Баян суманд шинэ цэцэрлэг бэлэглэжээ

delbee_1-140321-499686433

-”Номин констракшн” ХХК Төв аймгийн Баян суманд өөрийн хөрөнгөөр 65 хүүхдийн цэцэрлэг барьж өгчээ-

Төв аймгийн Баян суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар компанийн нийгмийн хариуцлагаа эрхэмлэн “Номин констракшн” ХХК 65 ортой цэцэрлэг барьж, ашиглалтад оруулсан байна. Цэцэрлэгийн нээлт энэ сарын 3-нд болсон бөгөөд өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа үед хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар сум орны хөгжилд, хүүхэд багачуудын сурч боловсрох үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн нь бусад компаниудыг уриалсан хэрэг болжээ.

Баян сумын төвд буй хуучин цэцэрлэгийн сүрлэн барилга нь 25 хүүхдийн багтаамжтай боловч барилгын эдэлгээний хугацаа дуусаад дөрвөн жил гаруй болж, хуучирч муудсан, орчин үеийн норм стандарт болон хүүхдийн эрүүл ахуйд тохирохгүй барилга ажээ.

Гэтэл сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 167 хүүхэд байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан тохилог цэцэрлэгтэй болох нь хичээлийн шинэ жил эхэлж буй үед нэн тулгамдсан асуудал байсан тул “Номин констракшн” ХХК цэцэрлэгийн барилгыг хоёр сарын хугацаанд барьж өгсөн байна.

Шинэ цэцэрлэгийн барилга нь нэг давхар, техникийн өрөөний хамт нийт 400 м2 орчим талбайтай. Энэ цэцэрлэгт 65 хүүхэд сурч хүмүүжихээр тооцож, 25 хүүхдийн ахлах анги, 20 хүүхдийн дунд анги, 20 хүүхдийн бага анги, нийт гурван ангийг тус бүрт нь унтлагын, тоглоомын танхим, ариун цэврийн өрөөтэй нь хамт цогцоор нь төлөвлөсөн байна.

Үүнээс гадна, цэцэрлэгийн стандартын дагуу, эрхлэгчийн өрөө, эмчийн өрөө, цагаан хэрэглэл угаах өрөө, халуун цех-гал тогоог иж бүрнээр нь төлөвлөж, анги бүр байгалийн нар үзэх боломжтойгоор шийдсэн ба барилгын норм дүрмийн дагуу аюулгүй байдлыг бүрэн хангаж хоёр гарц хийжээ.

Цэцэрлэгийн гадна талбайд хүүхдүүдийн чөлөөтэй наадаж тоглох тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор 195 уртааш метр төмөр хашаа барьж , тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд 210 м2 өнгөт хавтангаар явган зам, 1000 гаруй м2 талбайд зүлэг ногоон байгууламж, Нарс, улиангар, улиас, хус, тэхийн шээг, үхрийн нүд гэх мэт нийт 70 ширхэг мод, сөөг тарьж, хоёр ширхэг модон сүүдрэвч, сандал, хүүхдийн иж бүрдэл тоглоомууд, 194 м2 элсэн тоглоомын талбайг гадна гэрэлтүүлэгтэйгээр барьж байгуулжээ.  Ийнхүү шинээр барьсан  “Дэлбээ” цэцэрлэгийн бүтээн байгуулалтад  700 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд Монгол Улсад хүүхдийн цэцэрлэгийн шинэ стандарт тогтоохуйц бүтээн байгуулалт болсонд нутгийнхан талархалтай байна.

“Дэлбээ” цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд “Номин констракшн” ХХК-ийн удирдлагууд, нутгийнхан болон урлаг, соёлын нэрт зүтгэлтэн оролцсоны дунд Төрийн Соёрхолт ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав байсан бөгөөд Сүрэнжав гуайтай цөөн хэдэн хором ярилцсан юм.

-Таны нутагт хүүхэд, багачуудын боловсролд хувь нэмэр оруулахаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барьж өглөө. Энэхүү цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцож байхад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ жил Төв аймгийн Баян сумын маань 90 жилийн ой тохиож байгаа юм. Үүнийг тохиолдуулан Номин констракшн компани 65 хүүхдийн цэцэрлэг барьж өгч байгаад ихэд талархаж байна. Улсаас өнөө үед цэцэрлэг барьж өгч чадахгүй байхад хувийн хэвшлийн компани сэтгэл гаргаж бүтээн байгуулалт хийж чадаж байна.

Миний хувьд нутаг орныхоо шинэ бүтээн байгуулалтын гэрч болж, үзэх завшаан тохиосон нь сайхан хэрэг. Би энэ цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцон Ээж минь дээ шүлгийг мялаалга болгож уншиж, 1960-аад оны яруу туульс номоо цэцэрлэгт бэлэг болгон өгсөн. Ээж минь дээ шүлгийн тухайд ээжийгээ гэсэн хүүгийн бодол сэтгэлийн өнцгөөс бичсэн юм.

Нэг компани сумын хөгжил, хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулж байгаа нь бусад компаниудад томоохон уриалга болохын сацуу анхдагч болж чадлаа. Тэгэхэд улсаас энэ цэцэрлэгт халуун тогоо өгнө лээ. Мөн сумын сургуулийн нэг төгсөлтийнхөн энэ цэцэрлэгийн нэг өрөөг санаачлагаараа тохижуулж өгсөн байсан.

-Баян суманд цэцэрлэгийн барилга нэн шаардлагатай байсан гэж дуулсан. Нутаг орныхон шинэ цэцэрлэгтэй болсондоо ихэд талархан хүлээн авсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Бөхийн цолны найрыг харж бахдахаас илүү орон нутгийнхны баяр бахдлыг харах сайхан. Үр хүүхдүүдийнх нь боловсролд хувь нэмэр оруулж буй бүтээн байгуулалтыг үзсэн нутгийнхан сэтгэл дүүрэн, баярлахыг харах сайхан хэрэг. Суманд шинэ цэцэрлэгийн нээлтийг Соён гэгээрүүлэгч телевиз их сайн сурвалжилж өгсөнийг хэлмээр байна. Одооны хэвлэл мэдээллийн байгууллагынхан саар муу зүйлийн араас хэт хөөцөлдөж, барааныг л харуулж байна. Үүний оронд аливаа зүйлийн сайн, сайхныг нь олж харж, дэмжих хэрэгтэй.

-Тус “Номин констракшн” ХХК Туул голын хөвөөнд хотхон барьсан гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Номин хотхон бусад хотхоноос  ялгаатай нь байгалийн зүс, төрхийг эвдээгүй. Хиймэл нуур, оргилолт булаг, бут, сөөг, мод тарьж, байгалийн чулуу, хадыг хэв янзаар нь үлдээсэн байдаг. Мянга сонссоноос нэг үз гэдэг. Миний хувьд урьд нь телевизийн нэвтрүүлэгт орох гэж явахдаа Номин хотхоныг анх харж байсан юм. Ус харсан хүн уйддаггүй шүү дээ.

Тиймдээ ч гол, усыг хэв янзаар нь байлгасанд нь сайшаалтай ханддаг. Одоо үед хотхонуудын тохижилтыг хүн амьдрахад тохьтой шийдээгүй, ойр орчим дахь байгалийг эвдсэн байдаг бол Номин хотхон үүнээс тэс өөр. Би Номин хотхоны саравчинд нэвтрүүлгийн зураг авалтанд орж байхдаа хотхоны тохижилт, ногоон байгууламжийг харан хэдэн мөрт шүлэг бичсэн юм.

Ийнхүү Төрийн Соёрхолт ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайн зохиосон шүлгийг хүргэж байна.

НОМИН ХОТХОНЫ ЦЭЦЭРЛЭГТ ӨРГӨХ ШҮЛЭГ

Түргэлэн урсах Туулын хөвөөнд
Боргилон долгиолох усанд нь тольдсон
Одоо цагийн хийц донжтой
Шоон ногоон харшууд ярайна

Яралзсан Туулын усны тасархай
Мяралзсан долгионт хиймэл нууртай
Алжаасан биеэ амраан сувилах
Хулжаасан салхины сэрүүн амьсгалтай

Нумалсан гүүрний нь дээрээс харвал
Сумалсан пуужин шиг хөшөө нь илхэн
Дайсан байхгүй амар цагийн
Зайсан толгойн бараа нь ойрхон

Номингийн нэр ороогүй газар
Монголд үгүй
Номин Констракшний дүр шингээгүй ордон
Хотод үгүй

Монценкопыг орлосон
Монгол улсын их дэлгүүр
Монополь архийг халсан
Монгол хүнсний иж бүрдэл

Номин гэж цахилгаан барааны дэлгүүр
Өнгийн гэрлээр туяарна
Номин гэж цагийн өнгө
Өнөөгийн алдраар дуурсана

Номин гэж Эх орны минь
Есөн эрдэнийн нэг юм
Номин гэж Эрдэс баялгийн
Ерөөл заяаны нэр юм.

Улсын Их Хурлын гишүүний тэмдгийг
Номингийн эзэн л энгэртээ зүүсэн
Алсын их одны гэрэл туяаг
Номингийн залуус л биедээ шингээсэн

Хан Богд уулын
Араас нь тольдсон Номин хотхон
Зан сайт олныг урдаас нь тоссон Номин хотхон

Шилтгээн хотхон нь яруухан
Шилмэл залуус нь даруухан
Шитгээ чулуу нь дориухан
Шинжин харахад саруулхан

Номин эрдэнээр туяарсан
Номин хотхонд амьдармаар аа
Номин нэрээр далласан
Номингийн агаараар амьсгалмаар аа

Туулын уснаасаа амсан жаргая
Уулын салхиараа амьсгалж амьдаръя
Номин хотхондоо ирж амаръя
Номингийн тансгийг мэдэрч баясъя

Д.ТӨГСЖАРГАЛ

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих