БОРХОЙН БЭЛИЙН ОРООЛОН

ороолонХуягаа гэгч залуу амралтаараа төрсөн нутгийнхаа хөрс шороон дээр гишгэн, угаасан уснаасаа амталж, хонь хариулж, нас ахисан эцэг эхдээ туслахаар өсч төрсөн Өнжүүлдээ ирэв. Хуягаа хонь хариулахдаа голдуу Борхойн уулын бэлээр бэлчээнэ. Түүнийг төрсөн нутгаасаа эрдмийн мөр хөөж одсон арав гаруй жилд ус нутаг нь танихын аргагүй өөрчлөгдсөн байв. Алтныхны дэлбэрэлтэд арай гагүй өртсөн Борхойн бэлээр хонио хариулах болсон нь тийм учиртай аж. Гэвч Борхойн уулсын хормой хаяа дэрлэсэн хэдэн сумдын чимээгүй хот болсоор бас л арваад жил болсныг Хуягаа хүү хонио хариулж явахдаа л мэджээ. Хуягаагийн амралт ч өндөрлөх тийшээ хандаж, эцэг эх хоёр нь “Одоо зүгээр л гэртээ хоёр гурав хоног хэвтэж амраад буц” гэхэд нь зөрүүдлэсээр хонио дагаж, хөгшин борлогоо хөтөлсөөр Борхойн бэлийг зорьжээ. Өглөөний нар шарж байснаа өдөр тийшээ бүгчим халуун нөмрөв.

Их үд хэвийж байтал тэнгэрийн хаяанд бөөн бөөн үүлс хурж, бороо орох янзтай тэнгэр харанхуйлж эхэллээ. Хуягаа хүү налайтал идээшлэх хонио хумьж, гэр рүүгээ дөхөх санаатай оролдсон ч халуунд хэвтэж, сэрүүнд идээшилсэн хоньд нь санаан зоргоор нь болсонгүй. Борооны өмнөх сэрүүн салхи үлээж орой болжээ. Тэнгэр орохын өмнө амжиж харихаар Хуягаа хашин борлогоо гуядан хониныхоо зүүн, баруун талаар шогшуулан тууж явав. Хонь нь хошууран цувсаар түрүүч нь чимээгүй хотын дундуур орох нь үдшийн бүгээн гэгээнд харагдана. Хуягаа хониныхоо сүүлчийг хамж чимээгүй хотын дундуур орж явтал хашин борлог нь юу юугүй хэвтээд өгчээ. Уначихгүйн тулд эмээлийнхээ бүүрэгнээс тас зуурч, “Чү чү” хэмээн гөлмөө хэд хэд давирсан ч морь нь босох шинжгүй аж. “За нөгөө нинжануудын сэндийчсэн нүхэнд бүдрээд уначихаж байгаа юм байх даа” гэж бодсон Хуягаа мориноосоо бууж, хазаарынхаа   жолоог бүүргэндээ өлгөөд цулбуураараа хичнээн чангаасан ч хашин борлог морь нь босч ирсэнгүй. Хониныхоо араас хартал аль хэдийнэ оршуулгын газраас гараад явчихсан байжээ. Аргаа бараад тэр хавиар тэмтэрч яваад нэг мод олж бариад мориныхоо хондлой руу цохитол морь нь нэг эвгүй янцгаагаад бүр хажуулдаад хэвтээд өгчээ. “Яадаг шүү юм билээ” гээд бодож зогстол Хуягаагаас арваад алхмын цаана дан цагаан дээлтэй залуухан хүүхэн гараад иржээ. Мэл гайхсан Хуягааг олон юм бодож амжихын завгүй нөгөө дан цагаан дээлтэй хүүхэн бүжиглэх мэт эргэлдээд суналзсан урт гэзгээрээ хэвтэж байсан морийг нь ганцхан гуядаад орхитол морь нь босч ирээд эмээлээ шилгээн үүрсчээ. Хуягаагийн хамаг бие нь зарсхийгээд, Борхойн уулсын хормойн оршуулгын газраар цагаан дээлтэй хүүхэн үзэгдэж, морь малын хөл туших, эсвэл хэвтүүлчихээд явуулдаггүй болсон гэнэ лээ” гэж аавынх нь ярьж байсан сэтгэлд нь зурсхийгээд ороод иржээ. Тэгээд аавынх нь хааяа уншиж, долоон бурхандаа залбирч байдаг “Ум муни муни маха муни ей суухаа” гэсэн маанийг нүдээ тас аньж байгаад амандаа гүвтнэн уншаад “Бурхан багш өршөөх болтугай” хэмээгээд хартал нөгөө дан цагаан дээлтэй хүүхэн ч алга байв.

Хуягаа мориндоо мордон ташуур өгч, хар хурдаараа оршуулгын газраас холджээ. Тэрээр мориныхоо хурдаар довтолгосоор гэрийнхээ барааг хартал хонь нь хотолсон байх нь сарны гэгээнд тодхон харагдахад сая санаа нь амарч мориныхоо амыг татжээ. Гадаанаа ирж морио уяж байхдаа ч эргэн эргэн харсаар байгаад гэртээ оржээ. Хоймортоо сууж байсан эцэг нь хүүгээ хараад “Яав хүү минь, юу болов. Борхойн талын ороолон даажйгнав уу” гээд өмнөөс нь тосч аван орон дээр суулгахад ээж нь бүлээн сүү аягалж өгчээ. Аав ээж хоёр нь ингэж сандрахыг бодоход тэрээр хүн аймаар царайтай орж ирсэн бололтой. Нэг хэсэгтээ гөлрөө өвчтэй мэт болсон Хуягаа аягатай сүүгээ ч уулгүй гөлрөхөд ээж нь яаран сандран авдраа уудлан Отгонтэнгэрийн арц уугиулж, биеийг нь тойруулан ариусгажээ. Арц хүжний анхилам үнэрээр Борхойн талын босоо ороолонгийн хорлол дайжсан уу, эс бөгөөс санаа сэтгэл нь уужирч тайвшрав уу юутай ч аягатай сүүгээ нэг амьсгаагаар хөнтөрчихөөд аав ээждээ саяын болсон явдлыг ярьжээ. Аав ээж нь ч орой үдшийн цагаар дан цагаан дээлтэй хий үзэгдэлтэй нэг бус удаа тааралдаж байсан болохоор хүүгийнхээ үгэнд гүнээ итгэсэн байна.

Ингээд хүүгээ элдэв янзын хорлолд өртчих вий гэхээс болгоомжлон маргааш нь Лүнгийн хийдийн томоохон ламыг гэртээ залжээ. Хийдийн цорж лам Түвдэндоржийг залж ирэн, шүүс гаргаж, мэргэлүүлж, хүүдээ баахан ном айлдуулжээ. Түвдэндорж ламтан “Борхойн бэлийн бүсгүй дүртэй босоо ороолон хэдэн жилийн өмнөөс дуулдах болсон ч хэнд ч гай тариагүй билээ. Гэхдээ хүмүүс өөрсдөө айснаас болж хорлолыг өөртөө дуудчихдаг. Хэдийгээр тэр газарт лам нар лүйжин тавьж, есөн шөнө ном уншсан ч ердөө холдож өгдөггүй ороолон байгаа юм. Хөөрхий бүсгүй Халх голын дайны үед манай Лүнгийн буудал гэж баруун аймгуудын цэргүүд дайран өнгөрдөг их хөлийн газар байсан гэдэг. Хөвсгөлөөс цэрэгт татагдсан нэгэн залуу эрийн эхнэр нөхрөө энэ хүртэл дагаж ирээд Борхойн бэлд бууны ослоор хорвоог орхиж л дээ. Түүний сүнс Борхойн оршуулгын газраар тэнүүчилж, хүнд тусалж явдаг болсон шиг байгаа юм. Тэр л Хуягаа хүүд тусалсан байна. Хүмүүст ямар ч гэм хоргүй, харин ч шөнө дөлөөр мал хуйгаа эрж яваа, төөрч будилсан хүмүүст замчилж өгсөн тухай мэр сэр яриа байдаг. Бурханы номоор ариуссан болохоор одоо алзахгүй ээ” гэжээ.

Анх харахдаа жигтэйхэн айж байсан Хуягаа өнөөх ороолонг ихээр өрөвдөж, яван явтлаа оршуулгын газраар очсон ч тааралдаагүй гэдэг. Тэгэхээр нь түүнд зориулж аваачсан хэдэн чихрээ оршуулгын газрын дэргэд тавьчихаад явчихсан аж. Харин маргааш нь унаанд суугаад явахдаа Борхойн талын оршуулгын газар руу эргэн харахад дан цагаан тэрлэгтэй бүсгүй нэг гараараа даллаж зогсох нь Хуягаад тодхон харагдсанаа алга болжээ.

 

 

ХОРИОТОЙ БҮС СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих