Авилгалчдын халаасанд орсон 30 тэрбум төгрөг
Ард түмний амьдрал тун хүнд байгаа. Гэвч албан тушаалтнуудын амьдрал л цэцэглэн хөгжиж, авлига, хээл хахууль хүртэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг АТГ анхааруулж байна. АТГ-аас өгсөн мэдээллээр албан тушаалаа урвуулан, хэтрүүлэн ашигласан хэргийн улмаас төр засаг, ард түмэнд 2012 онд 85 тэрбум, 2013 онд 38 тэрбум, энэ оны эхний найман сарын байдлаар 30,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг тооцоо гараад байна. Авилгал хүрээгээ тэлж, хот хөдөө гэж ялгагдахаа больжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст он гарснаас хойшхи зургаан сарын хугацаанд 215 гомдол мэдээлэл ирж шалгагдаж байгаа аж.
Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт. Тус хэлтэс 2012 онд 349, 2013 онд 427 гомдол мэдээлэл ард иргэдээс хүлээн авч шалгажээ. Иргэдийн гомдол мэдээлэл ихэвчлэн бичгэн хэлбэрээр ирдэг бол үлдсэн хэсэг нь утсаар эсвэл өөрийн биеэр ирж өгдөг байна. Сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэд гомдол гаргах нь нэмэгджээ. Тухайлбал, 2013 онд ирсэн гомдол саналыг 60 хувийг хөдөө орон нутгаас ирүүлж байсан бол он гарснаас хойш ирсэн гомдлын 53 хувь нь орон нутгаас ирсэн тухай тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр мэдээлсэн. Энэ гомдлуудаар дамжуулан хөдөө орон нутгийн иргэд Нутгийн өөрөө удирдах байгууллага, сум, багийн Засаг даргаа шалгуулах хүсэлт гаргажээ.
Б.Мөсөн
agshin.mn
URL: