Бүтэлгүй юм бодохоосоо ч татгалзъя, Монголын төлөө
Бүтэлгүй юм бодохоосоо ч татгалзъя, Монголын төлөө
Бүтэлгүй юмыг ярих, бүтэлгүй юм хэлэх байтугай бүтэлгүй юм бодохоо ч таслан зогсоосон цагт Монгол хүн, Монгол орон хөгжих боломжтой болно.
Монголын нийгэм тэр чигээрээ бүтэлгүй нийгэм болж төлөвшиж байгаа нь харамсалтай хэрэг. Хаа сайгүй л Монгол хөгжихгүй, Монгол устан алга болно, Монгол бусдын колончлолд орно гэсэн соёл төлөвшиж байгаа нь харамсалтай. Монгол хүн байж яагаад өөрийгөө бүтэхгүйгээр нь дуудаж, бүтэхгүй юм ярьж явах болов оо? Үүнд нэг учир шалтгаан бий.
Мэдлэггүй бол мэдэхгүй, эрдэмгүй бол хүсэхгүй, зориглохгүй, бодохгүй, эвгүй, хатуужилгүй…….. байх нь тодорхой. Мэдлэгийг (knowledge) тэртээ тэргүй мэдэж байж л олно. Эрдмийг (virtue) “Этикс”, “Эстетикс” гэх мэт философийн салбаруудаас л сурна. Гэтэл Монголын боловсролын тогтолцоонд Этикс болон Эстетиксийн мэдлэгийг заадаггүй учраас эрдэмтэй байх ямар ч бололцоо байхгүй.
Монголын ард түмний нийтийн хүсэлийг хэрэгжүүлж хөгжил дэвшилд хүргэдэг Монголын төрд мэдлэгтэй, эрдэмтэй хүмүүс алга учраас Монголын төр жижиг, сул дорой байснаас болж Монгол хүн бүтэлгүй юм ярих бодох нь зуршил болж төлөвших хандлагатай болох нь ээ.
Бодож чадвал, хүсч чадвал, төсөөлж чадвал, хийж чадвал энэ дэлхийд болохгүй зүйл үгүй шүү дээ. Тухайлбал:
1. Байгалийн баялаггүй, хүн ам ихтэй, нутаг дэвсгэр багатай, байгалын гамшиг үргэлж тохиолддог Япон орныг Япончууд 100 хүрэхгүй жилийн дотор дэлхийн тэргүүний орон болгож хөгжүүлж чадсан. Гэтэл Монголд юм юм байна шүү дээ.
2. Дэлхийн хамгийн их хүн амтай, газар нутаг багатай, ядуу буурай байсан Хятад орон 20 гаруй жилийн дотор дэлхийн хүн төрөлхтнийг гайхуулсан хурдтай хөгжилтэй хүчирхэг орон болж төлөвшиж байна. Хүн ам их гэдэг бол хөгжлийн маш хүнд дарамт юм. Гэтэл агуу түүхтэй, авсаархан хүн амтай Монгол орон хөгжихөд нээх ачаалал хүндрэл багатай байхад яагаад болж бүтэхгүй юм ярьж гуйлга гуйж сууна вэ? Шалтагийг бусдаас эрэх шаардлагагүй.
3. Элсэн цөл, тэмээний мах сүүнээс өөр юу ч үгүй, хүн ам цөөтэй Арабын Эмират улсын Дубай Эмират 10 хүрэхгүй жилийн дотор дэлхийн хөгжлийн гайхамшиг болж хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хэдэн зуун жил, хэдэн мянган жилийн хөгжлийг 10 хүрэхгүй жилд бүтээж чадсан нь юунд байна вэ гэж шартай Монгол бодох л хэрэгтэй биз дээ. Монгол хөгжихгүй байгаа саад бэрхшээлийг ойлгоход тийм ч толгой эргүүлмээр хэцүү зүйл биш ээ.
4. Мөнхөд оршин тогтноно гэж төсөөлж байсан ЗХУ хүн төрөлхтний түүхийн тавцангаас арчигдсаны дараа нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон хүн ам цөөхөнтэй, хүйтэн уур амьсгалтай Финланд орон 10 жил хүрэхгүй хугацаанд дэлхийн мэдлэгийн хүчирхэг орон болж төлөвшсөнийг Монголчууд бас бодож үзэх хэрэгтэй. Шүүрс алдаж суух бол гарц биш ээ. Болохгүй зүйлийг бодохоо больцгооё.
5. Хөлсний цэрэг худалдах замаар амжиргаагаа залгуулдаг, байгалын баялаггүй, хөрш зэргэлдээ хүчирхэг улс гүрнүүдийн дарамтанд байсан Швейцарь орон дэлхийн санхүүгийн төв, дэлхийн улс төрийн төв, дэлхийн шинжлэх ухаан инженерчлэлийн төв болж төлөвшиж баян чинээлэг амьдралыг зохиож чадсаныг монголчууд бодох хэрэгтэй.Гарцгүй зүйл байхгүй л дээ.
6. Феодалын нийгэм хөгжиж нийгмийн давхарга үүсээгүй, аж үйлдвэрийн хувьсгал явагдаж мөлжигч ба мөлжигдөгч нийгмийн давхарга үүсээгүй малчин соёлтой Норвеги улс “Эрх Тэгш”-ийг үндэсний үнэт зүйл болгож, хүн ам цөөхөнтэй сул талаа ухаарч, “нийт нь нэгний төлөө”, “нэг нь нийтийн төлөө” ухамсарыг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарын амьдралын амин сүнс болгон хэрэгжүүлж, эрх тэгш нийгэм нь хамгийн хүчтэй нийгэм байдгийг хүн төрөлхтөнд үлгэр жишээ болгож чадсан. Норвеги улс байгалийн баялгаас олсон орлогоо үндэсний баялгийн сан болгон зохион байгуулж, тус санг нь дэлхийн улс орнуудын нийтийн өмчит компаниудын хувьцааг саналын эрхтэйгээр худалдан авч засаглалд нь оролцохоос гадна Норвеги улс дотоодын аж үйлдвэрийг дэлхийн төвшинд хөгжүүлэх сан болгон зохион байгуулж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болж хөгжиж байна. Хүн ам цөөхөнтэйдөө гутрах шаардлагагүй. Хүн ам цөөхөн бол хөдөлмөрийн хүч хүрэлцэхгүй нь тодорхой. Гэхдээ дэлхийгээр дүүрэн хөдөлмөрийн хүч байгааг Чингисийн нүдээр олж харах хэрэгтэй. Зөвхөн агуу хүсээрэй. Агууг хүссэний дараа учир нь олдоно. Хүсэхээс айж хүслийн ард битгий нуугд.
Даяарчилсан оюуны хамтай (Global mindset) дэлхийн манлайлалыг (Global leadership) Монгол үндэсний соёл болгож хөгжүүлэх нь Монголын боловсролын тогтолцооны амин сүнс байх ёстой.
URL: