М.Зоригт: Хоёр гишүүн дагуулж чадвал сайд болно гэнэ үү? Хуцваа!

94b78d2f60863a97originalШинэчлэгдсэн шинэчлэлийн Засгийн газрынхан өчигдөр орой өөрийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг өргөн барьсан. Энэ үйлдэл ордонд олон гишүүний яриа болов. Учир нь зарим гишүүд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг Засгийн газрынх нь гишүүдийн нэрстэй хамт хэлэлцэнэ гэжээ. Харин нөгөө хэсэг нь эхлээд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэнэ. Дараа нь  сайд нарынхаа нэрсийг хэлэлцэх учиртай гэж цэцэрхжээ. Өөрөөр хэлбэл өмнө Засгийн газар огцоруулж, шинээ томилж байгаагүй юм шиг л араншин харагдах болов. Харин замын дунд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим сайд нараа өөрчилж байсан түүхгүй гэж сөрөг хүчнийхэн дүгнэсэн. Бараг л үнэн.

Үйл явдал ингэж өрнөхтэй зэрэгцээд АН-ын гишүүн бүр л бараг өөрсдийгөө сайд гэж бодож байна. Сайд болж чадахгүй бол өөрийнхөө хүнийг, ах дүүсээ ядаж дэд сайд, агентлагийн дарга, төрийн нарийн болгоно гэсэн цээжний тооцоо гаргачихаад суух болжээ.

Тийм учраас шинэ сайдын өрсөлдөөн хүчтэй өрнөж байна. Сайдын тоо цөөхөн бас хязгаартай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг буруутгах хандлагатай болсон гэнэ. Тэд “манай намын дарга буруу бүтэц оруулж ирсэн. Ингэж цомхотгох хэрэггүй л байсан. Биднээс асуугаагүй. Намынхантайгаа зөвшилцөөгүй” гэх мэт дэл сул үгийг дайх нь ихэсжээ. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг одоогоос бараг сарын өмнө Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэж ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхэд АН-ынхан “Манай дарга уран нүүдэл хийлээ. МАН-аас өрслөө. Ганц сайхан алхам хийлээ” гэх мэтээр амаа олохгүй магтаж байсан даа. Тэгж байсан хүмүүсийн байр суурь 180 градус биш бүр 360 гардус эргэсэн байна. Шалтгаан нь сайдын суудал хүрэлцэхгүйд оршино.

Хамгийн гол нь сайдын суудлын төлөө бүлэглэлүүдийн зөрчилдөөн эрчимжих боллоо. Зарим бүлэглэл нь сайдын суудалгүй үлдчих гээд хэцүү байгаа бололтой. Төрийн ордонд АН-ынхан бараг хоноглож байна. Хамгийн сүүлд АН-ын гишүүд явж, хамгийн эрт ирэх болов. АН-ынхан “надад одоо тэдэн гишүүн хэрэгтэй болов. Тэгвэл би сайд боллоо. Тэдэн кноп хэрэгтэй” гэсэн цээжний тооцоо хийж утас цохиж бусдаасаа тусламж хайх нь ч ихэслээ. Ялангуяа сөрөг хүчний багцлагдсан 26 гишүүнийг царайчлах нь нэмэгдэв. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Зоригт “Хоёр гишүүн дагуулж чадвал сайд болно гэнэ үү? Хуцваа ёстой” гэж байр сууриа илэрхийлж байна. Зарим зарчимч гишүүд нь асуудалд ингэж хандаж байгаа бололтой. Харин нөгөө хэсэг нь зарчимаар биш эрх ашгаараа, мөнгөөрөө, сонирхолоороо, кнопоороо, хүний олноороо сайд болохын төлөө өдөр шөнөгүй өрсөлдөж байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих