Н.Даваа: Хоёр найз маань чи өөрийнхөөрөө л яваарай, бид гараад амьдралаа бодъё гэсэн

54570

-ХЭН ХОЖООД БАЙНА ГЭХЭЭР МОНГОЛ УЛС ӨӨРӨӨ ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ АЛДААД БАЛАРЧ БАЙГАА ЮМ. ХЭДЭН БАНКУУД НЬ ЦӨМ АШИГ ОЛООД БАЙНА-

-Та суллагдаад “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эргэж очсон гэсэн. Юу гэж ярьж байх юм?

-Намайг хоригдож байхад Ц.Мөнхбаяр эргэж очсон юм. Тэр үед “Бид үйл ажиллагаагаа зогсоолоо. Тантай уулзчихаад нутагтаа очиж Онги голынхоо дэргэд очиж амьдарна” гээд явсан хүн л дээ. Тэгсэн чинь телевиз үзэж суутал “Гал үндэстэн” холбооныхон буу, гранат болоод явчихсан гэсэн мэдээлэл гардаг байгаа. Нутаг руугаа явсан хүн яахаараа буу шийдэм болов гээд их гайхлаа. Суллагдаад хоёр гурав хоносныхоо дараа Ц.Мөнхбаярыг эргэж очихдоо хамгийн түрүүнд “Чи чинь юу болчихов” гэж асуусан.

-Тэгсэн Ц.Мөнхбаяр юу гэж байх юм?

-Би үүргээ биелүүлсэн л гэж хэлсэн. Нутагтаа очоод байхад нь УИХ-ын зарим гишүүн “За бид урт нэртэй хуулийг чинь дийлэхээ байлаа. Чи өөрөө хамгаалдаг юм уу гэхээс, бид хамгаалахаас өнгөрсөн” гэж утсаар хэлсэн юм билээ. Тэгэхээр нь нийслэлд ирээд Уул уухайн сайд Д.Ганхуягтай уулзсан гэсэн. Ганхуяг сайд “Тэр хууль чинь өнгөрсөн. Шийдэгдсэн асуудал” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд л буу шийдэмдээ хүрсэн гэж надад хэлсэн.

-”Анод”-ыг хамт байгуулсан Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг таван жил, таныг гурван жил хорих шүүхийн шийдвэр гарч байсан. Тэднийг суллах хугацаа болоогүй байх. Найзуудыгаа эргэж очив уу?

-Энхтөрийг эргэж очсон. Дарханд байгаа. Хорих дэглэм нь буураад хорих ангийнхаа малыг маллаж байна. Би очиж цахилгаан тавьж өгөөд ирсэн. Бид хоёрын нөхөрлөл 50 жилийн түүхтэй. Нэгдүгээр ангиасаа нэг ширээнд тохой нийлүүлж, өнөөдрийн хүртэл ойр дотно явж ирсэн. Манай Энхтөр Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн шилдэг сурагч байсан. Олимпиад, спорт, амжилт гаргаагүй салбар бараг л байхгүй. Орост электрон механикийн анги төгссөн. Эрдэнэтийн үйлдвэрийн автоматжуулалтыг арван жил хийсэн хүн. Эрдэм шинжилгээний институтэд ажиллаж байсан. “Монел” телевизороос эхлээд бүх л зүйлд гар бие оролцож явсан. Маш сайн мэргэжилтэн. Уг нь дэлхийн хэмжээний худалдаанд оролцож явах хүн. Ийм хүнээр мал маллуулаад байж байна. Манай улс бэлтгэгдсэн боловсон хүчнээ маш буруу ашиглаж байгаагийн нэг тод жишээ энэ. Гүр-Аранз бол физикч хүн. Социализмын үед Таван толгойн нөөцийг геофизикийн аргаар тогтоож байсан. Ийм хүмүүсээр аар саар зүйл хийлгэж байхаар улс орон яаж хөгжих вэ дээ. Хийж чадах мэргэжил, албан тушаал дээрээ очих ёстой хүмүүс нь очихгүй байна. Банк дампууруулчихлаа, гэтэл сүүлийн зургаан жил монголчууд дандаа халамж зээлээр амьдарч байна. “Анод” дампуурснаар зөвхөн Даваа, Энхтөр, Гүр-Аранз гэдэг хүмүүс хохирч үлдсэнгүй. “Анод” банкийг түшиж бизнес эрхэлж байсан бүх хүмүүс унасан. Тэдний ард хичнээн олон айлын хувь заяа байв. Тэгэхэд манайх яаж байна. Нэг л их уралдсан барилдсан хүмүүс. Олимп, хөл бөмбөг гээд хуйлраад байдаг. Нэг л их сэтгэлийн цэнгэл авах гэсэн хүмүүс. Тэгээд бидэнд юу үлдэх юм. Бодитой юм руугаа төр засаг нь анхаарлаа хандуулах цаг болсон. Бодитой юм гэдэг нь эдийн засаг. Хүссэн хүсээгүй газрын баялгаа хаа сайгүй олборлож эхэллээ. Үүнд ямар ч журам дүрэм гэж алга. Эзэн биегүй төр. Ийм төрд ээлжилж гардаг хоёр нам бий. Хоёулаа гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн. Шилэн данс гэж ярьж байна. Ил тод болгоод яах юм бэ. Энэ хоёр намын санхүүжилт гээд бүх юм авлигаар явж байна. Албан тушаал нь ч авлигаар явдаг. Сайдын суудал хэдэн сая гэдэг билээ. Яригдаад л байдаг шүү дээ. Цаанаа бүх юм учиртай.

-Баримттай ярихгүй бол болохгүй байх. Яагаад хоёр нам авлигад идэгдсэн гэж хэлэх болов?

-Би бизнесийн салбарт байсан хүн. Тэдний дансаар хэдэн тэрбум төгрөг орж гарч байсныг мэднэ. Нэг яам хэдэн төгрөг аваад намдаа хэдийг нь өгснийг хүртэл мэднэ. Тэр төрийн байгууллага хэдэн төгрөгийн шимтгэл аваад намдаа өгч байгааг нь харж байсан. Тендерээс хэдэн төгрөгийн авлига аваад өөртөө хэдийг үлдээж, намдаа хэдийг өгдгийг нь хүртэл би мэддэг.

-Нэр дурдаад хэлчихвэл яасан юм бэ. Нийт дунд нь ярихаар хавтгайраад явчих юм биш үү?

-Нэр цохож хэлээд яах юм бэ. Бүгдээрээ өөрсдийгөө мэдэж байгаа. Намайг хэлсэн, хэлээгүй мэднэ. Ил болгоно гэвэл бүгд шоронд орно. Шоронд орчихсон хүмүүс нь болохоор намынхаа төлөө явсан, албан тушаалтандаа мөнгө аваачиж өгдөг байсан ухуулагч нар байх юм. Сайн мөнгө авчирч өгөхөөр нь хэлтэс, газрын даргаар тавьдаг. Баахан авлигаа авахуулж байгаад, дараа нь барьж өгөөд шоронд явуулчихдаг. Харин өөрсдөө үлдчихдэг. Зарим тохиолдолд илүү их мэдээлэл задарчихна гээд шорон руу илгээдэг шиг байгаа юм. Иймэрхүү байдлаар цааш амьдрах утга байна уу. Би хал үзлээ, харлаа.

Надаас хатуухан өшөө авлаа. Ерөнхийд нь хөндлөнгөөс нь харахад бид өөрчлөх цаг болжээ. Иргэдээ бодох цаг болсон байна. Надад банкныхаа төлөө явахаас өөр арга байхгүй. Уг нь бид эдийн засгийн эрх чөлөөний төлөө явсан. Гэтэл сүүлдээ би ганцаараа үлдчихлээ.

-Яагаад ганцаараа гэж, нөгөө хоёр найз чинь байна шүү дээ?

-Манай хоёр найз цуцсан. Даваа чи өөрөө л яваарай. Бид хоёр одоо больё. Чангын шоронд нь орлоо, боллоо. Бид хоёр гараад амьдралаа бодъё гэсэн. Сая эргэж очиход Энхтөр надад энэ үгээ дахин хэлж байна лээ.

-Хоёр намд та хандив гэж өгч байгаагүй юу. Та ч юу байх вэ танай банк?

-Өгч байсан. Тэгтэл уул уурхай дээр бид санал нэгдээгүй. Тэд гадныхныг уул уурхай руу оруулж ирэхийг чухалд тооцсон. Бидэнд уул уурхайн салбарын мэдэл ихтэй байсан учраас гадныхантай хамтрахыг хүсээгүй. Тэгээд зам хоёр тийшээ салж эхэлсэн. Алтыг бид өөрсдөө олборлож чадна. Гадны хөрөнгө оруулалт бидэнд хэрэггүй. Гадны хөрөнгө оруулалт гэж юу байдаг вэ гэхээр баахан тоног төхөөрөмж авчраад тэрийгээ тав арав дахин өндөр үнээр зардаг байхгүй юу. Энэ нь улсыг дэмжиж буй асуудал биш. Үнэхээр шинэ технологи оруулж ирээд, хөдөө аж ахуйд ч юм уу үйлдвэрлэл нэвтрүүлбэл өөр. Уул уурхайн салбартаа хөрөнгө татна гэдэг Монголоос өөр улсын хийдэг ажил биш. Гадны хөрөнгө оруулалт нэрээр Хятад юм уу, Оросын орд газрыг авч чадах уу, үгүй шүү дээ. Манайд харин тийм боломж байгаа. Түүнийгээ гадны хөрөнгө оруулалт гээд их гоё нэрлэчихсэн. Дэмжээд байх зүйл биш.

-Уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалт зогссоноос болж хямрал нүүрлэлээ, долларын ханш өсч байна гэж эдийн засагч бүр ярьж байна. Гарц нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах гээд байгаа шүү дээ?

- 5000 тонн алттай орд батлагдчихсан. Одоо Эрдэс баялгийн зөвлөл дээр асуудал нь явж байна. 12 км газар өрөмдлөг хийсэн. Гэтэл энэ газар чинь 60 км шүү дээ. Дөрвөн бүлэг орд нээгдчихээд байна, цаана нь хэд нэмэгдэхийг мэдэхгүй. Үүнийг зүгээр канадуудад өгчих үү. Канадын еврей нар шүү дээ. Дэлхий глобалчлагдаад ирэхээр еврейчүүд дэлхийн алт мөнгө биднийх гэдэг болсон.   Глобалчлалаар хамгийн түрүүнд тэд орж ирж байгаа юм. Хэдэн жилийн өмнө энэ ордыг бид мэдчихсэн, дарчихсан хэвтэж байсан юм. Гэтэл тэд сансраас зургийг нь аваад бүгдийг нь сайхан тодорхойлчихсон. Тэгээд “өг” гэдэг. “Өгөхгүй” гэхээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкаараа дамжуулаад энэ “Анод” гэдэг банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хоосон газарт хийгээд байна, маш эрсдэлтэй банк байна гэж төр засгийн ханд хэлүүлдэг. Нөгөө Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт. Тэгээд “Танай энэ “Анод” нэг л өдөр та нарыг ална шүү” гэчихсэн. Тэгээд биднийг айлгаж эхэлсэн. Тайлбарлах гэсэн чинь тайлбар хүлээж аваагүй. Энэ тулаан 2003 онд эхлээд 2006 он хүртэл явчихсан байхгүй юу. Зөвхөн 2008 оны асуудал биш. Тэгээд долдугаар сарын 1 -ний үймээн болсон. Тэр үед бид иргэний хөдөлгөөнийхнийг дэмжсэн. Энэ хоёр нам бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Үймээний хэргийн дараа гол санхүүжүүлэгч нөхөр чинь энэ хүн байна аа гээд өс авч эхэлсэн. Жинхэнэ утгаараа өшөө аваад санхүүгийн дээрэм хийчихэж байгаа юм.

- Иргэний хөдөлгөөнийхөн гэхээр хэн байх вэ?

-Батзандан, Магнай, манай Иргэний хөдөлгөөний намынхан байна. Тухайн үед иргэний хөдөлгөөнийхнөөс илүү цэвэр хүмүүс байгаагүй. Яах аргагүй дэмжиж эхлэх хүмүүс байсан, дэмжсэн.

-Батзандан Магнай хоёртой холбоотой байдаг уу?

-Холбоотой байдаг. Тэр хоёр намайг хоригдож байх хугацаанд дэмжиж тусалж хоригдож буй ангийн дарга нартай ярьж санаа тавьдаг байсан. Харин хамт бизнес хийж явсан нөхөд хоригдчихоор сураггүй болдог юм байна. Санаанд оромгүй хүмүүс их тус болсон шүү. 40 гаруй хүн нийлээд 50-иад сая төгрөг цуглуулж өгсөн байна. Түүнийг нь би эртнээс хийж байсан төхөөрөмжиндөө зарцууллаа. Цахилгааныг хамгийн бага өртгөөр үйлдвэрлэж болох хөдөлгүүр. Энэ ажлыг минь хийж байсан эрдэмтэн намайг хоригдож байхад өөд болчихож. Нэг эрдэмтэнд хандаад хөдөлгүүрээ бэлэн болгосон. Цахилгааныг тасралтгүй үйлдвэрлэж чадах хөдөлгүүр. Дэлхийд шинэ дэвшил авчирна гэж найдаж байгаа. Аливаа дэвшил аливаа шинэ боломж бололцоо хөгжлийг авчирдаг.

-Хөдөлгүүрийнхээ талаар дэлгэрүүлж тайлбарлаач?

-Орон нутаг руу татсан цахилгааны шугам утас байдаг даа. Тийм зүйл байхгүй болох юм. Жижигхэн төхөөрөмжөөр тасралтгүй эргэх хүчийг хийж чадах хөдөлгүүр хийсэн гэсэн үг. Хамтарч ажиллах хүн хайж байгаа шүү. Энэ дашрамд хэлэхэд сонирхож буй хүн байвал утасдаарай.

-Та банк удирдаж явлаа. Валютын ченж ч хийж явсан хүн. Долларын ханш өсөөд байгааг юу гэж харж байна?

-Долларыг бид барьдаг байсан. Долларын ханш өсөөд байвал “дар” гэдэг чиглэлийг Төв банк өгдөг байсан. Дөрөвхөн хувийг эзэлдэг, хар зах гэж яриад байдаг валютын захууд долларын ханшид нөлөөлдөг. Долларын ханшийг барих гэж хамаг валютынхаа нөөцийг бараг өнжөөд нэг зараад байх юм. Тэр завсар банкууд нь 10-16 төгрөгийн зөрүүтэй ашиг олоод байна. Төв банкнаасаа доллар аваад, авсан ханшаасаа 10-аас 16 төгрөгөөр өсгөж ченжүүддээ зарчихаж байгаа юм. Хохирогч нь валютын нөөцөө барсан Монгол Улс л болоод байна даа. Дахиад хэлэхэд хэдэн банк нь цөм ашиг олоод байна. Зээлээсээ илүүтэй валютын ханшаар ашиг олж байна. Эцэст нь улс, иргэд л хохироод байна. Үүнийг ойлгоход их энгийн. Валютын нөөцийн сангаас ханшийг  барихын   тулд гурван удаа доллар гаргаж арилжаалж болно. Ингээд болж бүтэхээргүй бол болих ёстой. Гэтэл тэгэхгүй байна. Эсвэл санаатай хийгээд байгаа юм уу. Гэтэл 20-30 сая ам.долларыг өнжөөд л зараад байна. Долларыг хөөрөгдөхөөс хэтрэхгүй арга. Банкууд ийм ашиг авчирч байгаа зүйлийг үгүй гэхгүй шүү дээ. За гэж аваад зараад байна. Өдөрт хэдэн тэрбумаар нь олж байна. Ченжүүд ч хожоод байгаа юм биш. Ганцхан банкууд хожиж байна. Доллар өсөөд байгаа дүгнэлтийг Монголбанкныхан буруу өгч байна. Тэнд голдуу залуучууд ажилладаг болсон юм байна. Асар их хэмжээний доллар эргэлтэнд явж байна. Хар зах дээр дөрвөн хувь явж байна гээд байгаа.

-Дөрвөн хувь гэдэг нь?

-Манай улсын бүх долларын арилжааны дөрвөн хувь нь хар зах дээр явж байна. Хар зах нөлөөлөхгүй гээд байгаа юм. Хамгийн том алдаа энд байна. Энэ дөрвөн хувь чинь долларын ханшийг тогтоож байдаг хэсэг. Хар зах долларын ханшийг тогтоодог. “Найман шарга” захын ханш тэд байлаа гэдэг. Тэр нь төв банкныхаа ханшийг тогтоодог. “Анод” банк байхдаа хар захынхаа ханшийг тогтоодог байсан юм. Тэнд ажиллаж байгаа ченж гэх хүмүүс бараг манай салбар мэт ажилладаг байсан. Тэдээс дээш гаргаж болохгүй гэдэг. “Анод” Төв банкны өмнө долларынхоо ханшийг хариуцсан байсан.1990-ээд оноос 2008 он хүртэл гэж хэлж болно. Доллар хэлбэлзвэл Төв банк яриад “Энэ юу болж байна хариуцлага алдаж байна уу” гэдэг.

-Доллар төгрөгийн эсрэг 20, 30 хувиар чангарах үед яг юу болсон юм бэ?

-Долларыг Төв банк өөрөө хөөрөгдсөн. Хэдэн банкуудыг сонгож аваад доллараа зарчихсан. Үр дүнд нь Монгол Улс валютын нөөцгүй болж байна.

-Яаж тогтоох ёстой юм бэ?

-Зүгээр л дотроо ороод ажиллалдаа. Ганц арилжааны банкны л хийдэг ажил шүү дээ. Тэгэхээр нэг банкийг тусгайлж бэлдээд хяналтыг нь тавиулчих. Ядаад байх юмгүй. Энэ хар захыг барьж чадахгүй юм бол урд, хойд хөрш ч тоглолт хийж болдог газар. Ганц банк долларын ханшийг барих хэцүү биш. Мах, ноолуурын үе ч юм уу тухайн үеэсээ шалтгаалаад тоглолт хийчихдэг. Төв банкныхан туршлагагүй л байна.

-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Амгалангийн хорихыг арын хаалганы хорих гэдэг юм билээ. Хоригдлууд юу гэж ярьж байх юм?

-Тэгж ярьдаг юм билээ. Жаахан мөнгө өгвөл Амгалангийн хорих ангид үлдэнэ гэх юм билээ. Би шүүхээр таслагдаад явж байхдаа дамжин өнгөрүүлэхэд Ашигт малтмалын газрын дарга асан Батхуяг, хэлтсийн дарга асан Даваацогт нартай таарч  байсан.   Бид  чинь Олон овоотын асуудлаар шүүхдэлцэж байсан юм. Тэд Амгалангийн хорих руу явж байхад би Багануурын чанга дэглэмтэй хорих анги руу явж байгаа юм. Монголчууд цөөхөн гэдгийг тэр үед л мэдэрч байлаа.

-Олон овоот гэснээс энэ ордоос болж “Жаст” группын Батхүү бас асуудалд орж шүүхээр шийтгүүлсэн. Эцэст нь “Монгол газар” компанийн Мянганбаяр намайг хулхидсан байна гээд тэр хоёрын дунд маргаан дэгдсэн. Олон овоот үнэхээр тийм их алттай орд уу?

-Олон овоот дээр бид туршилт хийсэн. Өдөр болгон 5-6 кг алт олох боломж байсан. “Жаст групп”-ын Батхүүд туршлага дутсан. Мэргэжлийн хүн биш болохоор алдсан. Буруу газраа ухаад алтны нөөцөн дээрээ шороогоо асгачихсан байна лээ. Нөгөө шороогоо зайлуулахад ахиад олон сая төгрөг хэрэгтэй болсон хэрэг. Сайн судалгаа хийгээгүй байна гэж ойлгосон. Түүнээс Олон овоот ирээдүйтэй байсан.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих