“UBS намынхан” Швейцаруудтай үгсэн тендер будилуулж байна

Монгол улсад нутаг нугаараа бүлэглэн тал тохой татан өөрсдийн эрх ашгийн төлөө улсынхаа эрх ашгийг хөсөрт хаян нулимж чаддаг улстөрийн хүрээнд бүлэглэлийнхэн цөөнгүй. Тэдний нэг нь олноо UBS-ийнхэн гэгдэх нөхдүүд. Энэ удаа Татварын Ерөнхий газар хавьцаа явагдах нэгэн тендерт тэд томоохон хүч хаяад байгаа.

Энд гол дүрд тоглож байгаа хүмүүс нь ЗГХЭГ-ын дарга UBS намынхаа тэргүүн болоод байгаа Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга Б.Баттөмөр Монросцветмет нэгтгэлийн захирал О.Эрдэнээ нар гэнэ. Тэд Монгол улсад хэвлэгддэг Онцгой албан татварын тэмдэгт, буюу үнэт цаасны хэвлэлийн бизнест хөл тавих гэж байгаа аж. О.Эрдэнээгийн хүү нь Швейцарийн Sigpa гээч компанид ажилладаг гэх. Тэрхүү компани нь хөгжиж буй хэмээгддэг хөгжил муутай улс орнуудын зах зээлд нэвтэрч ордог байна.

Тэд өмнө нь Филиппин, Турк зэрэг улс орнуудад нэвтэрч ороод эрх баригч нарт нь юм атгуулах гэж оролдоод баригдаж, авилгын хэргээр түшмэдийг шоронд хадаж, өөрсдөө хөөгдөн шившгээ тарьж байсан гэнэ. Энэ удаа манай томоохон бүлэглэлийнхэнтэй нэгдэж Монголд орж ирэх нь. Ийм замаар Монголын үндэсний компаниудын өөрсдөө хийж чаддаг Онцгой албан татварын тэмдэггийг гадныхантай хамтарч авахаар зүтгэж байгаа нөхдүүд тэгвэл хэн бэ.

О.Эрдэнээгийн хүүгийн нэгэн бааранд халамцуу том том бүлтэрч байснаар бол дээр нэр дурдагдсан нөхдүүд гарцаагүй холбоотой бололтой. Тэр залуу “бүх юм ок. Хүрэлбаатар ах, Баттөмөр ахтай яриад тохирчихсон. Манай “Сигфа” Монголд орж ирэх нь тодорхой” хэмээн томорч байсан гэнэ. Ингэж нутаг усаараа нэгдэн Үнэт цаас буюу архи тамхины ОАТТ-ийг хэвлэх тендерийг авахаар улайрч байгаагийн цаана асар их мөнгө байгаа нь гарцаагүй хэмээх яриа ч гарах болоод байна.

Мөн архи тамхины зах зээлээс хамаагүй өргөн хүрээтэй гэж хэлж болох шар айрганд тогтоосон онцгой албан татварыг акцитай болгох буюу ОАТ тэмдэгттэй болгож энэ зах зээлийг томруулах гэнэ. Тэд гадаадын компанийг оруулж ирэх бэлтгэлээ ийм байдлаар базааж байгаа юм байх. Ер нь энэ нөхдүүд иймэрхүү байдлаар уухайлан томоохон тендерүүд болон томилгоог шүүрддэг гэнэ. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гэгч эр Багануурын  уурхай төрийн өмчит компанид өөрийн хүнийг захирлаар тавиулахаар зүтгэж байгаа гэгдсэн.

Тэгвэл О.Эрдэнээ ч гэсэн Засгийн газрын өмнүүр орж Асгатын ордыг ОХУ-ын “Полиметалл” компаний босс Керимов гэгчэд бэлэглэх гээд баригдаж байсан эр. Тэрхүү Керимов нь Оросын олигархи, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 118-д ордог, 7,8 тэрбум ам.долларын эзэн нэгэн. Үүнийг нь илрүүлэн Засгийн газрынхаа хуралдаанаар уг гэрээг цуцлаж байсан удаатай.

Ингэж UBS-ынхан бүлэглэлийнхээ албан ёсны удирдагчийн ар хударгаар Швейцарийн “Сигфа” хэмээх компанийг Монгол улсад оруулж ирэхээр зүтгэж буй гэнэ. Тэдний хувьд өөрсдийн эрх ашгаа л бодож байвал улс орон үндэсний үйлдвэрлэл огт юу ч биш. Аргагүй юм даа, очиж суурьших газраа үр хүүхдээ ажилд оруулаад бэлдчихсэн байхад.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


URL:

Сэтгэгдэл бичих