Н.Алтанхуяг албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд АН-ыг золиосонд гаргалаа
“Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн суудалдаа үлдэхийн тулд ичгүүр, сонжуургүй үйлдэл хийж байна” хэмээн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдэгдлээ. Өнгөрсөн бямба гаригт АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүнийг эсэргүүцэж нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ийнхүү мэдэгдсэн юм.
Тэрбээр “Өнгөрсөн хагас сайнд АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг хэнтэй ч ярилгүйгээр, өөрөө гүйж очоод л хийчихлээ. Энэ гэрээнд АН-ын эрх ашгийг маш хүнд хохироосон гурван заалт орсон. Өөрөөр хэлбэл, хууль, дүрэм зөрчсөн гурван заалт орсон. Гэрээний гуравт “Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлнэ гэж байгаа юм. Мөн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь зохицуулна” гэх зарчмыг баримтална гэж байгаа юм. Яг үнэндээ энэ бол сонгуулийн эвсэл байгуулж байна гэсэн үг. Мөн АН, болон МАХН хамтран ажиллахдаа ерөнхий гэрээнд зохицсон зарчимд нийцүүлнэ. Нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана гэж байгаа юм. Энэ нь сонгуульт албан тушаалтныг дэмжиж ажиллана гэсэн үг. Тэр ч бүү хэл гэрээний 14-т “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй байна” гэсэн байгаа юм. Уг нь манай намын дарга Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Манай намын дүрэмд “АН-аас бусад улс төрийн намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг ҮЗХ батална гэж заасан. Гэтэл ҮЗХ зөвлөлдөж батлаагүй байхад энэ гэрээг хүчин төгөлдөр болгоод гарын үсэг зурсан. Энэ гэрээ иргэний хуулиар хүчин төгөлдөр болсон.
Манай намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалж үддэхийн тулд долоо сайдыг золиосонд гаргасан. Одоо тэр нь явахгүй болохоор АН-ыг улс төрийн золиосонд гаргаж байна. Орон нутагтаа ямар ч зохион байгуулалт байхгүй, нэг хүний хувийн өмч болчихсон МАХН-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулалтад орж байгаа, эрх баригч намтай эн тэнцүү хэмжээнд авч үзэж ийм гэрээ байгуулсан. Энэ гэрээ өнөөдөр мөрдөгдөж буй хууль дүрмийг бүгдийг нь зөрчсөн. Яагаад гэвэл МАХН-МҮАН хамтарч “Шударга ёс” эвсэл байгуулсан. Үүн дээр тэр эвслийн талаар ямар ч яриа байхгүй. Зөвхөн МАХН-тай байгуулсан. Гэтэл Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар хоёр намын нэр барьж далдуур гэрээ хийлээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Мөн намын дарга эрх мэдлээ хэтрүүлж, намын үндсэн дүрмээ зөрчлөө” гэсэн юм. Тиймээс ҮЗХ-ны хуралдаанаар хуралдуулж хариуцлагагүй намын даргад хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа Э.Бат-Үүл мэдэгдсэн юм. Уг үйл явдлыг орон нутгийн АН-ын хорооны гишүүд хүндээр хүлээн авч байгаа аж. Тиймээс намын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцохыг ийн дамжуулжээ. Мөн гэрээний дагуу нийслэлийн намын байгууллага хэзээ ч МАХН-ыг дэмжиж ажиллахгүй гэдгээ илэрхийллээ. Түүгээр барахгүй ҮЗХ-г хуралдуулж гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцно гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчид Э.Бат-Үүл даргаас дараах асуултад хариулт авлаа.
-Дөнгөж сая Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр ҮЗХ-той зөвшилцөж гэрээ байгуулсан гэсэн шүү дээ?
-Үнэхээр ямар ч үндэслэл байхгүй. Н.Алтанхуяг намын даргын хувьд ичсэн хүн, хүн ална гэдэг зүйлийг л ярьж байна. Би та нарт намын дүрмийг харуулъя. Дүрэмд ҮЗХ гэрээг батална гэж заасан. Гэтэл энэхүү гэрээнд “талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 он дуустал хүчинтэй” гэж байгаа юм. Хамгийн гол аюул энэ байна. ҮЗХ-той ярилцах битгий хэл УИХ-ын бүлэгтэй ч энэ талаар яриагүй. Надтай огтхон ч гэрээний талаар яриагүй.
-Удахгүй ИЗНН-тай хамтран ажиллах гэрээ байгуулна гэсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ гэрээг харах юм бол ИЗНН-тай гэрээ байгуулах орон зай байхгүй.
-ҮЗХ-г хуралдуулах ямар боломж байна вэ. АН-ын бусад фракциуд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Хэрвээ эрүүл саруул ухаантай л юм бол үүнийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол зүгээр л бусармаг үйл явдал. Үүнийг манай намын аль ч фракц, гишүүн хүлээж авахгүй гэж бодож байна. Энэ гэрээг шүүхэд өгч хүчингүй болгохгүй бол манай намд маш аюултай том цохилт болно. Үнэндээ хэлэх үг алга. Бид ҮЗХ-г хуралдуулахыг л шаардана даа.
Д.Анар
URL: