Онцын шаардлагагүй бол Бээжинг зорихгүй байхыг анхааруулав

ЭрүүлЭрүүл мэндийн яамнаас дэлхий нийтийг цочроогоод буй эбола вирусын талаар мэдээлэл хийлээ. Үхлийн аюултай гэгдэж буй эбола вирус нь анх Баруун Африкийн орнуудаас илэрч өдгөө АНУ, Испани, Германд шинээр тохиолдол бүртгэгдэж, хүрээгээ тэлсээр байгаа юм. Тэгвэл манай урд хөршийн нийслэл Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах 97 хувийн магадлалтай байгааг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ. Манай улсын хувьд эболагийн халдвар тархах магадлал нь хамгийн бага бүсэд орж байгаа юм. Гэвч хил залгаа улсын олон улсын нисэх онгоцны буудалд халдвар тархах эрсдэл өндөртэй байгаа нь манайд орж ирэхгүй гэх баталгаа байхгүйг салбар хариуцсан яамныхан онцолж байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийн тулд онцын шаардлагагүй бол халдвар тархсан бүс нутаг руу явахгүй байх, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байлаа. Эбола вирус нь ахуйн хавьтлын замаар буюу хүнээс гарч буй бүх шингэнээр дамждаг учраас хурдан тархах эрсдэлтэй юм байна. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд вирусын халдвараас сэргийлж, хилийн нэвтрэх цэгүүд дээр онцгой анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, термокамераар гаднаас ирж байгаа хүмүүсийн халууныг хэмжиж, асуулгын аргаар судалж, халдвартай бүс нутгаас ирсэн гаднын иргэдийг хил нэвтэрснээс хойш 21 хоногийн хугацаатай тусгай мэргэжилтнүүд хянаж байгаа ажээ.

 

 

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих