Эболагийн өвчтөнтэй хамт ниссэн хүмүүсийн хайж байна
АНУ-ын эрх баригчид эбола вирусээр өвчилсөн сувилагч эмэгтэйтэй цуг нэг онгоцоор зорчсон 132 хүнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Сувилагч өмнө нь Техас мужид нас барсан Томас Дунканаас халдвар авсан хоёр дахь эмнэлгийн ажилтан аж. Бүсгүй өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт хуримдаа бэлтгэхээр Техасаас Огайо муж руу ниссэн байна. Харин буцах замдаа өнгөрсөн мягмар гаригт халуурч, шинжилгээгээр эболагийн халдвар авсныг нь тогтоожээ. Эмнэлгийн ажилтнуудыг эболагийн вирусээс хамгаалж чадаагүйгээс АНУ-д энэ өвчнөөс сэргийлэх арга хэмжээ найдвартай эсэхэд эргэлзээ төрүүлсэн аж. Техаст эболагийн халдварын улмаас нас барсан Томас Дунканыг эмчилж байсан эмнэлгийн ажилтнууд эхний өдрүүдэд тусгай хамгаалах хэрэгсэлгүй, зохих зааварчилгаагүй ажиллаж байсныг тэд ярьсан байна. АНУ-д эболагийн халдвар авсан хоёр дахь тохиолдол гарсны дараа Ерөнхийлөгч Б.Обама уржигдар орой Цагаан ордонд шуурхай хуралдаан зарлажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тараасан мэдээлэлд дэлхийн нийт энэ өвчний тархалтын хурдыг хазаарлаж чадахгүй байгааг өгүүлсэн аж. Мэргэжилтнүүд ирэх арванхоёрдугаар сар гэхэд нэг долоо хоногт 10 мянган хүн шинээр эболагийн вирусээр халдварлах болно гэж таамаглаж байна.
Д.Болд
URL: