Тал тал тийшээ харсан толгойнууд….

Манай улсын гадаад харилцаа өргөжиж, экспорт, импорт нэмэгдэхийн хэрээр, мөн ашигт малтмал дэлхийд гарах болсноор улсын хил, гааль улам л ачаалалтай болж байна. Гэтэл өнөөгийн амьдралд үнэндээ хилийн боомтууд тэр их ачааллыг даахгүй байгаа. Гадагшаа гарахад ганцхан Наушкигаар хил алхдаг байсан монголчууд бид өнөөдөр оршин суугаа аймгийнхаа хөрш зэргэлдээ орон руу, тэр ч байтугай сумынхаа нутгаараа хил гарчихаж байна. Гадаадад явж суух, зорчих нь ийнхүү өөрчлөгдөж, өргөжсөн хэр нь хилийн боомтууд энэ их өөрчлөлтийг дагасангүй. Бахь байдгаараа. Хүлээлгэх, дугаарлуулах, олон бичиг баримт шаардах, штамп дарах байдал яг хуучин хэвээрээ. Жишээ нь, Өмнөговийн Гашуун сухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан ер нь Монголын аль ч хилийн боомтод очиход хил, хилийн цэргийн хяналт, гааль, мэргэжлийн хяналт зэрэг хил дээр байдаг төрийн байгууллагынхан өөр өөр харьяа улсынх шиг, дор дороо нэг нэг жодгор байшинтай, тархай бутархай байдалтай, тэр хэмжээгээр хүнд суртал, чирэгдэл нь хэвээр байсаар…

Хилээр орж гарах гэж буй хүн тэр байшингуудаар нь нэг бүрчлэн орж, хилийн боомтын даргаас нэг зөвшөөрөл авна, хилийн цэргийн даргаар нь орж штамп даруулна. За, тэгээд гааль, мэргэжлийн хяналтын дарга нараар бас орно. Тэр бүхэнд цаг алдана. Уг нь Монголын төр хил дээрээ нэг байшинд, нэг удирдлага дор байвал зүгээрсэн. Үүнийг одоогийн Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймаг дахь хилийн боомтуудаар орж явахдаа хэлж байсан.

Учир нь түүний явж байсан Нарийн Сухайтад гэхэд харьяа орон нутаг буюу сум, аймгийнх нь захиргаа хилийн боомт гэсэн хэдэн байшинг хилээс 15 км-т барьж байхад, түүнээс 5-6 км татууд гаалийнхан бас нэг байшин эхэлчихсэн, газар газар барилгын материал татаж баахан зардал гаргасан хүмүүс сууж байсан билээ.

Үүнийг нэгтгээд яг хил дээрээ, төрийн байх ёстой бүх алба нь нэг дор багтсан, нэг сайхан хилийн боомтын цогцолбор барилга барьчихаж болохгүй байна уу, ядаж хэмнэлттэй, иргэдэд чирэгдэлгүй гэж тэр нөхдөөс Н.Алтанхуяг асууж байсансан. Гэвч түүнээс хойш гурван жил өнгөрч байдал хэвээрээ.

Нэгдсэн нэг байшин барьсан ч юм алга. Тархай бутархай төрийн албадыг нэгтгэх эрх зүй ч бүрдээгүй хэвээр байсаар. Байдал ийм байхад юун тэр цахим нэг цонхны үйлчилгээ…

Улсынх нь нийслэлд төр, захиргааны байгууллагууд нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлж, иргэдтэйгээ нэг цонхоор харилцаж болоод байна. Ийм байдал улсын хил дээр үнэхээр үгүйлэгдэж байна даа…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих