Хөнөөлдөхгүй л болохоос хөнжилдөө орох завгүй тэмцэлдэж байна
Монголын улстөр ид бужигнаж байна. Нууц товчоонд өгүүлдэг шиг нэг хэсэг хүмүүс хөнөөлдөхгүй л болохоос хөнжилдөө орох завгүй завгүй болчихоод байна.
Үүний учир нь Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж 16 яамыг 13 болгосон явдал. Одоо харин гурван сайдын суудалд хэн суух вэ гэсэн тэмцэл өрнөж байгаа юм.
Мөн нэгэнт бүтцийн өөрчлөлт хийж байгаагийнх зарим сайдаа ч шинэчлэхээр ажиллаж буй.
Энэ асуудлаас л болоод зарим хүмүүс дээрх шиг байдалд байгаа аж.
Н.Алтанхуяг өнгөрсөн хавраас эхлээд Засгийн газраа огцруулахгүйн тулд цаг хожих аргыг хэрэглэх болсон.
УИХ-аар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн давхар дээлийг тайлах буюу Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээс томилон давхар ажиллуулдгийг зогсоож давхар дээлийг нь тайлах тухай хуулийн төслийг хэлэлцээд яг батлах болоход нь унагааж, өргөн барьж хэлэлцүүлсэн эзэнд нь буцаасан.
Ингээд УИХ-ын хаврын чуулганаар Монгол улсын эдийн засгийг хямралаас гаргахын тулд 100 хоногийн дотор эрчимжүүлмээр байна, тогтоол батлаад өгөөч гэсээр батлуулж авсан.
Ингээд улс орон даяараа тэр дундаа өөрсдөө ч найрлаж наадамлаж явтал өнөөх 100 хоног нь дуусаад байдал бахь байдгаараа зарим асуудал дээр хаврынхаас ч дордсон.
Ингээд 100 хоногийн эрчимжүүлэх “ЭЗЭН-100” гэгчийг ээлжит бус чуулган хуралдуулж дүгнэе, цэгнэе, мөн улсын төсөвт тодотгол хийе гэхэд хоёр хөршийн удирдагчид ирж байхад хэрэлдээд яах юм муухай, баба харагдана гэсээр бас л хойшлуулж дөнгөсөн.
Түүнээс намрын чуулган эхлэхээр асуудлыг авч хэлэлцэх юм байна гэсэн хүлээлт үүсээд байсан.
Мөн энэ Засгийн хамгийн гол яам зарим хүний нэрлэдгээр “Бондын яам” буюу Эдийн засгийн хөгжлийн яамыг болохгүй байна хэмээн сайд Н.Батбаярыг нь огцруулах асуудал хоёр жилд хоёр яригдсан ч АН-ынхан хуулийн хугацаанд нь хэлэлцэлгүй хойшлуулсаар ирсэн.
Уг яамыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөгжлийн бус хямралын яам гэж нэрлэж байсан нь асуудлын мөн чанарыг харуулдаг.
Гэвч ийм тулгамдсан асуудлуудаас илүү шийдвэрлэх зүйл бол энэ гээд Н.Алтанхуяг бүтцийн асуудал оруулж ирсэн билээ. УИХ-ын намрын чуулган эхэлсний маргааш нь Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлт хийнэ ээ гээд оруулж ирсэн асуудал нь цаг хожих арга болохыг УИХ дахь АН-ын нөхөд нь ч хэлж ярьж байна.
УИХ ч асуудлыг нь хэлэлцээд 16 яамыг нь 13 болгон батлаад өгчихлөө. Одоо сайдуудаар хэнийг томилуулахаар оруулж ирэх бол хэмээн харж байтал бүрэлдэхүүний өөрчлөлт хийх тухай хуулийн төслийг өргөн барив.
Энэ нь бас л цаг хожих арга. Н.Алтанхуягийг бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдэх үеэс эхэлсэн АН-ын фракциудын суудлын төлөөх дайн бүтэн сар гаруй хугацаанд үргэлжилж байгааг цэгцэлж чадахгүй байгаа дарга нар нь ийн бас нэг хугацаа хожих аргыг санаачилсан хэрэг юм.
Бүтцийн өөрчлөлт хийнэ гэснээс хойш УИХ-ын гишүүнийг сайд болгохгүй гаднаас сайд нарыг томилох хэрэгтэй, ер нь мэргэжлийн хүмүүсийг сайд болгоё гэсэн яриа хүчтэй байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч шинэ сайд нарыг УИХ-аас бус гаднаас томилох ёстойг хэлж байгаа. Гэвч АН-ынхан хуулиараа явна.
Одоо байгаа хуулиар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн сайдын албыг хашиж болно хэмээх хариуг өгч байна.
Тэгвэл АН доторх фракциудаас болон хамтрагч эвслээс нь хэн сайдын суудалд хүч үзэж байгааг сонирхьё. Энэ удаа Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж Дэд бүтцийн яам байгуулсан.
Энэ хоёр яамыг МоАХ-ны А.Гансүх, МҮДН-ын Ц.Баярсайхан нар удирдаж байгаа. Тэднээс А.Гансүхийг сайдаар үлдээх сонирхол олон хүнд байна хэмээж буй.
Фракцийнх нь удирдлага болох Х.Баттулгаас эхлээд найздаа томоохон тендер авч өгсөн гэгдэж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А.Гансүхийг УИХ-ын гишүүн бус, тэгээд сайн ажиллаж байгаа учир үлдээх хэрэгтэй гэж байгаа гэнэ.
Мөн УИХ-ын дарга “Шонхор” фракцын тэргүүн З.Энхболд ч А.Гансүхийг үлдээх лоббид оролцож байгаа хэмээнэ. Харин А.Гансүхийг мөргөж Дэд бүтцийн сайд болохоор “Алтангадас”-ын гол санхүүжүүлэгчдийн нэг Г.Батхүү цамнаж байгаа аж.
Тэр хэрвээ сайд болохгүй бол С.Баярцогт, А.Бакей хоёртойгоо “Алтангадас”-аас гарлаа гэж буй юм гэсэн. Харин эрх ашгийн зөрчил ихтэй, тэгээд ч шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон Г.Батхүүг сайд болгох юм бол АН-д жинхэнэ бөмбөг дэлбэлсэн хэрэг болно гэдгийг Н.Алтанхуяг ч мэдэж байгаа учир асуудлыг эцэслэж хэнийг сайдад санал болгохоо шийдэж ядаж байгаа гэнэ.
Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг оруулж ирэхдээ Гадаад харилцааны яаманд Эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засгийн хамтын ажиллагааны газрыг нь салган нэгтгээд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулж сайдыг нь Шадар сайд болгоё гэсэн.
Гэвч дахин нэг шадар сайдтай байхыг зөвшөөрөөгүй. Харин яамны сайдыг нь солих асуудал тавигдаж буй.
Энэ суудалд огцрох асуудал нь эцэслэгдээгүй Н.Батбаяр сайд, эвслийн МҮАН-ын дарга М.Энхсайхан нар хуучин сайд Л.Болдтой нь чихэлдэж буй.
Гэхдээ сүүлийн үеийн мэдээллээр Н.Батбаяр УИХ-аас дэмжлэг авч чадахгүй гэдгээ мэдэж байгаа учир нэрээ татаад буй гэх.
Харин М.Энхсайхан энэ яамны сайд уу эсвэл намынхаа М.Сономпилийн удирдаж байгаа Эрчим хүчний яамыг Уул уурхайтай нэгтгэсэн Уул уурхай эрчим хүчний яамны сайд болох уу гэдэг одоогоор гүйцэд тодроогүй байна.
Гэхдээ Уул уурхай, эрчим хүчний яамыг “Шонхор”фракцийнхан зүгээр алдчихыг хүсэхгүй байгаа нь ч нууцгүй юм. Д.Ганхуяг энэ хооронд яамныхаа буюу өөрийнхөө хийсэн ажлыг хэвлэлээр сурталчилах шиг болж байна.
Л.Болдын хувьд хувийн компани хамтарч байгуулсан нөхөдтэйгээ хөрөнгө зоорио хувааж, тусдаа гарснаас гадна хэрүүл нь одоо хүртэл дуусаагүй байгаа нь түүнийг солиход хүргэж байгаа нэг нөхцөл бололтой.
Харин Сангийн яаманд Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэсэн.
Энэхүү шинэ Сангийн яамны сайдаар Ч.Улаан үлдэх үү эсвэл О.Чулуунбатыг болгох уу гэдэг асуудал одоохондоо бас л бүрхэг байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын Монголдоо морилсон нь М.Энхсайхан, О.Чулуунбат нарыг сайд болгох уу, Н.Удвал сайдыг солих уу гэсэн асуудлуудтай холбоотой гэнэ.
Ийн Засгийн газар шинэ бүтэцтэй болохын тулд фракцуудын амбицыг дарж, тохиролцоогоо эцэслэхийн тулд л цаг хожиж байгаа нь энэ юм.
О.Хуяг
gereg.mn
URL: