СИНГАПУР ДАХЬ ЭСЯ-НЫ ХАМТ ОЛОН ҮНДЭСНИЙ СОЁЛОО СУРТАЛЧЛАВ

20141020singaporesСингапур Улсад дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын гэргий болон эмэгтэй Элчин сайд нарын дунд “Өглөөний дипломат цайллага” арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд улс орон бүрийн эзэгтэй нар улс орныхоо бахархал болсон түүх, соёл, уламжлалаа сурталчилж үндэсний хоолоор дайлдаг аж.

2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны хамт олон тус цайллагыг ЭСЯ-ны байранд зохион байгууллаа. Элчин сайд Б.Дэлгэрмаа ирсэн зочдоо үндэсний зоогоор дайлж, уламжлалт монгол ахуйн талаар сонирхуулж, уртын дууг эгшиглүүлэн, нэгэн өвөрмөц зочны уран бүтээлийг толилуулав.

Австрали Улсын мэргэжлийн гэрэл зурагчин Сили Брандт Монгол нутгаар 2000 км мориор аялсан сэтгэгдлээсээ хуваалцсан бөгөөд Монгол айл өрхийн амьдралын алтан агшныг гэрэл зургийн хальснаа буулган нүүдлийн аж ахуйн онцлогийг шингээсэн уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж танилцуулсан юм. Тэрээр Монгол ахуйн гайхамшиг, ард иргэдийн найрсаг зочломтгой занг бахдан биширснээ цохон тэмдэглэхийн сацуу Үндэсний баяр наадам, өв уламжлал, соёл урлагийн талаар сонирхолтой гэрэл зургийн танилцуулга хийв.

Энэ өдрийн үйл ажиллагаанд Сингапур Улсад суугаа ОХУ, БНСУ, Франц, Швейцари, Норвеги, Нидерланд, Ангола, Перу, Пакистан, Египет, Мексик, Казакстан, Украин зэрэг 14 улсын Элчин сайд болон гэргий нар оролцсон бөгөөд хүрэлцэн ирсэн зочид Монгол Улсын түүх соёлыг шагшин магтаж, арга хэмжээг зохион байгуулсан Элчин сайд Б.Дэлгэрмаад талархал илэрхийлэн, Монгол Улсад зочлох сонирхол төрснөө илэрхийлж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих