Оройтоогүй дээрээ “цагаан тахал” нэртэй хар балгийг бүрэн устгая

-17062014-1402973616-285795643-har_tamhiДэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байна.

Манай улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар буюу 2007-2011 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож олон хүн ял шийтгүүлсэн тоо баримт байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг хаалгаар орж ирээд хойморт тухалчихаад байна.

Өмнөх жилүүдэд зөвхөн хамтлаг дуучид, баян айлын эрх танхи хүүхдүүд хэрэглэдэг гэсэн ойлголт нийгэмд байсан бол эдүгээ мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг зэрэг зиндаа ялгахаа болиод уджээ.

Нөгөөтөйгүүр хууль сул байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг цар хүрээгээ улам тэлж байна гэсэн үг.

Юутай ч Монголд мансууруулах бодис хэрэглэгчдийн нас залуужих хандлагатай байгааг шил шилээ дарсан олон хэргүүд харуулж байна. Он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 34 хэрэгт 99 хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар албаны хүн хэлж байна. Түүгээр ч барахгүй насны хувьд 21-35 насны залуучууд ийм төрлийн гэмт хэрэгт холбогдох нь их байгааг хэлж байсан юм. Энэ бол ид хийж бүтээх насандаа яваа идэр залуусыг “цагаан тахал”-ын сүүдэр дайрч, “аавын хаалга” татахад хүргэж байгаа эмгэнэл.

Ерөнхийдөө цагдаагийн байгууллагаас “цагаан тахал”-тай тэмцэх ажлыг эрчимжүүлээд л байгаа гэнэ билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах төрлийн ургамлын тархац болон судалгааг цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн гэнэ. Үүнийхээ хүрээнд тухайн газруудад байнга хяналт тавьж ажиллаж байгаа учраас дээрх хэргүүдийг илрүүлэхэд дөхөм байгаа аж.

Өнгөрсөн жил хар тамхины ургамлыг устгах ажил нэлээд хийгдсэн боловч энэ ургамлыг гурван жил дараалан устгаж байж бүрэн устдаг болохоор ихээхэн цаг хугацаа, хөрөнгө шаардагддаг учраас цагдаагийн байгууллагаас Засгийн газар болон Хууль зүйн яаманд санал хүргүүлээд байгаа юм байна. Түүгээр ч барахгүй хилээр хууль бусаар оруулж ирэх хар тамхины төрлийн бодисыг илрүүлэх чиглэлээр хэд, хэдэн ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх чиглэлээр хоёр ч нохойг сургажээ. Мөн хойд болон урд хөрштэйгээ хамтран тэмцлийн ажил зохион байгуулж байгаа нь үр дүнд хүрэх биз ээ.

Ямартай ч сүүлийн нэг сарын хугацаанд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хар тамхитай холбоотой хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлээд, саатуулаад байгаа нь сайшаалтай. Гэхдээ хэрэглээд баригдсаныг нь бус хэрэгцээг нь хангаад байгаа цаад эздийг нь олох нь туйлын чухал билээ.

Хар тамхи, мансууруулах бодис гэгч “цагаан тахал”-тай холбогдсон этгээдүүдийг манай улс Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан зүйл ангиар ялладаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Тэднийг доод тал нь 10 жилийн хорих ял хүлээж байгаа, цаашилбал үхлийн үүд нээгдэнэ гэдгийг ч сануулчихъя.

Америк тивийн хар толбо хэмээн Мексикийг нэрлэсэн байдаг шиг Ази тивийн хар толбо болчихоогүй дээрээ “цагаан тахал”-ыг бүрэн устгая.

Э.Туул

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих