АНМАХН

7eb883_MPA_PHOTO-4802_x800
Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ

Төрийн ордонд АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын ЕНБД Ц.Оюундарь нар дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан Хамтран ажиллах гэрээнийхээ талаар тайлбарлалаа.

Тэрбээр энэхүү гэрээг хийх болсон шалтгаан нь АН-ын ҮЗХ, ГЗ-ийн өмнөх хурлуудаар гаргаж байсан МАХН, МҮАН, Иргэний зориг -Ногоон намтай хамтран ажиллах зарчмаа үргэлжлүүлэх шийдвэрийг баримталсан гэлээ.

Мөн энэ гэрээг хийснээр 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр намтай хамтран оролцоно гэсэн үг биш юм гэж тэрбээр ярив.

Харин 14.00 цагаас ХБХ хийхээ зарлаад буй Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл юу гэж ярих бол…

АНМАХН

- Хамтдаа гаргасан ололт, амжилтыг үгүйсгэх боломжгүй. Гэхдээ хамтдаа гаргасан алдаа, завхрал түүнээс ч илүү байхыг үгүйсгэхгүй -

МАН-ын дарга асан С.Баяр толгойгоо гашилгаж байж олсон СТАНДАРТ БУС шийдвэрийн үр дүнд МАНАН бий болсон билээ.

2008 оноос хойш хамтран засаг барилцаж байсан МАНАН 2012 онд бутарсан.

Олонх болоогүй мөртөө МАН-ын “хөнжилд орсон” АН сонгуулийн дараа зангаа хувиргаж МАХН, МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийг хамтрагчаараа сонгосон.

Хоёр жил хамтран ажиллаж буй улстөрийн хүчнүүд өнгөрсөн амралтын өдөр гэрээгээ сунгасан нь амралтын өдрийн нэгэн гэнэтийн үйл явдал байв. 

Гэнэтийн гэдэг нь энэ шийдвэрт намын нөхөд нь гайхаж балмагдаж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байсан юм.

Тухайлбал АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн М.Зоригт “2016 онд хамтарч сонгуульд орно. Намын гишүүдээр нэг ярьж болмоор. Үүнийг нь мэдсэн бол Батзандантай зурдаг байж” гэжээ.

АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын гишүүдийн саналд гарын үсгээ зурсан байсан. Энэ нь Ж.Батзанданг намын дүрмийн дагуу АН-аас хөөх үү гэсэн асуулт дагуулаад байна.

АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дараагаар АН-ын гишүүд өөрийн олон нийтийн сүлжээгээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн нь АН-д дотоод зөрчил туйлдаа хүрснийг илчлэх мэт.

Ж.Батзандан “АН, МАХН-тай хамтарч 2016 оны сонгуульд оролцоно гэнэ үү, Н.Алтанхуяг ийм эрхтэй хүн мөн үү. АН-ын гишүүд дэмжигчдийн хүсэл зориг мөн үү” гэж бичжээ.

Энэхүү хамтран ажиллах гэрээг АН дотроо огт  ярилцаагүй болох нь үүнээс харагдаж байна.

Намаа эсэргүүцсэн хүчтэй байр суурийг илэрхийлсэн мөн нэгэн гишүүн байсан нь М.Батчимэг.

Түүний “Улс орноо их хойш татахгүйн тулд энэ УИХ төсвөө, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулиа батлаад эртхэн тарах нь дээр болж байх шиг байна” хэмээн бичсэн жиргээ нь олон хүний дэмжлэг авчээ.

УИХ-д хэн олонх байж шийдвэр гаргаж байгаа вэ. Мэдээж АН. Тэгэхээр АН-ын олонх бүрдсэн УИХ-ыг тарахыг шаардсан улстөрч эмэгтэйн энэ үзэл бодол санаандгүй унагаасан бухимдлын үг биш бололтой. АН үнэхээр дотроо учрахаа больжээ.

АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн танхимын хэдэн сайд нар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарыг зогсоон МАХН-ын дарга Н.Энхбаяртай ийнхүү гэрээ хийх үед АН- олонд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд нь хаачив?

АНМАХН-ын асуудлыг АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар тус намын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Бидэнд тодорхой мэдээлэл алга” гэв. 

Харин энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл 14.00 цагаас мэдээлэл хийх юм байна. Бидний авсан мэдээллээр Э.Бат-Үүл АН-ын дарга Н.Алтанхуягийн энэ үйлдлийг эсэргүүцэн мэдэгдэл хийх бололтой.

Э.Бат-Үүл АН-ын ҮЗХ, ГЗ хоёуланд нь ордог. Тэгэхээр Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн гэрээг толгой мэдэн хийсэн хэрэг бололтой…

Харин энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн ордонд яг одоо хэвлэлийн хурал хийж байна. Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

ikon.mn

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих