Борлуулагч залууг хөнөөсөн алуурчныг цагдаа нар ингэж барьжээ

227710254365737bfb3742

“Хадат мянган” дэлгүүрийн эзэн алуурчин байжээ

АПУ компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуягийг хөнөөсөн этгээдийг энэ сарын 1-2-нд шилжих шөнө саатуулсан. Мөрдөн байцаалтын явцад тухайн этгээд шунахайн сэдлээр борлуулагч Б.Алтанхуягийг хөнөөснөө хүлээсэн юм.

Гэмт этгээд нь талийгаачийн хамгийн сүүлд бараагаа өгсөн Хадат мянган дэлгүүрийн эзэн П гэгч байсан байна. Түүнд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Б.Алтанхуяг нь өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Гачууртаас Хонхор хүртэлх дэлгүүрүүдэд борлуулалт хийсэн байдаг. Эхний гурван дэлгүүрээр ганцаараа борлуулалт хийсэн нь тухайн дэлгүүрүүдийн камерын бичлэгт баримт болон үлджээ. Харин хамгийн сүүлд Хадат мянган дэлгүүрээр борлуулалт хийхдээ хар нүдний шил, малгайтай залуутай хамт явж байсан гэж тус дэлгүүрийн эзэн П цагдаагийн байгууллагад худал мэдүүлсэн байдаг.

Гэвч үүнийг хэн ч баталж чадаагүй. Учир нь Хадат мянган дэлгүүр нь камергүй байсан тул хар шилтэй, малгайтай залууг дэлгүүрийн эзнээс өөр хэн ч хараагүй байсанд цагдаа нар сэжиглэжээ. Энэ нь дэлгүүрийн эзэн П-г сэжиглэн шалгах гол зангилаа болж өгчээ.

Өмнөх гурван дэлгүүрийн камерт ганцаараа явж бичигдсэн борлуулагч “Хадат мянган” дэлгүүр хүрэх хугацаанд хэн нэгнийг дуудах эсхүл тэр хавиас хэн нэгэнтэй нийлж өөртөө туслалцуулах (талийгаач тэр хавиас хүн таньдаггүй байжээ) хугацаа байхгүй атал дэлгүүрийн эзэн П нь талийгаачийг хүнтэй хамт явсан гэсэн нь сэжиг бүхий байжээ.

Улмаар хэргийг шалгаснаар тус дэлгүүрийн эзэн П гэгч нь борлуулагч Б.Алтанхуягийн амь насыг хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тэрээр шунахайн сэдлээр Б.Алтанхуягийг амь насыг хөнөөж, хэргийг төөрөгдүүлэх үүднээс цагдаагийнханд Б.Алтанхуягтай хамт хар нүдний шил, малгайтай залуу явж байсан гэж төөрөгдүүлсэн мэдүүлэг өгч байжээ. Цагдаагийн байгууллагаас дэлгүүрийн эзэн П-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж мэдээлсэн.

Тус зүйл ангид Шунахайн сэдэлтээр хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хадат мянган дэлгүүр нь төв замаас 500 гаруй метрийн зайтай. Гэр хорооллуудын дунд байрладаг. Тус айлуудын дунд ганц байдаг томоохон дэлгүүр нь юм байна. Хадат мянган дэлгүүрийн урд жижиг мухлаг байдаг ч тус мухлаг үйл ажиллагаа явуулахгүй удаж байгаа гэж зарим иргэд мэдээлсэн юм.

Харин тус дэлгүүрийн эзэн П хүний амь нас хөнөөсөн учраас цагдаагийн байгууллагаас тус дэлгүүрийн үйл ажиллагааг ч түр зогсоосон байна.

Хэргийг сануулбал, өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр АПУ компанийн гэрээт борлуулагч, Алтан тэвш компанийн ажилтан Б.Алтанхуяг биедээ 4 сая төгрөг, 8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж яваад сураггүй алга болсон байдаг юм. Б.Алтанхуягийг сураггүй алга болсноос хойш 15 хоногийн дараа цогцсыг нь Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах ашиглахаа байсан уурхайн гүнээс олсон. Түүний цогцсыг олсноос хоёр хоногийн дараа гэмт этгээдийг Хонхороос саатуулсан юм. Харин талийгаач Б.Алтанхуягийн унаж явсан УНК 2983 улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуун мод хотоос олсон байдаг.

Түүний авч явсан бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрийн эзэн П-гийн хамаатны гэрээс эд мөрийн баримтаар хураан аваад байна.

marvel.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих