Засаглаж чаддаггүй АН
Өнөөгийн улстөрийн гол дүрд тоглож буй АН-д ойрын үед цаг агаарын байдал нэлээд ширүүн байна. Хэзээнээсээ фракц, бүлэглэл бол ардчилсан нийгмийн нэг зарчим хэмээн ярьж ирсэн тэдний хувьд одоо үүсээд буй нөхцөл байдал том гай тарьж мэдэхээр болчихож. Нам дотроо олон фракцтай гэж ярьдаг байснаа одоо фракц дотроо фракц үүсгэсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. АН-ынхан ийнхүү олон хэсэг санаатай болж хагралдахаараа юу болдог тухай бодит жишээ бий. Үүнийг өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүн сайтар сануулж өсгөн.
1996 онд олонхи болж Засгийн эрхийг авсанн Ардчилсан холбоо эвсэл дөрвөн жилийн дотор Засгаа дөрвөн удаа өөрчлөхдөө хэрхэн үймж байсан, 2000 оны сонгуулиар хэрхэн нам ялагдсаныг нь сануулаад “Та нар ингэж байгаад л дуусдаг” шүү гэсэн нь АН-ынханд хэрэгтэй зөвлөгөө байсан. Үүнийг сөрөг хүчнийхний зүгээр нэг хар PR гэж үзэлгүй, анхаарвал АН-д өөрт нь л хэрэгтэй юм. Ер нь бол Н.Алтанхуяг муу удирдагч биш, түүний менежмент ч муугүй. Аль МАН, АН-ын Засгийн үеэс, Тэргүүн шадар сайд байхаас нь л түүнийг хууль бус намын дарга, буулгана, болиулна гэж ярьдаг байсан. Тухайн үед энэ бүхэн яриа төдий өнгөрч Н.Алтанхуяг 2012 онд намаа удирдан сонгуульд ороод бараг ялуулчихсан тул тэдгээ хүмүүс хэлэх үггүй болж байсан биз. Харин Ан Засгийн эрхийг барих боломжтой болсноос хойш Н.Алтанхуягийн менежмент фракцуудыг гомдоохгүйгээр зохицуулах тактиктай явж ирсэн юм. Тэрээр фракцуудаа албан тушаалыг тэгш хуваасан гэдгээ ил зарласан. Энэ нь нөгөө талаасаа улстөрч хүнд байх ёстой авхаалжит чанарын нэг байх. Шинэчлэлийн засгийн бүтэц задарч дахин эмхлэгдэхтэй зэрэгцэн АН-ын дотоод зөрчил хурцдаж ил гарлаа.
Намын дарга энэ удаад ч фракцуудтайгаа аль болох учраа олох, албан тушаалыг нь жигдхэн хуваарилах аргаараа үзэж байна. Хамгийн сүүлд МоАХ- ынхан хоёр хуваагдаж буйгаа мэдэгдсэн нь байдал нэлээд төвөгтэй болсныг илтгэв. Тэд ингэж бужигнах тусам өрсөлдөгч МАН-ынхаа өгөөш болж, 2016 оны сонгуулийн дараах суудлын тооноос чангааж буйг бүгдээрээ мэдэж байгаа. Фракцийнхны амбицлахтай зэрэгцэн Э.Бат-Үүл, Ж.Батзандан, Р.Амаржаргал гэх мэт хувь “тоглогчид” гарч ирсэн нь Н.Алтанхуяг ба түүний нөхдийг гэхээс илүүтэй АН-ыгаа чадаж байгаа үйлдэл болж нөгөө тал руугаа эргэх боломжтой юм. Ер нь бол намын даргынхаа МАХН-тай хийсэн гэрээг шүүмжлэх нь борооны дараа цув нөмөрсөнтэй ижил зүйл.
АН-д одоо бүх боломж бий. Төрийн гурван өндөрлөгийн суудлыг авсан тус намынхан хоорондоо эвтэй байвал 2016 онд Засгийг дангаар байгуулах саналыг ч авч болох. Гэвч өнөө үүсээд байгаа, өмнө нь үүсч байсан жишээнүүдээс харахад тэдний бүлэглэл хоорондын амбиц нь нөхцөл байдлыг муутгахад ядах юмгүй бололтой. Дээр дурдсанчлан Н.Алтанхуяг фракцуудынхаа учир начрыг сайн олдог намын дарга. Гэвч бусад нь төрийн өндөрлөгт гарсан тул хоорондоо хөлөө жийлцэх нь гаарч, намын даргынхаа менежментээр, албан тушаалын бялуугаар ч тохиролцохоо больж эхэлж. Уг нь АН- ынхан хагаралдахаараа, Засгаараа оролдохоор юу болдгийг харуулсан гашуун түүх ойрхных. Гэвч өнөөгийн эрх мэдлийн хуваарилалтдаа сэтгэл ханаагүй гишүүд нь үүнийг санахтай манатай “самарч” байна. Хатуухан хэлэхэд АН-ынхан засаглаж чаддаггүй, МАН- ынхан тэмцэж, жагсч чаддаггүй бололтой. Ард түмэн тэдэнд хоёр дахь удаагаа итгэж хамаг юмаа даатгаж байхад хоорондоо толхилцсоор хэмх ялагдсаныхаа дараа хэлээ хазаж мэдэхээр хорчингууд тус намд цөөн биш байгаа ажээ..
Зууны мэдээ
Д.Содон
URL: