Өгөх үү? Эсвэл үлдээх үү?
Эх орон гэж чухам юу болохыг залуу хүн та мэдэж байна уу? Би та бүхэнд өөрийнхөө бодлыг хэлье. Цэлмэг хөх тэнгэр, цэнхэрлэн харагдах уулс, цэлгэр уудам болоод цэцэгт уудам тал, алтан элст говь, цэнгэг уст гол мөрөн, араараа модтой Арын сайхан Хангай, дэлхийд ганцхан нүүдэлчин амьдрал, орчин цагийн орд харш… Миний эх орон, Монголын сайхан оронд дутуу юм гэж юу байна вэ? Эх орноо ээж шигээ хайрлах хэрэгтэй. Үүнийг хүн болгон л мэднэ.
Хүн замбуулин хорвоод хүмүүн болж төрсөн л бол алтан нутаг ус, төрөлх эх орноо үнэнхүү зүрх сэтгэлээс хайрлах ч хэрэгтэй, харамлах ч хэрэгтэй бус уу? Хайр хамгийн бага зүйлээс л эхэлдэг . Наад захын жишээ бол ууж байгаа усаа хайрлахаас л хайр эхэлнэ . Ус бол чандмань эрдэнэ гээд дуулж хуурдаад байдаг бид одоо тэр эрдэнээ яаж хэрэглэж байна даа. Монгол оронд усны хомсдол бий болохгүй гэх баталгаа алга. Бидний үеэс эх авсан усаараа наадах аян хойч үеийг минь ундны усаар гачигдуулахгүй гэх баталгаа байхгүй л болов уу.
Миний эх орон баян орон шүү!! Өвөг дээдэс маань бидэнд ямар их баялагтай өргөн уудам газар нутаг бэлэглэсэн билээ. Харин бид энэ газар нутагтаа эзэн нь байж чадахгүй байгаад л хөгжих үү, эс хөгжих үү гэсэн учир битүүлэг болчихоод байгаа эрин үед бид оршиж байна.
Би зуны сайхан өдөр гэрийнхээ гадаа сууж байлаа. Миний хажууханд нэг эгч хүүхдээ салхилуулж яваа харагдана. Тэгсэн хүүхэд нь газарт бултас хийгээд ойчих нь тэр, тэр эгч хүүхдээ ойчихыг нь анзаарах сөхөө байхгүй инээд болж утсаар ярьж байна.
Тэгээд би, тэр эгчид таны хүүхэд уначихлаа гэхэд, хүүхдээ загнаж гарлаа. Аятайхан явж чадахгүй нь уу? Бусад хүүхдүүдийг хараач гээд загнаж байнаа, бас хүний авч өгсөн хувцсыг муухай болгочих юм гээд бөгс рүү нь хэд сайн алгадаад авлаа. Тэгтэл удаа ч үгүй хүүхдээ тэврэн авах зуурт нь түүний халааснаас мөнгө газар уначихлаа. Үүнийг харсан нэг охин хэлж байна “эгчээ мөнгө чинь уначихлаа” гэж чанга хэллээ. Өнөөх эгч “өө ёстой их баярлалаа гээд нүүрэнд нь инээмсэглэл тодорч баяртай нь аргагүй мөнгөө халаас руугаа хийлээ.
Үр хүүхэд нь уначихаад байхад тоохгүй байж мөнгөө хаячихаагүйдээ баярлаж нүүрэндээ баясалтай нүдэндээ цогтой байх юмдаа. Тэр нь 500 төгрөг шүү. Түүнд мөнгө хүүхдээс нь дээгүүр байдаг эрхэм зүйл аж. Эх, ээж хүн ийм ч байх гэж дээ гэсэн сэтгэгдэл надад үнэхээр том харуусал төрүүлснийг нуугаад юу гэхэв. Нөгөө эх хүний ямагт эрхэмлэдэг хүнлэг энэрэнгүй сэтгэл нь хаачив, оюуны хоосрол биднийг нөмөрч харанхуйлаад байгаагийн хамгийн наад захын бодит жишээ энэ гэж бодож байна.
Монголчууд бие биенээ хайрлаж, хүндэлж амьдардаг уламжлалаа гээж ганцхан мөнгө төгрөгийг хайрладаг болжээ. Ээ бурхан тэнгэр минь хүн хүнээ барьж идэхээс холгүй болжээ. Өмсөж байгаа гутландаа цай хоол иддэг залуус Эх орон гэж ярих хэрэггүй л болов уу? Гэхдээ яагаад ингэх болсон гэвэл мөнгөний төлөө Монголын ёсыг уландаа гишгэж тэр ч байтугай өөрийн нэр төрөө бодолгүй бүхнийг мөнгө төгрөгөөр солих юм даа энэ залуус. Бас болоогүй ээ зурагтын нэвтрүүлэг бидний үзэх дуртай нэвтрүүлэг гээд байгаа шүү.
Ийм өчүүхэн сэтгэлгээтэй байж бид нар Монголын ирээдүй гэж яаж хэлж чадаж байна аа?? Бид Чингис хааны удам угсааг залгах хүмүүс гээд байгаа шүү өөрсдийгөө. Чингис хаан маань та бид нар шиг өмсөж байсан гутландаа цай хоол идэж байгаагүй л байх сан. Гэтэл одоо арайч дээ л гэж хэлмээр өөрсдийгөө хөгжөөх гэсэн нэг арга юм болов уу? Би хэлж мэдэхгүй нь. Надад олон зүй бус үзэгдэл таалагдахгүй байгаа ч бусад нь ч яамай, хүний мөсөө гээнэ гэдэг үнэхээр том аюул….
Монголын гурван сая шахам хүн амтай иргэд бид уудам цэлгэр газар нутгаа харийнханд өгөөд, зараад дууслаа. Бид нар дэндүү өглөгч юм уу эсвэл цөөн хэдхэн эрх мэдэлтний аясаар улс орноо, үндэсний эрх ашгаа худалдаад дуусаж байна уу? Гэхдээ бид ямар ч байсан ийм замаар хөгжихгүй, дэвжихгүй нь тодорхой.
Алтыг нь аваад авдрыг нь хоосолно гэгчээр өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн энэ сайхан цэлгэр уудам тал нутаг, өв хөрөнгө эд баялгийг маань хэн ингэж цөлмөж үгүй хийж байна аа. ЮНЕСКО-ийн мэдээлж байгаагаар бид чинь монгол дээлээ бараг л харийнханд алдчихаад байна. Залуус минь та нар ойлгож байна уу? Мань ерөнхийлөгч одоо л ойлголоо гэсэн шиг 365 хоногоос зөвхөн хоёр гуравхан өдрийг “үндэснийхээ хувцсыг дэлхий дахинд сурталчлах” өдөр болгосон сурагтай энэ төслөрхүү юм нь хэрэгжсэн сурагтай.
Намайг 11 дүгээр ангиа төгсдөг жил энэ өдөр тохиосон юм. Манай ангийн багш, та нар маргааш бүгдээрээ дээл өмсөж ирцгээнэ шүү. Юндэн, Нансалмааг шалгаруулна гэсэн. Би гэртээ хариад шүүгээгээ ухаад дээлээ гаргалаа. Би Нансалмаа нь болохыг хүсээгүй зүгээр л бусдад үлгэр дууриалал үзүүлмээр санагдаад л тэр. Маргааш нь боллоо. Би дээлтэйгээ хичээлдээ очтол ирсэн хүүхдүүдээс дээлтэй хүүхэд байхгүй байх юм.
Бүгд цуглараагүй болохоор тэр байлгүй дээ гээд хүлээж л суулаа, найман цаг болж сургуулийн хонх дуугарч манай ангийн хүүхдүүд аль хэдийн ирчихсэн байв. Манай ангид нэг ч хүүхэд дээл өмссөнгүй. Харин тэдний нүд миний дээлэн дээр бүгд туссан байв. Зарим нь гоё харагдаж байна гэнэ. Нөгөө хэсэг нь юун ч үндсэрхэг юм, ямар ч идэвхитэй юм гэцгээж байлаа. Харин надад тэдний хэлсэн нь чухал биш өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэ сайхан монгол дээлээ алдахгүй гэсэндээ л өөриймсөг сэтгэлээр хандсан юм шүү дээ.
Багш ангийн хаалгаар орж ирмэгцээ “Өө, та нар чинь дээл өмсөөгүй юм уу” гэж ихэд уурлан та нар арай ч дээ дээлгүй Монгол хүн гэж байдаг юм уу? Айл болгоны авдранд дээл байдаг баймаар. Түүнийг хадгалах гэж авсан юм уу, өмсөх гэж авсан юм уу? гэдэг байгаа. Хятад хүмүүсийн өв соёл, уламжлал, ухаан, ур чадвар гээд бүх юм нь дэлхийд нэгт орох гээд байдаг. Монгол дээлийг тэд, үндэснийхээ хувцас хэмээн булаалдаад байхад бид юу ч хийж чадахгүй суугаад байгааг юу гэхэв.
Ийм юм байж таарах уу… Шатрын нүүдлээр бол алсын хараатай хятадууд бэрс, тэмээгээр нүүгээд байна. Бид мэдэхгүй хэдэн хүүгээр нүүгээд мад тавиулахдаа хүрээд байна бус уу. Чадаж байгаа юманд арга ч үгүй биз дээ. Бас болоогүй ээ, монгол дээлээ дараа нь хоёр чавхдастай морин хуураа, хөөмийгөө дан ганц Монгол үндэстнийх гэж өмчлөх эсэх нь тодорхойгүй л байгаа.
Аргагүй л дотор газрын хүний бодол гэж ам булаалдан шүүмжлэхээс өөрийг бид эс чадна. “Хаа лаа эний дэлий манийхаа та хэд юу ярина вэ? Худал яриха муу шүү хаа лаа” гэж хэлээд л тэднийх болж бид дээлийн эзэн гэдгээ үлгэр болгож орхих вий. Ёстой л жинхэнэ хотонд ирээд хонь минийх хотноос гараад хот минийх гэдэг л болж байх шиг. За ингээд харийханд илүү том зүйлээ алдахгүй байя гэсэн ерөөл дэвшүүлж өөриймсөг хандацгаая монголчуудаа. Ганц үгээр хэлэхэд ХАРАМЧ амьдарцгаая л даа хэдүүлээ. Газар нутаг, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уламжлалт ёс заншил, нүүдэлчийн ахуй соёлоо хэнд ч өгөхгүй харамлаж амьдарцгаая.
“Миний Монголын шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” гэж Хүннү гүрний их хаан Модун шаньюй хэлсэн байдаг. Харин энэ үгийг хүмүүс байнга л хэлж байдаг боловч УИХ-ын гишүүд ч хэлдэг үг шүү дээ. Гэтэл энэ сайхан газар нутгаа юугаар сольж байна гээч америк дойлуур, хятад юань, япон иен, солонгос воноор арилжаад байх гэж үү… Мөнгө гэж агуу шидтэй ч өөрт хэрэгтэй зүйлдээ л зарцуулах хэрэгтэй дээ. Хэн нэгэн баячуудад нь “май “гээд өгдөг зүйл биш л юмсан.
Гэрээнд гарын үсгээ зурлаа л бол газар нутаг харийнханд очих боллоо. Чиний миний, бид бүгдийн эдлэх хувь ашгийг эхэс дээдсүүд хангалттай хүртэж байна. Үнэхээр том толгойтой юм даа. Энэ дээдсүүд чинь хүн амаа харийнхнаар арвижуулж, өсөж төрсөн нутаг орноо өм цөм тасдах төсөлд мөнгө төгрөгөө зарцуулж байна уу? Ард иргэд бид мэдэхгүй нь Төрийн дээд эрхэм ноёд болон ард түмнийг минь Монголын минь буян заяа түшиж байг.
Т.Энхмандал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: