ҮХАА-н сайд асан Х.Баттулга ноолуураас мөнгө угаасан уу

Х.БаттулгаНоолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэлд зориулан агуулах дахь ноолуурын баталгаажсан үлдэгдлийг барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл олгох, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх байнгын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ҮХААЯ, Монгол банк хамтран эргэлтийн хөрөнгийн зээл олгох асуудлыг хэлэлцэн журам боловсруулж, Засгийн газар тогтоол гаргаснаар хэрэгжиж эхэлсэн юм. Чингис бондоос санхүүжүүлж буй эл ажлын хүрээнд ноолууран эдлэл хийдэг 9 компани зээл авч үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулсан байдаг. Гэтэл зээлийн хэрэгжилтийг хянах нэрийдлээр ҮХААЯ дэргэдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байгуулснаар гарын үсэг зуруулах хүнд суртлын шат дамжлагыг нэгээр нэмэгдүүлсэн төдийгүй “Мөнгө угаах” ажлаа хийж эхэлсэн аж. Тодруулбал, ҮХАА-н сайд Х.Баттулгын 2013 оны 05 дугаар сарын 07-ны №А/63 тушаалыг үндэслэн дээрх 10 хүний бүрэлдэхүүнтэй нэгж нь Чингис бондоос зээл авсан компани тус бүрээс 0,2 хувийн шимтгэлийг хяналтын зардал хэмээн авч эхэлжээ. Тухайлбал,

“Говь” ХК-иас хяналтын зардалд 4,000,000 төгрөг

“Говь” ХК-иас хяналтын зардалд 24,180,000 төгрөг

“Ханбогд кашмир”-аас хяналтын зардалд 14,000,000 төгрөг

“Гоёо” ХХК-иас хяналтын зардалд 7,986,056 төгрөг

“Блю скай” ХХК-иас хяналтын зардалд 1,556,890 төгрөгийг тус тус авсан байна. Харин хүүгийн орлогод 31,078 төгрөг, 65,398,37 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр орж нийт 48,819,422 төгрөг хяналтын нэгжийн дансанд төвлөрсөн аж. Үүнээс 24,790,840 төгрөгийн зардал гаргаж үлдсэн хөрөнгө мөнгө хаашаа урссан нь асуултын тэмдэг хэвээр үлдэж байгаа юм.

Энэ шимтгэл нь зөвхөн ҮХАА-н сайд Х.Баттулгын шийдвэр байсан гэдгийг тодотгоё. Үүний учир нь Засгийн газрын тогтоолд “Шимтгэл ав” гэсэн нэг ч үг байхгүй. Тиймээс ҮХАА-н сайд маань өөрийн дураар шимтгэл авах тушаал гаргасан гэсэн үг. Уг нь эл нэгжид улсаас 307 сая төгрөгийг үйл ажиллагааны зардал хэмээн төсөвлөж өгсөн юм билээ. Гэтэл нэгжийнхэн “Манай төслийн нэгж санхүүжилт байхгүй тул бодлогын гэрээнд олгосон зээлийн 0,2 хувийг хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх Төслийн нэгж, нэхмэлийн хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхийн тулд зээл авагч талаас шимтгэл авна хэмээн гэрээндээ тусгасныг “Мөнгө угаах арга” хэмээн харахаас өөр аргагүй. Тэр ч бүү хэл энэ зардлыг арилжааны банк, Монгол банкнаас санхүүжүүлээч гэсэн хүсэлт тавьсан боловч “Хүлээж авах боломжгүй” гэж байсан хэмээн үлгэр ярьж, төөрөгдүүлж байжээ. Төслийн нэгж нь 2014 оны 4 дүгээр сараас 12 сарын 31 хүртэл нийт 9 сарын хугацаанд түрээс, интернэт, холбоо, ажилчдын цалин, шатахууны зардал, нэхмэлийн хүрээлэнгийн шинжилгээний төлбөр зэрэг зардлууд төсөвлөж нийт 140 орчим сая төгрөгийг үйл ажиллагаанхаа зардалд тусгажээ.

Үүнд:

Түрээс 3250,000*9 сар= 29,250,000 төгрөг

Интернэт 175,000*9 сар = 1,575,000 төгрөг

Холбоо 400,000 төгрөг

Шатахуун 400,000*9 сар = 3,600,000 төгрөг

Шинжилгээний төлбөр 89,900*20 үйлдвэр* 5 удаа = 8,990,000 төгрөг

Захирлын цалин 1,800,000*9 сар = 16,200,000 төгрөг

Аажилчдын цалин 900,000*10 хүн *9 сар = 81,000,000 төгрөг

Нийт 141,015,000 төгрөг гэж тооцжээ.

Энэ нь төрөөс төсөвлөсөн 307 сая төгрөгийн талд нь ч хүрэхгүй зардал. Гэтэл 307 сая төгрөгийн санхүүжилтээ нуун далдалж, зээл авагч компаниудаас 0,2 хувийн шимтгэл авахын учир юу вэ.

Нэгж нь ҮХААЯ-ндаа байрлалгүй сардаа 3,250,000 төгрөгийн түрээс төлж өөр газар байрлаж байсан, нэгжийн захирал 1,800,000 төгрөг, 9 ажилчных нь цалин тус бүрдээ 900,000 төгрөг гээд нэгж нэрний ард нуугдсан нөхдүүдийн тансаглалыг дурьдвал урт жагсаалт гарна.  Төрийн хөрөнгөөр туйлж, тансагласан хяналтын нэгжийг “нэгжиж” үзвэл ийм байна.

Уг нэгж нь анхнаасаа л үүрэг роль байхгүй, сул цалин авсан нөхдүүд байж. Өөрөөр хэлбэл ҮХААЯ нь ямар нэгэн нэгж байгуулан илүү зардал гаргахгүйгээр ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байсан хэмээн учир мэдэх нэгэн хэлж байх юм билээ. Нэг үгээр хэлбэл ҮХААЯ-ныхан өөрсдөө өлхөөн хийчих ажлаа нэгж байгуулан ажиллуулах ямар ч шаардлагагүй байсан аж.

 

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих