УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг Өвөрхангайн иргэд эсэргүүцэв
Өнөөдөр Өвөрхангай аймгийн сонгогчдын төлөөлөл сонгогчдын эрх зөрчигдөж байна гэж мэдээлэв. 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг ард иргэд УИХ-д сонгож УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсан. Гэтэл тухайн үед ялагдал хүлээж байсан Ардчилсан намын Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болсонд Өвөрхангайн иргэд бухимдалтай байгаагаа илэрхийллээ.
Г.Батхүү, Д.Зоригт нарын гаргасан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хүлээн авч, нэг хоногийн дотор шийдэхдээ “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг тогтоосугай” гэсэн захирамж гаргажээ. Энэхүү шийдвэрийг С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт мэдэгдэлгүйгээр гаргасныг буруутгаж, Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо”-ны дарга Ц.Нямсүрэн “Г.Батхүү, Д.Зоригт нар “С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг Өвөрхангайн шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн. Хуулиар нэг шатны шүүхэд асуудлыг хэлэлцэж байхад бусад шүүх асуудлыг хэлэлцдэггүй журмыг зөрчин С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хуулиа зөрчсөн хэмээн үзэж Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” хэмээн үзэн шийдвэрлэж байсан.
Өвөрхангай аймгийн сонгогчид нэгдэн энэхүү явдлыг шударга бус хэмээн үзэн “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо” Төрийн бус байгууллагын байгуулсан. 23000 хүний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн боловч СЕХ шийдвэрээ өөрчлөөгүй байсаар Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Ардчилсан 23 жилийн түүхэнд сонгогчдын саналыг шүүхээр далайлган засвар хийсэн анхны тохиолдол болж шударга ёс алдагдаж, Үндсэн хуулийн гол зарчим болох иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэв.
medee.mn
URL: