Экспорт буурч, үнэ унаж байна
Монгол улсын төсөв өмнө нь Эрдэнэтийн зэсийн баяжмалаас орж ирэх мөнгөөр дүүрчихдэг байсан нь хэдхэн жилийн өмнө. Тэгвэл сүүлийн дөрөв таван жилд нүүрсний салбар улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг болсон.
Улсын эдийн засаг ганц салбар тэр дундаа нүүрс экспортлохоос хараат байгаа нь эрсдлийг дагуулж байгаа юм. Сүүлийн хоёр жил манайхан нүүрсний үнэ буурсан болон экспорт унасантай холбоотойгоор төсвийн алдагдалд идэгдэж байна. Уг нь улс орон олон тулгуурт эдийн засагтай байх нь сайн гэдгийг хүн бүхэн ялангуяа улстөрчид бүгд амны уншлага болгодог ч хийж хэрэгжүүлсэн ажил нь чамлалттай байгаа юм.
Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ буурсаар байна. Учир нь гол худалдан авагч хятад улс нүүрсний импортоо хумих болсон нь манай экспорт улмаар эдийн засагт маш их сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа юм. БНХАУ-ын Засгийн газар өөрийн компаниудаа дэмжих хүрээнд нүүрсний импортод 3-6 хувийн татвар ногдуулахаар болсон талаар мэдээлэгдсэн.
Манай нүүрсний экспорт унасан ч зэсийн баяжмалын экспортын орлого өссөн. Гэхдээ олон улсын зах зээлд манай уул, уурхайн гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ унасаар байна. Өнгөрсөн сарын дунджаар зэсийн баяжмалын үнэ тонн тутамдаа 100 орчим ам.доллараар буурч, 6.9 мянган ам.доллар болжээ. Энэ нь бусад ашигт малтмалтай харьцуулахад харьцангуй багаар буурсан дүн юм.
Нүүрсний хувьд баяжуулсан коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 66.8 ам.доллар болсон нь хоёр жилийн өмнөх эрчим хүчний нүүрсний үнэтэй адил байна. Харин эрчим хүчний нүүрсний үнэ 28.5 ам.доллар болсон нь тэр үеийнхээс бараг 2.5 дахин унасан хэрэг юм. Монголбанк есдүгээр сард алтыг грамм тутамд нь 73 мянган төгрөгөөр үнэлсэн нь өмнөх сарынхаас таван хувиар буурсан дүн ажээ.
Ийнхүү Монгол улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ унаж, заримынх нь экспорт хумигдаж байгаа нь эдийн засагт сайны дохиог огт өгөхгүй байгаа юм.
Т.Самбаа
gereg.mn
URL: