Эрхэм хүндэт ерөнхийлөгч Ц. Элбэгдорж танаа
Намайг Намхайнямын Жаргал гэдэг. Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын жирийн иргэн билээ.
Сайхан зуслантай болохыг мөрөөдөж, тэмүүлсээр, бараг хоёр жил хайсны эцэст сая нэг юм, энэ зун, Хуурай мухар зусланд хэр тааруу байшинг, зуслангийн газрын хамт хууль номын дагуу худалдан авч СБД-ийн өмч газрын харилцааны албанд бүртгүүлж, эхнэр хүүхдүүдээ наадмаас өмнө зусланд гаргачих санаатай, байшингийн засварын ажлаа эхлүүллээ.
Гэтэл 2014 сарын 6-р сарын 22-ны өдөр манай хөрш болох, дөнгөж сайдаар томилогдоод байсан Ш. Түвдэндорж баахан хүмүүстэй зуслан дээрээ ирснээр, миний зуслангийн газар, худалдаж авсан миний өмч болох хувийн орон сууц болох өмчийг минь дээрэмдэх үйлдэл эхлэсэн болно. Түүний ах Ш. Төмөрбаатарын тушаалаар бүтэн сайн өдөр СБД-ийн газрын албаны байцаагч Билэгсайхан, Бямбажаргал нарын нийтийн албан хаагчид ирж, миний хийж байсан засварын ажлыг шаардах хуудсаар зогсоосон.
Маргааш нь СБД-ийн газрын албаны дарга Мөнхбаатар, Бямбажаргал, Билэгсайхан нарын хүмүүсийн хэлснээр, Ш. Түвдэндорж нар энэ зуслангийн газрыг надад зарсан эзнээс нь авах ёстой байсан учраас, 2013 оны эцсээр газрын төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар, хэдийгээр иргэн хүний хувийн өмчийн 5х7 м-ийн амины орон сууц байсаар байтал, хууль далайлган газар эзэмших эрхийг нь СБД-ийн засаг дарга Бадарсангаар цуцлуулаад, энэ тухай эзэнд нь хэлэлгүй хав дарсан байна. Мөн энэ тухайгаа газрын кадастрын бүртгэл, хувийн хэрэгт нь тэмдэглэлгүйгээр орхижээ.
Энэ хооронд эдгээр хүмүүсийн гай эсвэл миний азгүйтэл болоход Би уг газрыг эзнээс нь албан ёсоор, хуулийн дагуу байшингийн хамт худалдан авч, харин үүнийг нь СБД-ийн засаг даргын захирамжаар баталгаажуулсан байжээ (энэ захирамжийг газрын албаны этгээдүүд надаас бүтэн 68 хоногийн хугацаанд хав дарсан).
Гэтэл захиалагч эзэн Ш. Түвдэндорж зуслан дээрээ ирснээр бүх хэрэг мандаж, СБД ба газрын албаны бэртэгчид этгээдүүд болох Бадарсан, Мөнхбаатар, Бямбажаргал нар миний нэр дээр гарсан СБД-ийн захирамжийг надаас нууж, намайг элдвээр хуурч төөрөгдүүлэх, дарамт шахалт үзүүлэх зэргээр миний эрх ашгийг хөндсөн тул би Нийслэлийн засаг дарга Бат-Үүлд хандсан боловч бас л эдгээр хүмүүсийн урт гар, нийтийн албаны бэртэгчин этгээдүүдийн оролцоотойгоор миний гомдлын хариуг 68 хоногийн дараа өгсөн нэр зүүж аргацаалаа.
Энэ хооронд Мөнхбаатар, Бямбажаргал нар үгсэн хуйвалдаж, надад зуслангийн өөр газар олгоё, чи энэ байшингаа буулгаж аваад тэндээ барьчих, биднийг дарга (Ш. Төмөрбаатар, түүний дүү Ш. Түвдэндорж нар) дарамталж алах гээд байна чи ажлаа түр хойшлуул, тохиролцоё, бидний буруу гэх зэргээр намайг хуурч байгаад 2014 оны 10р сарын 13-д МИНИЙ ХУВИЙН ӨМЧ болох зуслангийн мансардтай БАЙШИНГ маань над мэдэгдэлгүйгээр, цагдаагийн хамгаалалтын дор ХҮЧЭЭР АЛГА БОЛГОЛОО. Саяхан хүнийг хүчээр алга болгохын эсрэг конвенцид манайхан нэгдэх тухай ярьж байсан, харин хувийн өмчийг бол хэн ч үл хамгаалдаг юм шиг санагдсныг яана.
Би ардчилсан тогтолцоо, хуулийн засаглал, шударга ёсыг анхнаас нь бие сэтгэлээр дэмжиж ирсэн бөгөөд Монгол улсад ардчилсан хувьсгалыг манлайлсан улс төрийн хүчин засаглаж байхад, АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН эдгээр хуульгүй этгээдүүдийн золиос болж АРДЧИЛАЛЫН АМИН СҮНС БОЛСОН ХУВИЙН ӨМЧӨӨ, нийтийн албан хаагчид ба цагдаагийн албан хаагчдаар хулгайгаар, бүр шүүхийн шийдвэргүйгээр ХҮЧЭЭР АЛГА БОЛГУУЛЖ, ЭВДЭЛЖ СҮЙТГҮҮЛСЭНДЭЭ маш их хорсож, харамсаж, нэг үгээр бол хэлэх муу үг үл олдоно.
Таныг ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ, ШУДАРГА ЁС, АРДЧИЛАЛЫН АМИН СҮНСИЙГ тууштай хамгаалагч гэж үзэн энэ захиаг бичсэн ба ХЭРЭВЗЭЭ эдгээр хуульгүй дээрэмчдэд ЗОХИХ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ТООЦОХГҮЙ бол зуслангийн газартай, түүн дээрээ зуслангийн байшин барьж амьдарч байгаа хэрнээ, ямар нэг байдлаар Зуслангийн газрынхаа төлбөрийг төлөөгүй, миний адил олон мянган жирийн иргэдийн өмчийг энэ мэтээр ДУРЫН АЛБАН ТУШААЛТАН, ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХ боломж бийг, АЛГА БОЛГОСООР БАЙХ болно гэдгийг дахин танд сануулах нь илүүц биз.
Таныг энэ хэрэгт анхааралаа хандуулж, буруутай этгээдүүдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд ХАРИУЦЛАГА тооцох эсвэл ШААРДЛАГА тавина гэдэгт гүнээ найдаж байна.
Би энэ мэт увайгүй этгээдүүд Төрийн болоод нийтийн албан тушаалд нэг ч гэсэн хоног ажиллах ёсгүй гэж үзэж байгаа болно.
БИ АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ, ШУДАРГА ЁС, ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМД МАШ ИХЭЭР ИТГЭДЭГ БА БИДНИЙ САЙХАН АМЬДРАЛЫН ҮНДЭС ГЭЖ ҮЗДЭГ.
Би энэ үйл явдалтай холбоотой гэрэл зургийн цомгийг хавсаргалаа.
Хүндэтгэсэн
Намхайнямын Жаргал
2014 оны 10-р сарын 17-ны өдөр
URL: