Путин: Оросын хамгийн үндсэрхэг үзэлтэн бол би

1159Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 10-р сарын 24-нд Сочи хотод болсон “Валдай” олон улсын клубт үг хэллээ. 40 минутын турш хийсэн мэдэгдэлдээ Путин өрнөдийг шүүмжлэхдээ даяаршлын олон асуудлыг хөндөн, тэгш эрхт харилцан яриа өрнүүлж, Оросын байр суурийг хүндэтгэхийг уриалав.

“Дэлхийн лидерүүдээс Путин анх удаа манай гараг дээр болж байгаа олон үйл явдлыг жинхэнэ нэрээр нь нэрлэлээ” хэмээн шүүмжлэгчид магтсан бол “Financial Times” сонин эсрэгээр “Путин 15 жил төрийн эрхэнд байх хугацаандаа Америкийн эсрэг хамгийн сөрөг үг хэллээ” хэмээжээ. Мөн зарим нь Путиний үгийг Мюнхений 2007 оны өөрийнх нь илтгэлтэй, эсвэл Фултоны Уинстон Черчиллийн үгтэй харьцуулж байна. Ингээд Путиний үгийг товчлон хүргэе.  

АНУ олон улсын тавцан дээр гэнэт баяжсан нувориш (фр. nouveau riche) шиг авирлаж байна. Үндэсний тусгаар тогтнол гэдэг ойлголт одоо харьцангуй болсон. АНУ өөрт таагүй улс орнуудыг (Иран, Хятад, Орос) хэзээ ч хамаагүй дайсан гэж зарлахад бэлэн. АНУ-ын бодлого дэлхий даяар зөрчлийг улам гааруулсан.

Вашингтон хөндлөнгөөс оролцсон газар бүр халуун цэг үүсдэг, Ирак, Сири, Ливи зэрэг. Америк өөрийн ашиг сонирхлын төлөө зэвсэгт дайчдыг ивээн тэтгэж дэмжсэнээр терроризмыг гааруулсан. Харин одоо америкчууд өөрсдөө тэдэнтэй тэмцэх шаардлагатай болжээ…

Би ёстой гайхаж барахгүй байна. Нэг л тармуур дээр дахин дахин гишгэж, гаргасан алдаагаа давтаад байх юм. АНУ тухайн үедээ ЗХУ-тай тэмцэх гэж исламын хэт даврагчдын хөдөлгөөнийг ивээн тэтгэсэн. Афганистанд галан шуурганд хатуужсан тэдний дундаас л “Талибан”, “Аль-Каида” бий болсон шүү дээ. Мөн АНУ хэрхэн Умард Кавказад алан хядагчдыг дэмжиж байсныг бид мартаагүй. Америк л олон улсын террористуудыг Орост руу нэвтрүүлсэн.

Даяаршсан аюулгүй байдлын систем сүйрч унасанд АНУ буруутай, олон улсын тавцан дээр дарангуйлал үйлдэж байна. Украины дайны хариуцлагыг АНУ үүрнэ, өрнөдийнхөн санхүүжүүлж, төрийн эргэлт хийсний дараа энэ дайн эхэлсэн. Мөн Ирак, Левантад одоо “Исламын улс” хэмээн террорист байгууллага хүчирхэгжиж байгаад ч АНУ буруутай.

Гэхдээ Москва хэрэв Оросын ашиг сонирхлыг хөндөхгүй нөхцөлд харилцан яриа хийхэд бэлэн.

АНУ бол “Том ах”. Том ах олон тэрбум долларыг дэлхий даяар тагнуулдах, мөрдөхөд зарцуулж, улс орнуудад эдийн засгийн ба суртал ухуулгын дарамт үзүүлж, өөрт таагүй дэглэмийг түлхэн унагадаг.

Энэ үедээ Вашингтон сэжиг бүхий этгээдүүд, неонацистуудаас (Украны сайн дурын батальонууд) эхлээд исламын радикалууд (Исламын улс хэмээх террорист байгууллага) тусламж авахаас сэжиглэдэггүй.

Хүйтэн дайнд ялсан гэж өөрсдийгөө зарласан америкчууд даян дэлхийг өөрийн дур хүслийн дагуу өөрчилж, өөрийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байна.

..Украины дотоод тогтворгүй байдал нь дэлхийн хүчний харьцаанд нөлөөлөх зөрчилд хүргэсэн. Энэ тухайд Украин сүүлчийнх биш.

АНУ ба түүний холбоотнуудын дарамтаас Орос, Ойрхи Дорнод төдийгүй бие даасан бодлого явуулахыг оролдсон бараг бүх орон зовж байна. Үүний тулд тэд өөртөө шинэ дайсан бодож олдог. АНУ-ын суртал ухуулгад ЗХУ-ын орыг хэн залгамжилж, гол дайсан болох нь чухал биш. Цөмийн технологитой болохыг хүсдэг Иран уу, дэлхийн 1-р эдийн засагтай Хятад уу, цөмийн их гүрэн Орос уу.

Нэг талын дарангуйлал, өөрийн үзэл бодлыг тулгах нь эсрэг үр дүн өгнө. Өнөөдөр дэлхий түүхийн салаа зам дээр ирээд байна. Нэг бол энэ байдлыг хэвээр хадгалах эсвэл олон туйлт болж хувирах (нэг туйл нь мэдээж Орос). Гэхдээ шинээр бүхнийг байгуулах хэрэггүй, Дэлхийн II дайны дараа байгуулагдсан НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг ашиглаж болно…

…Ард түмний сайн сайхны төлөө “эрүүл” үндсэрхэг үзэл хэрэгтэй, гэхдээ шовинизмыг тэсвэрлэхгүй. Оросын хамгийн том үндсэрхэг үзэлтэн бол би. Гэхдээ бусад үндэстэнг үл тэвчих үзэл нь Оросыг сүйрүүлнэ…

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих