Г.Баярсайхан Ерөнхий сайдыг байцаана
Н.Алтанхуягийн Засгийн газар цомхотголд орж, дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед түүнтэй холбоотой хэл ам тасрахгүй нь бололтой. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Ерөнхий сайдтай холбоотой хэл ам таталсан хоёр ч асуудал яригджээ. Тодруулбал, улаан буудай ОХУ-аас их хэмжээгээр импортлох эрхийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хувийн хэвшлийн нэг компанид өгчихсөн ажээ. Буудай хураах энэ үед гаднаас импортоор авахаар болсон нь Байнгын хорооны даргын уурыг хүргэсэн гэнэ.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Туул голын бохирдлын асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлэл сонссон байна. Туул голын бохирдолд мөн л Н.Алтанхуяг Ерөнхий сайдын оролцоо бий гэнэ. Иймээс Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Ер нь дээрх хоёр асуудлаар Ерөнхий сайдыг Байнгын хорооны хуралд оролцуулж, тайлбар сонсох хэрэгтэй юм байна” гэжээ. Г.Баярсайхан Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг байнгын хорооны хурлаараа байцаах бололтой.
agshin.mn
URL: