийг төрийн ордонд биш 1.5 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн эздийн дунд явуулмаар байна. Тэднээс асуух хэрэгтэй. МАН шууд нэг хувийн татвар санал болгож байна. АН 10 хувийн татвар аваад есөн хувийг нь дараа жил буцааж өгнө гэжийн. Аль нь зөв бэ? Аль намынх нь бодлого шударга вэ? Аль аргачлал нь таалагдаж байна? гэж бизнес эрхлэгчидээсээ асуух ёстой. Тэдний олонхийн саналаар асуудлыг шийдвэл ухаалаг төрийн бодлого болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих