Шүүгчид нөлөөлөхийг оролдсон этгээдүүдийг шалгуулж байна
Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд батлагдсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Эрүү, иргэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдлийг баталгаажуулан баримт хөтөлдөг болсон байна. Одоогийн байдлаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлснийг шийдвэрлэхээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа гэнэ. Эдгээр есөн үйлдлийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр шүүгчид нөлөөлөхийг оролджээ. Ийнхүү шүүгчийн хараат байдалд халдсан этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Гадаадын иргэнийг бол албадан гаргаж дахин ирэх эрхийг арав хүртэлх жилээр хасах, албан тушаалтныг бол огцруулах, улс төрийн нам болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох юм байна. Мөн буруутай этгээдийг 30 хүртэлх хоногоор баривчлах юм.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: