Хүүхдийн зүрхний эмгэгийг бүрэн эмчлэх лаборатори нээгдлээ
Ерөнхий сайдын багцын 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт хамгийн орчин үеийн өндөр технологийн шинэ лаборатори нээгдлээ. Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азид долоо дахь нь болж суурилагджээ. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын “Siemens” пүүсээс авсан байна.
Шинэ лабаритори нээгдсэнээр өмнө нь зөвхөн гадны эмч нарын баг ирэхэд л хийдэг байсан хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношилгоо, судсан дотуурх хагалгааг Монголын эмч мэргэжилтнүүд эх орондоо бие даан хийх боломжтой болж байгаа аж.
Тус лабораторийн нээлтэд оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Би 2007-2008 онд Туул ротари клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зүрхний төрөлхийн эмгэгтэй 30 шахам хүүхдийг Солонгос улсад хагалгаанд явуулж байлаа. Энэ клубын шугамаар одоогийн байдлаар 300 гаруй монгол хүүхэд гадаадад эмчлүүлсэн. Тэгвэл одоо нарийн мэргэжил, өндөр технологи шаардсан өртөг ихтэй энэ төрлийн оношилгоо, эмчилгээг эх орондоо хийж чаддаг боллоо” гэж онцлов. Тэрээр эмч мэргэжилтнүүдээ улам чадавхижуулан сургахыг эмнэлгийн удирдлагуудад захилаа. ЭХЭМҮТ өнгөрсөн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ Америк, Солонгос улсуудад сургаж дадлагажуулсан байна.
Лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулснаас хойшхи цөөхөн хоногийн дотор зүрхний төрөлхийн гажигтай 11 хүүхдэд эмчилгээ хийсний 6-д нь судсан дотуурхи хагалгааг амжилттай хийжээ. Эдгээр хүүхдүүд гадаад оронд эмчлүүлбэл тэрбум төгрөгийн зардал гарах юм байна.
medee.mn
URL: