Японы ЗГ-ын эмэгтэй сайд огцрох өргөдлөө өгнө

7f019a_yuko_obuchi_x800

Ерөнхий сайд Шинзо Абегийн багт ажиллаж байгаа Худалдаа, Үйлдвэрийн сайд Юко Обучи санхүүгийн дуулианаас болж огцрохоор боллоо.

Түүнийг улс төрийн намынхаа дэмжигчдийн хандивласан мөнгийг зүй бус зорилгоор ашигласан гэж буруутгаж байгаа юм.

Ерөнхий сайд байсан Кейзо Обучигийн охин, 40 настай, хоёр хүүхдийн эх тэрээр өнөөдөр парламентын хороонд тайлангаа танилцуулсны дараа огцрох өргөдлөө өгөх гэнэ.

Хоёр сар орчмын өмнө Абе сайд нарын танхимаа шинэчлэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс таван эмэгтэй сайд оруулаад байсны нэг нь Юко Обучи байлаа.

Түүнийг Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох боломжтой хүн гэж Япончууд үздэг юм.

Энэ явдал нь ерөнхий сайд Абегийн рэйтингд ч нөлөөлж эхэлсэн байна.

Обучиг буруутгах үндэслэл нь түүний бүлэглэл намынхаа хандивын сангаас 2009-2011 оны хооронд 43 сая иений (400,000 доллар орчим) хөрөнгийг тодорхой арга хэмжээнүүдэд зарцуулж байсан ба харин 2012 оны арга хэмжээнийх нь санхүүгийн баримт байхгүй байгаагаас болсон гэж NHK мэдээлжээ.

Мөн уг сангийн мөнгөөр 2012 онд түүний эгч болон хүргэн ахынх нь компаниас 3.8 сая иений бараа худалдаж авсан тухай дурджээ.

Энэ бүхэн сөрөг хүчин болох Ардчилсан намынхны гол зэвсэг болж Абегийн засгийн газрын нэр хүндийг унагахаар ашиглаж байна.

Обучигээс гадна Хууль Зүйн сайд Мидори Мацушимаг сонгуулийн хууль зөрчиж сонгогчдод цаасан дэвүүр тараасны төлөө Ардчилсан намынхан өнгөрөгч Баасан гарагт шүүхэд өгөөд байна.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих