Соён гэгээрүүлэхээ орхиод шоронгийн хаалга руу түлхэгсэд
Үр могой өсгөсөн хүн эргээд түүндээ залгиулдаг тухай аймаар домог манайхны дунд бий. Могой түүний хөлнөөс эхэлж залгиад л, нас өндөр эмгэн хөл дулаацуулах үртэй хүн мөн сайхан юм аа гэж бодоод л хорвоог орхиж байгаа домог. За бас Цагаан тэмээ гэж айхтар аалз бий. Баахан үр зулзага гаргаад түүнийгээ нуруун дээрээ тээнэ. Нөгөөдүүл нь ээжийгээ идсээр байгаад дуусгаж, өөрсдөө өсч том болдог. Энэ хоёр жишээ яах аргагүй байгаль ээжийн шоглоом л доо.
Тэгвэл аалз, могой хоёрыг миний бие эдүгээгийн Авилгатай тэмцэх газартай зүйрлэх гэсэн юм. Авилга гэж нэг айхтар мангастай тэмцэхийн тулд ийм газар байгуулаасай гэж уг ард түмэн ихээхэн хүсч байлаа. Энэ хүслийг нь мэдэж мэдэрсэн Ерөнхийлөгч бүхэн сонгуульд өрсөлдөхдөө авилгатай тэмцэнэ гэх үгийг хэлдэг байв. Ц.Элбэгдорж ч ялгаагүй. Угийн уран илтгэгч тэрбээр энэ тухай сэхээ самбаагүй хэлж яваад сонгогдож, ярьж байгаад энэ газрыг байгуулсан. Өөрөөр хэлбэл АТГ-ыг өлгийдөж авсан өрлөг эх, “үр хүүхдээ” өсгөж бойжуулсан “Цагаан тэмээ” тэр яах аргагүй мөн.
Авилга ингэхэд Монголын нийгмийн амьдралын салаа мөчир бүхэнд байгаа гэдгийг цэцэрлэг сургуульд хүүхдээ өгдөг, аливаа ажил албанд орох гэсэн, элдэв зөвшөөрөл хөөцөлдсөн, ер нь шалгадаг шүүдэг, үздэг хардаг бүхэнтэй харьцдаг хүн бүхэн маш сайн мэддэг. Өгч ч байгаа, авч ч байгаа. Өгөхгүй бол ажил бүтэхгүй байгаа. Ажлаа бүтээхийн тулд өгч байгаа. Одоо чинь асуудлаа ярьсны дараа авдаг, өгдөг юмыг нь гомдоохгүй хэмээх үг хэний ч амнаас чөлөөтэй гардаг болсон үе шүү дээ. Яг л, “Сайн байна уу, та” гээд мэндчилж байгаа юм шиг жирийн үг болон хувирсан. Мөн авдаг нь ичихээ болихын хэрээр өгдөг нь ч айхаа больсон харагддаг. Цагаан сараар бэлэг зөрүүлж байгаа юм шиг л энгийн зүйл болсон гэсэн үг л дээ.
Ингэхэд авилгатай дэлхий нийт арай өөр тэмцэж байна. Тэгэхдээ ард олныхоо дунд соён гэгээрүүлэх ажил хийсэн нь арай амжилттай, арай бага авилга авдаг орны жагсаалтад багтаж байна. Ард түмнээ юуны өмнө ухуулан сэнхрүүлж байна гэсэн үг. Бас давхар авилга авч болох үүд хаалгыг нь хууль журмын хүрээнд, ёс суртахууны хэмжээнд маш сайн хааж өгдөг юм байна л даа. Эдгээрээс гадна шударга байх, эрх тэгш амьдрахын нэг үндэс болбоос авилга авч өгөхгүй байх явдал гэдгийг хүүхдүүддээ бүүр цэцэрлэгийн наснаас нь эхлэн ухуулан сэнхрүүлж, соён гэгээрүүлдэг юм байна л даа.
Гэвч бидэнд бусдын гаргасан зөв замаар явахаасаа илүү цоо шинэ зөрөг гаргаад түүгээрээ таваргах төрөлхийн араншин маань амьдралын хэмнэл болох тал элбэг тул авилгачидтайгаа мөн л огт өөр аргаар үзэж эхэлсэн.
Соён гэгээрүүлэхээсээ илүү шоронд ахиухан хүн суулгаадахаар энэ үзэгдэл арилна гэж эндүүрсэн бололтой харагддаг. Ер нь “Авилгыг үл тэвчье” ч билүү утгын хувьд алдаа мадагтай ганц лоозон дэвшүүлснээс өөр олигтой соён гэгээрүүлсэн юм байна уу, намайг. Байхгүй. Харин ч эсрэгээрээ жаахан хөрөнгөжсөн нэгнээ, бас өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсээ барьж хориод л эхэлсэн гэж хэлж бүрэн болно. Манайхан ч эхлээд авилгатай ёстой нэг мундаг байна хэмээгээд алга ташин бөөн баяр байлаа. Ерөнхийлөгч ч ихээхэн маадгар байв. Гэвч яваандаа тэр ойлголт хаа сайгүй өөрчлөгдөж эхэлсэн. Ер нь АТГ-ын зүг нэлээд тийм эргэлзээ тээнэгэлзсэн харц шиддэг байсан бол эдүгээ ил тод ярьдаг боллоо. Авилгатай тэмцэх бус харин ч ард түмнийхээ дунд айдас хүйдэс төрүүлсэн айхтар “мангас” болж, тэртээ 1937 оны ногоон малгайтнуудын сүнс сүүдэр дахин сэргэв үү гэх болгоомжлолыг төрүүлж эхлэв. Яг 1937 он шиг. Нэртэй төртэй хүнийг барилаа л гэдэг. Хорилоо л гэдэг. Яваандаа гэмгүй гээд гаргасан л байдаг. Ер нь нэг тийм өс хонзонгийн авлагтай юм шиг загнах хүмүүс тэр хавиар цугларсан юм уу даа гэж харагдахаар болов. Мөн муухай дээр улцан гэгчээр урд өмнө нь янз бүрийн хэл аманд орооцолдож байсан хүмүүсийг ч яахаараа Ерөнхийлөгч дарга дорго болгоод тийш тавьчихдаг юм бүү мэд. Эрх мэдэл ч гэж тэдэнд нөхцөлгүй их юм. Дээр нь Ерөнхийлөгчийн нэрийг барьчихаар бүүр ч дийлдэхгүй шинжтэй.
Ингэхэд ард олон энэ байгууллагаас ихээхэн айж байна шүү, Ерөнхийлөгч өө. Үнэн худлыг бүү мэд хэргээр энд шалгагдсан хүмүүс бүр ч их айдастай байна. Гэр бүлээрээ айж түгшсэн шинжтэй харагдах болж. Мөн эндээс хэрэг ялгүйхэн шиг салж л байвал юун хүний эрх мэрх ярьж, зарга заальхай хийхтэй мантай. Мөн л яг 1937 он шиг дув дуугүйхэн гэртээ очоод чимээ аниргүйхэн бүгж байна. Яагаад гэхээр АТГ хэнийг ч яаж ч мэдэх юм байна гэдгийг яс махаараа мэдэрсэндээ тэр. Яс махаараа мэдэрсэн ард түмний ам нээгдэхгүй тун уддаг бололтой юм билээ. Ардчилал гарч ирээд л 1937 оны тухай нэлээд ил тод дуугарч эхэлсэн шүү дээ. тэгвэл ардчиллын жилүүдэд түмний нүдэн дээр бий болж байгаа айдас хэн нэгний тархи толгойноос тийм ч амар салахгүй биз. Харин энэ бүхэн эрхэм Ерөнхийлөгчийн 25 жилийн турш тэмцэж ирсэн ардчиллын мөн чанарт хэрхэн тохирохыг ёстой хэлж мэдэхгүй байна.
Өс хонзон санасан ногоон малгайтнууд хүний сайхан эхнэрийг өөрийн болгож авахын тулд эр нөхрийг нь шорон руу илгээн, үр хүүхдүүдийг нь. гудамжинд гаргаж байсныг жил бүрийн л есдүгээр сарын 10-ны өдөр дурсч сууна. Тагнуулын хэрэгт байцаагдсан боловсролтой нөхөр аргаа бараад Японы тагнуултай сард нэг удаа Богд Очирваань Отгонтэнгэрийн зулай дээр морьтой гарч холбоо барьдаг гэсэн үгийг хэлэхэд боловсролгүй ногоон малгайт хуудас цааснаа нэгд нэгэнгүй буулгасан нь архивт байж л байна. Хонзонтой, боловсролгүй хүмүүст онцгой эрх өгөхөөр яадгийг харуулсан манай түүхийн мартахын аргагүй сургамж энэ юм.
Одоохондоо соён гэгээрүүлэх ажлаа орхисон АТГ-ынхан шорон руу жаахан хөрөнгөтэй гэсэн хүмүүсээ илгээн айдсын хар манан нийгмийн сэтгэл зүйд төрүүлж эхлээд байна. Монголд ер нь баян байх хэцүү бололтой. Харин ядуу байх бөөн жаргал. Ядахдаа айдасгүй амьдарч, төр засгаасаа мөнгө өгөөдөх гээд угжны хурга шиг бүлтийитэл хараад хэвтэж байхад сайхан юм даа
Н.ХАЛИУН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: