Г.Алдармаагийн нэхэмжилсэн 1.7 сая төгрөгийг өгнө
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан хэрэгт шүүгчдэж байгаа “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг шүүх хурал хаалттай болж байна. Шүүгдэгч Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Орхон аймагт томилолтоор явах үедээ маргалдаж, улмаар халуун ус бие биен рүүгээ цацаж түлсэн хэрэгт хэн хэн нь хохирогчоор оролцож байгаа юм.
Шүүх хурал эхлэх үед хурлыг нээлттэй хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Энэ хэргийг хэлэлцэхэд нилээдгүй хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэж, шүүх танхимд байсан бүхий л оролцогчдыг танхимаас гаргасан юм.
“Хохирлын нөхөн төлбөр болох 1.750 сая төгрөгийг бэлэн өгнө”
Ийнхүү танхимаас гаргахын өмнө Ц.Оюунтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өнгөрөсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойш эмнэлгээр явж байгаа. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Мөн одоо ч Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн Ц.Алдармаагийн эмчилгээ, хохирлын төлбөр болох 1 сая 750 мянган төгрөгийг бэлнээр авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгч Ц.Оюунтуулын ялыг хөнгөрүүлэх саналтайгаар оролцоно” гэсэн юм.
“Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна”
Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч “Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтайгаар энэ хуралд оролцоно. Энэ тухай хүсэлтээ өмнө нь прокурорын байгууллагад хэдэнтээ тавьсан. Мөн хоёр жүжигчин бүсгүйн хэргийг шүүн хэлэлцэх явцад тэдний маргалдсан шалтгаан болон цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас хэргийг хаалттай хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэж санал тавьсан юм.
Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн хурлыг хаалттай хэлэлцэх шийдвэрийг гаргасан юм.
Шүүх хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хурлын шийдвэрийг эргэн хүргэх болно.
Д.ЖАРГАЛ
news.mn
URL: