Төсөв хуваарилахдаа битгий шогтоорой

savwvwww

2014 он дуусахад хоёр сар гаруйн хугацаа үлдээд байгаа энэ өдрүүдэд УИХ ирэх оны төсөв хэлэлцэж эхэллээ. Ямар ч байсан 2015 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг дууссан. Ерөнхийдөө энэ намрын чуулганаар төсөв батлах гэж бөөн юм болох нь гарцаагүй. Эхнээсээ зарим нэг маргаан гарч эхлээд байгаа. Тиймээс ирэх оны төсвийг хуваарилахдаа битий шогтоорой гэж эрхэм гишүүдэд захих гэсэн юм. Монгол улс 21 аймаг, 360 гаруй сумтай. Улсын нийслэл Улаанбаатар хот зургаан дүүргээс бүрддэг. Дүүрэг бүр тодорхой тооны хороотой. Хамгийн сонирхолтой нь Улаанбаатар хотын зургаан дүүрэг бүгд сумын статустай явдаг.

Түүнийхээ хэрээр төсөв мөнгө хуваарилагдаж, асуудлаа шийддэг гэж байгаа. Аль аймаг, сум хэдэн хүн амтай байна вэ гэдгээр нь биш ердөө л статусаар нь шийдчихдэг гэсэн үг. Аль сум нь их хүнтэй, олон асуудалтай байна вэ гэдгийг ерөөсөө хардаггүй. Тиймдээ ч төсвийн хуваарилалт шог болчихоод байгаа юм.

Энэ шог хуваарилалтын цаана гишүүдийн тойрогтоо ахиухан мөнгө авч, нутаг усандаа нэр хүнд олж авах гэсэн арга ч давхар явж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ үүний цаана, төсвийн шог хуваарилалтын гайгаас болж хүн ам ихтэй газрууд хөгжиж чадахгүй байна. Тэр дундаа Улаанбаатар хотын дүүргүүд төсвийн хуваарилалтын золиос болж байгаа юм. Нэг жишээ хэлье. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж төсвөөс хуваарилдаг болсон. Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор өгч байгаа энэхүү хөрөнгийг нутгийн засаг захиргаа иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр захиран зарцуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс авахуулаад нутгаа хөгжүүлэхэд зарцуулах ёстой гэдгийг журмаар зохицуулж өгсөн.

Уг нь тухайн орон нутаг иргэдээсээ санал аваад хамгийн хэрэгтэй байгаа зүйлдээ зарцуулна гэдэг сайхан л хэрэг. Гэхдээ асуудлаа шийдэж чадахааргүй бол хэцүү шүү дээ. Яг ийм зовлон дүүргүүд дээр тулгараад байгаа юм. Тэр дундаа хамгийн олон хүн амтай томоохон дүүргүүдэд өөх ч биш, булчирхай ч биш хэдхэн төгрөг өгчихдөг. Түүгээр нь цэцэрлэгээ барих уу, замаа засах уу, гэрэлтүүлгээ хийх үү гэдэг дээрээ л гацаж байна. 2013 онд гэхэд Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж Багахангай дүүрэгт хоёр, Архангай аймагт 10, Дундговь аймагт есөн тэрбум төгрөг хуваарилсан байна. Тийм байтал Баянзүрх дүүрэгт 4.4 тэрбум төгрөг хуваарилагджээ. Хамгийн гол асуудал нь гэвэл Дундговь аймаг 40 мянга, Архангай аймаг 100 мянган хүн амтай. Гэтэл Баянзүрх дүүрэг 300 мянган хүн амтай. Хүн амынхаа тоогоор Архангай аймгаас гурав, Дорноговиос даруй 6-7 дахин их хүн амтай гэсэн үг. Гэтэл оноогдсон мөнгө нь аль алинаас нь хоёр дахин бага байх жишээтэй. Үгүй ядахад л Багахангай дүүрэгт хоёр тэрбум төгрөг өгсөн. Гэтэл Багахангай дүүрэг ердөө л хоёр хороотой, 3800 хүн амтай. Хажууд нь Баянзүрх 20 хороотой, хэдэн зуу дахин их хүн амтай. Ийм байхад Улаанбаатар хотын төвийн дүүргүүд хөгжих үү. Өнөөдөр 200- 300 мянган хүн амтай сум битгий хэл аймаг ч байхгүй.

Дээрээс нь сум, аймгийн төвд сургууль, цэцэрлэг нь хангалттай хүрэлцээтэй байдаг гэхэд болно. Улаанбаатарын дүүргүүдтэй харьцуулахад шүү дээ. Хүрэлцээгүй гэж үздэг юм гэхэд цөөн хэдэн хүүхдийн ганц цэцэрлэг барихад л хангалттай. Гэтэл дүүргүүдэд сургууль, цэцэрлэгийн тоо үнэхээр хүрэлцдэггүй. 3-4 ээлжээр хичээллэж байгаа сургууль олон байдаг. Хэдэн арван мянган цэцэрлэгийн хүүхэд гэртээ сууж байгаа. Өөр нэг жишээ татъя. Зүүнхараа хот 26 мянган хүн амтай. Гэтэл энэ онд Орон нутгийн хөгжлийн санд нь 769 сая төгрөг ирсэн. Тийм байхад Орхон аймгийн Жаргалант гэхэд 1800 хүнтэй сум. Тэр суманд 1.5 тэрбум төгрөг хуваарилсан гэж байгаа. Ийм байж таарах уу.

1800 хүнд 200 сая төгрөг өгөөд яах юм. Ганц хоёр жил болоод л дараа нь юу хийхээ мэдэхээ больж эхэлнэ. Хэдэн жилийн дараа зүгээр л тансаглана шүү дээ. Энэ шог байдлыг больж, хүн ам ихтэй сумандаа ахуй төсөв өгч, жаахан хөгжүүлмээр байгаа нь Зүүнхараа хотын жишээнээс харагдаж байгаа юм. Тиймээс хүн амын тоондоо уялдаж төсөв мөнгөө баталмаар байна. Энэ жилээс эхлээд шогтохоо больвол яаж байна, эрхэм гипгүүд ээ.

 Монголын мэдээ
Н.Пунцагболд

URL:

Сэтгэгдэл бичих